Долоо хоногийн тойм (2026.09.07-2026.09.11)

Гол өнцөг:
- Монголбанк 8 дугаар сард 3.1 тонн үнэт металл худалдан авлаа
- Үнэт цаас борлуулсны орлогод ногдох татварын хөнгөлөлтийг 2040 он хүртэл сунгалаа
- Инфляц 8 дугаар сард 12.5 хувьд хүрлээ

Монголбанк 8 дугаар сард 3.1 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2026 оны наймдугаар сард нийт 3,058.0 кг буюу 3.1 тонн үнэт металл худалдан авлаа. Ингэснээр 2026 оны эхнээс хойш тусгай зөвшөөрөлтэй 93 аж ахуйн нэгж болон үнэт металлын арилжаа эрхлэгч 39 иргэнээс нийт 11.9 тонн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 54.4%-иар өссөн үзүүлэлт бөгөөд эхний найман сарын байдлаар сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ.
Үнэт цаас борлуулсны орлогод ногдох татварын хөнгөлөлтийг 2040 он хүртэл сунгалаа
2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан бонд, хувьцаа болон бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийн хугацааг 2029 он байсныг 2040 он хүртэл сунгасан байна.
Тодруулбал:
- 2024-2034 он: албан татварыг 90% хөнгөлнө
- 2035-2040 он: албан татварыг 50% хөнгөлнө
Ингэснээр дотоодын хөрөнгийн зах зээлд урт хугацаанд хөрөнгө оруулах таатай татварын орчин бүрдэж, хөрөнгө оруулагчдын хувьд үнэт цаасны хөрөнгө оруулалтын өгөөжид эерэг нөлөө үзүүлэх боломжтой болж байна.
Инфляц 8 дугаар сард 12.5 хувьд хүрлээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 8 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 8.8 хувьтай харьцуулахад 3.7 нэгж хувиар түргэссэн үзүүлэлт бөгөөд инфляцын хурдац сүүлийн жилүүдэд ажиглагдаагүй түвшинд гарлаа.
Хүнсний үнэ тэргүүлж байна. Бүлгээр авч үзвэл хүнсний бүтээгдэхүүний үнэ жилийн хугацаанд хамгийн хурдтай буюу 21.5 хувиар өссөн бол хүнсний бус бараа 9.1 хувиар, бараа ерөнхийдээ 13.0 хувиар, үйлчилгээ 10.9 хувиар тус тус нэмэгджээ. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн дотор 48.4 хувиар өсч, үүнд үхрийн мах 51.6 хувь, хонь ямааны мах 58.2 хувиар тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Талх, гурил, будааны бүлэгт ч 9.9 хувийн өсөлт ажиглагдаж, үүний дотор гоймонгийн үнэ 34.2 хувиар өссөн нь анхаарал татаж байна. Боловсролын үйлчилгээ (17.4%), даатгал, санхүүгийн үйлчилгээ (17.1%), зочид буудал, нийтийн хоол (16.4%) зэрэг үйлчилгээний бүлгүүд ч мөн адил өндөр өсөлт үзүүлжээ.
Инфляцад хамгийн их хувь нэмэр оруулсан бүлгүүдийг харвал нийт 12.5 хувийн 5.8 нэгж хувь буюу 46.9 хувийг хүнсний бараа, ундаа, усны бүлэг дангаараа эзэлж байна. Үүний араас тээврийн бүлэг 1.7 нэгж хувь (13.3%), боловсролын үйлчилгээний бүлэг 1.2 нэгж хувь (9.2%), хувцас, бөс бараа, гутлын бүлэг 0.9 нэгж хувь (7.6%) орж байна.
Импортын болон дотоодын барааны нөлөө. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.0 нэгж хувиар (16.0%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (35.0%) тус тус нөлөөлсөн байна. Импортын барааг тусад нь авч үзвэл 12.5 хувийн нийт инфляцын 3.6 нэгж хувь буюу 29.2 хувь нь импортын барааны үнийн өсөлттэй холбоотой байгаа нь дотоодын үйлдвэрлэл, ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт өнөөгийн инфляцын гол хөдөлгүүр болж байгааг харуулж байна.
Бүсчилсэн байдал. Бүс нутгаар харьцуулахад Баруун бүсэд инфляц 14.3 хувь, Төвийн бүсэд 14.2 хувь, Хангайн бүсэд 13.8 хувь болж хамгийн өндөр гарсан бол Улаанбаатарт 11.6 хувь, Зүүн бүсэд 11.7 хувь байна. Баруун бүсэд хүнсний бүлгийн үнэ 26.4 хувиар, барааны бүлгийн үнэ 15.4 хувиар өссөн нь бусад бүсээс хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа бол Хангайн бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 11.0 хувиар нэмэгдсэн нь тэргүүлж байна.
Аймгуудын түвшинд инфляц 9.4–17.5 хувийн хооронд хэлбэлзэж байна. Сүхбаатар аймагт 9.4 хувиар өссөн нь хамгийн бага, харин Увс, Сэлэнгэ аймагт хоёуланд нь 17.5 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Улаанбаатар хотод. Нийслэлд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8 дугаар сард өмнөх сараас 0.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар тус тус өссөн байна. Энэ нь өнгөрсөн оны 9.8 хувьтай харьцуулахад 1.8 нэгж хувиар түргэссэн үзүүлэлт юм. Хотын хэрэглээний сагсанд буй 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний 148 буюу 35.4 хувийн үнэ өссөн бол 22 буюу 5.3 хувийн үнэ буурч, үлдсэн 248 буюу 59.3 хувь нь өөрчлөгдөөгүй байна.
Тодорхой барааны жишээгээр авч үзвэл Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул махны 1 кг-ын дундаж үнэ 8 дугаар сард 36,521 төгрөг болж, өмнөх сараас 4.6 хувиар (1,772 төгрөгөөр) буурсан хэдий ч өмнөх оны мөн үеэс 50.7 хувь, 2024 оны мөн үеэс 78.8 хувиар өндөр байна. 1-р зэргийн савласан гурилын 1 кг-ын дундаж үнэ 2,522 төгрөг болж, өмнөх сараас цөөн хэдэн төгрөгөөр (0.1%) өссөн бол жилийн дотор 4.2 хувиар нэмэгджээ. АИ-92 маркийн бензины 1 литрийн дундаж үнэ 2,958 төгрөг болж, өмнөх сараас 4.2 хувиар (118 төгрөгөөр), өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар тус тус өссөн байна.

ГОЛ ӨНЦӨГ:
- Хөрөнгө оруулагчид АНУ-н ЗГ-н бондоос татгалзаж, хувьцаа руу хошуурч эхэллээ.
- Европ өөрсдийн SpaceX-г бойжуулж байна.
- Ормузын хоолойн сөргөлдөөн даамжирч, газрын тосны үнэ $98 дөхлөө.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох статистик :Баасан гарагт NFP зарлагдлаа.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох үйл явдал: Дэлхийн санхүүгийн хямралаас хойш анх удаа гадаадын хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газрын бондоос (Treasury) илүү тус улсын компанийн хувьцаа руу хөрөнгөө түлхүү байршуулж эхэлснийг CNBC-с мэдээллэв. АНУ-н өр болон төсвийн алдагдал түүхэн өндөр түвшинд хүрсэн нь ЗГ-н бондод итгэх итгэлийг бууруулж байгаа бол хувийн хэвшлийн ашиг олох чадвар болон хиймэл оюуны (AI) салбарын өсөлт хувьцааны зах зээл рүү чиглэх хөрөнгийн урсгалыг дэмжиж байна хэмээн тайлбарлав...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Онцлох компани: Германы Мюнхен хотод төвтэй "Isar Aerospace" стартап компани өөрсдийн бүтээсэн "Spectrum" пуужингаа дэлхийн нам тойрог замд (low orbit) амжилттай гаргаж, Европоос сансарт пуужин хөөргөсөн анхны хувийн компани боллоо. Энэхүү түүхэн амжилт нь АНУ-ын "SpaceX" зэрэг гигант компаниудын давамгайлж буй геополитик, арилжааны орон зайд Европ тив бие даан гарах томоохон алхам болж байна...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Онцлох түүхий эд: Ормузын хоолой болон түүний орчимд АНУ болон Ираны талууд нэг нэгнийхээ цэргийн объектууд болон ачаа тээврийн хөлөг онгоцууд руу цохилт өгсний дараа дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлт тасалдах аюул дахин дээд цэгтээ хүрэв. Үүний нөлөөгөөр олон улсын тосны жишиг үнэлгээнүүд сүүлийн долоо хоногууд дахь хамгийн өндөр түвшиндээ хүрч өслөө...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу


ГОЛ ӨНЦӨГ:
- Экспорт 25%-иар өссөн ч дотоодын эрэлт сул хэвээр байна
- Төрийн өмчит гурван банк, таван даатгалын компанид нийт 360 тэрбум юанийн хөрөнгө нийлүүлнэ.
- Үүний 300 тэрбум юанийг Засгийн газрын тусгай зориулалтын бондоор санхүүжүүлнэ.
- Хиймэл оюуны тооцоолох хүчин чадлыг 2030 он гэхэд 9,800 eflops-д хүргэнэ.
- 2026–2030 онд мэдээллийн дэд бүтцэд нийт 3.8 их наяд юанийн хөрөнгө оруулна.
- VIII сард борлуулсан автомашины 65.2%-ийг цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашин бүрдүүлэв.
- Бензин хөдөлгүүртэй автомашины борлуулалт 40%-иар буурсан бол цахилгаан автомашиных 10.1%-иар буурчээ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох статистик: БНХАУ-ын гадаад худалдааны өсөлт VIII сард эрчимжсэн ч импорт шинжээчдийн таамагт хүрээгүй нь дотоодын эрэлт сул хэвээр байгааг харууллаа.
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр экспорт ам.долларын дүнгээр өмнөх оны мөн үеэс 25%-иар өсжээ. Энэ нь шинжээчдийн таамагтай нийцсэн бөгөөд VII сарын 23.9%-ийн өсөлтөөс эрчимжсэн үзүүлэлт юм.
Импортын өсөлт VII сарын 27.5%-иас 28.2% болж нэмэгдсэн ч 30%-ийн хүлээлтэд хүрсэнгүй. Үүний үр дүнд худалдааны ашиг 119.09 тэрбум ам.доллар болж, өмнөх сарын 112.5 тэрбум ам.доллароос өссөн байна...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох мэдэгдэл #1: БНХАУ эдийн засгаа дэмжихээр банк, даатгалын салбарт 54 тэрбум ам.доллар нийлүүлнэ
БНХАУ эдийн засгийн өсөлтийн сааралт, зээлийн эрэлт сул болон санхүүгийн байгууллагуудын ашигт ажиллагааны дарамтыг бууруулах зорилгоор төрийн өмчит банк, даатгалын компаниудад нийт 360 тэрбум юань буюу 54 тэрбум ам.долларын хөрөнгө нийлүүлэхээр боллоо.
Сангийн яамны тэргүүлж буй уг арга хэмжээний хүрээнд Засгийн газрын тусгай зориулалтын бондоос 300 тэрбум юань, төрийн өмчит бусад байгууллагаас 60 тэрбум юанийн санхүүжилт гаргахаар төлөвлөжээ. Энэ нь БНХАУ-ын санхүүгийн байгууллагуудад сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн том хөрөнгийн дэмжлэгүүдийн нэг болж байна.
“Industrial and Commercial Bank of China” буюу “ICBC” шинээр хувьцаа гаргах замаар 100 тэрбум хүртэлх юань татан төвлөрүүлнэ. Харин “Agricultural Bank of China” 160 тэрбум хүртэлх юанийн хөрөнгө босгохоор төлөвлөжээ.
Бодлогын банк болох “Export-Import Bank of China” мөн 30 тэрбум юанийн хөрөнгө хүлээн авна. Ингэснээр гурван банкны өөрийн хөрөнгө нийт 290 тэрбум хүртэлх юаниар нэмэгдэх боломжтой.
БНХАУ-д зээлийн хүү буурч, банкуудын цэвэр хүүгийн ашгийн түвшин хумигдсан нь дотоод ашгаас хөрөнгөө нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж байна. Шинээр нийлүүлэх хөрөнгө нь банкуудын эрсдэл даах болон зээл олгох чадавхыг хадгалж, бизнесүүд болон бодит эдийн засагт санхүүжилт үргэлжлүүлэн нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Онцлох мэдэгдэл #2: БНХАУ 2030 он гэхэд хиймэл оюуны тооцоолох хүчин чадлаа дөрөв дахин нэмэгдүүлнэ
БНХАУ хиймэл оюуны салбарын өсөлтийг дэмжих зорилгоор 2030 он хүртэл тооцоолох хүчин чадлаа дөрөв дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас танилцуулсан таван жилийн төлөвлөгөөнд хиймэл оюуны тооцоолох хүчин чадлыг 9,800 eflops-д хүргэж, 2026–2030 онд мэдээллийн дэд бүтцэд нийт 3.8 их наяд юань буюу 532 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тусгасан байна.
Eflops нь компьютер нэг секундэд гүйцэтгэх тооцооллын хэмжээг илэрхийлдэг нэгж юм. Энэ үзүүлэлт нэмэгдэх тусам том хиймэл оюуны загваруудыг илүү хурдан сургах, олон хэрэглэгчийн хүсэлтийг зэрэг боловсруулах боломж сайжирна.
2026 оны VI сарын эцсийн байдлаар БНХАУ-ын хиймэл оюуны тооцоолох хүчин чадал өмнөх оны мөн үеэс 177%-иар өсөж, 2,185 eflops-д хүрсэн байна. VII сарын эцэст уг үзүүлэлт 2,450 eflops орчим болсон ч 2030 оны зорилтод хүрэхийн тулд одоогийн түвшнээс дөрөв дахин нэмэгдэх шаардлагатай…Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Онцлох мэдээ #1: БНХАУ-д борлуулагдсан автомашины 65%-г цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашин бүрдүүлжээ
БНХАУ-ын автомашины зах зээл саарч байгаа ч цахилгаан автомашины нийт борлуулалтад эзлэх хувь түүхэн дээд түвшинд хүрлээ. “China Passenger Car Association”-ийн мэдээлснээр, VIII сард эх газрын Хятадад борлуулсан 1.54 сая автомашины 65.2%-ийг цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашин бүрдүүлжээ.
Энэ нь VII сард тогтоосон 65.1%-ийн өмнөх дээд үзүүлэлтийг ахиулсан байна.
Гэхдээ зах зээлийн эзлэх хувь өссөн нь цахилгаан автомашины борлуулалт нэмэгдсэн гэсэн үг биш юм. VIII сард цахилгаан автомашины нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 10.1%-иар буурсан ч бензин хөдөлгүүртэй автомашины борлуулалт 40%-иар огцом агшжээ. Ийнхүү уламжлалт автомашины борлуулалт илүү хурдтай буурсан нь цахилгаан автомашины зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлсэн байна…Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Түлхүүр үг:
Долоо хоногийн тойм
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


