БНХАУ эдийн засгаа дэмжихээр банк, даатгалын салбарт 54 тэрбум ам.доллар нийлүүлнэ

ГОЛ ӨНЦӨГ
- Төрийн өмчит гурван банк, таван даатгалын компанид нийт 360 тэрбум юанийн хөрөнгө нийлүүлнэ.
- Үүний 300 тэрбум юанийг Засгийн газрын тусгай зориулалтын бондоор санхүүжүүлнэ.
- Энэхүү арга хэмжээ нь банкнуудын зээл олгох чадавхыг хадгалж, хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

БНХАУ эдийн засгийн өсөлтийн сааралт, зээлийн эрэлт сул болон санхүүгийн байгууллагуудын ашигт ажиллагааны дарамтыг бууруулах зорилгоор төрийн өмчит банк, даатгалын компаниудад нийт 360 тэрбум юань буюу 54 тэрбум ам.долларын хөрөнгө нийлүүлэхээр боллоо.
Сангийн яамны тэргүүлж буй уг арга хэмжээний хүрээнд Засгийн газрын тусгай зориулалтын бондоос 300 тэрбум юань, төрийн өмчит бусад байгууллагаас 60 тэрбум юанийн санхүүжилт гаргахаар төлөвлөжээ. Энэ нь БНХАУ-ын санхүүгийн байгууллагуудад сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн том хөрөнгийн дэмжлэгүүдийн нэг болж байна.
Төрийн банкуудын хөрөнгийг бэхжүүлнэ
“Industrial and Commercial Bank of China” буюу “ICBC” шинээр хувьцаа гаргах замаар 100 тэрбум хүртэлх юань татан төвлөрүүлнэ. Харин “Agricultural Bank of China” 160 тэрбум хүртэлх юанийн хөрөнгө босгохоор төлөвлөжээ.
Бодлогын банк болох “Export-Import Bank of China” мөн 30 тэрбум юанийн хөрөнгө хүлээн авна. Ингэснээр гурван банкны өөрийн хөрөнгө нийт 290 тэрбум хүртэлх юаниар нэмэгдэх боломжтой.
БНХАУ-д зээлийн хүү буурч, банкуудын цэвэр хүүгийн ашгийн түвшин хумигдсан нь дотоод ашгаас хөрөнгөө нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж байна. Шинээр нийлүүлэх хөрөнгө нь банкуудын эрсдэл даах болон зээл олгох чадавхыг хадгалж, бизнесүүд болон бодит эдийн засагт санхүүжилт үргэлжлүүлэн нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Даатгалын компаниудын хөрөнгө оруулах боломж нэмэгдэнэ
Хөрөнгийн дэмжлэгт таван төрийн өмчит даатгалын компани хамрагдана. Тухайлбал, “China Life Insurance” 35 тэрбум юань, “China Taiping Insurance” долоон тэрбум юанийн хөрөнгө хүлээн авах бол “People’s Insurance Company of China” 15 тэрбум хүртэлх юанийг шинээр хувьцаа гаргах замаар татан төвлөрүүлэхээр болжээ.
Бага хүүгийн орчин даатгалын компаниудын хөрөнгө оруулалтын өгөөжийг бууруулж, төлбөрийн чадварын үзүүлэлтэд дарамт учруулж байна. Нэмэлт хөрөнгө нь тэдний эрсдэл даах чадварыг бэхжүүлэхийн зэрэгцээ хувьцаа болон бусад урт хугацааны хөрөнгөд илүү их хөрөнгө оруулах боломж бүрдүүлнэ.
Шинжээчдийн тооцоолсноор уг арга хэмжээний үр дүнд даатгалын компаниуд хөрөнгийн зах зээлд 100 тэрбум орчим юанийн нэмэлт хөрөнгө оруулах боломжтой. Иймээс энэ нь БНХАУ-ын хувьцааны зах зээлд урт хугацааны хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх шууд бус дэмжлэг болж байна.
Бодит эдийн засагт үзүүлэх нөлөө
Энэхүү 54 тэрбум ам.доллар нь өрх, аж ахуйн нэгжүүдэд шууд олгох эдийн засгийн урамшуулал биш юм. Харин санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, зээл олгох болон хөрөнгө оруулах чадавхыг нь бэхжүүлэх арга хэмжээ юм.
Тиймээс бодит эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь банкууд нэмэлт хөрөнгөө хэр хэмжээгээр шинэ зээл болгон гаргах, бизнес болон өрхийн зээлийн эрэлт сэргэх эсэхээс шалтгаална. Хэрэв зээлийн эрэлт сул хэвээр байвал хөрөнгө нийлүүлэлтийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө хязгаарлагдах эрсдэлтэй.
Нөгөө талаас, банкууд болон даатгалын компаниуд шинээр хувьцаа гаргах нь одоогийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувийг бууруулж болзошгүй. Үүнтэй холбоотой болгоомжлолын улмаас энэхшш мэдэгдлийн дараа зарим банк, даатгалын компанийн хувьцааны ханш буурсан үзэгдэл ажиглагдаад байна.
ДҮГНЭЛТ
БНХАУ-ын 360 тэрбум юанийн хөрөнгө нийлүүлэх шийдвэр нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хамгаалж, банкуудын зээл олгох болон даатгалын компаниудын хөрөнгө оруулах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Мөн даатгалын салбараар дамжуулан хувьцааны зах зээлд урт хугацааны хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Гэхдээ энэ арга хэмжээний бодит үр дүн нь санхүүгийн байгууллагуудын хөрөнгө нэмэгдсэнээр шууд бий болохгүй. Банкууд нэмэлт зээл олгож, бизнес болон өрхийн санхүүжилтийн эрэлт сэргэж чадвал эдийн засгийн өсөлтийг дэмжих нөлөө нь илүү тодорхой болно.
ЭХ СУРВАЛЖ:
www.scmp.com
www.bbc.com
www.reuters.com
Түлхүүр үг:
БНХАУ
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


