АНУ-ын зах зээл: Хөрөнгө оруулагчид АНУ-н ЗГ-н бондоос татгалзаж, хувьцаа руу хошуурч эхэллээ.
ГОЛ ӨНЦӨГ:
- Хөрөнгө оруулагчид АНУ-н ЗГ-н бондоос татгалзаж, хувьцаа руу хошуурч эхэллээ.
- Европ өөрсдийн SpaceX-г бойжуулж байна.
- Ормузын хоолойн сөргөлдөөн даамжирч, газрын тосны үнэ $98 дөхлөө.
АНУ-н ЗГ-н бонд зарагдсаар
Дэлхийн санхүүгийн хямралаас хойш анх удаа гадаадын хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газрын бондоос (Treasury) илүү тус улсын компанийн хувьцаа руу хөрөнгөө түлхүү байршуулж эхэлснийг CNBC-с мэдээллэв. АНУ-н өр болон төсвийн алдагдал түүхэн өндөр түвшинд хүрсэн нь ЗГ-н бондод итгэх итгэлийг бууруулж байгаа бол хувийн хэвшлийн ашиг олох чадвар болон хиймэл оюуны (AI) салбарын өсөлт хувьцааны зах зээл рүү чиглэх хөрөнгийн урсгалыг дэмжиж байна хэмээн тайлбарлав.
АНУ-ын ЗГ-н бондын гадаад хөрөнгө оруулагчдын эзэмшлийн хэмжээ оргил үедээ 50%-с дээш байсан бол одоо 30% орчим болж буурчээ. Нөгөө талаас 2026 оны III сар хүртэлх нэг жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчид АНУ-н хувьцааны зах зээлд цэвэр $600 тэрбум ам.доллар оруулсан нь түүхэн дээд амжилт болов.
Deutsche Bank-ны стратегич George Saravelos-с “АНУ-н хувийн хэвшлийн санхүүгийн чадавхи, AI-ийн хөгжил болон компаниудын ашгийн маржин түүхэн дээд түвшинд байгаа нь улсын төсвийн муудаж буй санхүүтэй эрс тэс уур амьсгалыг бүрдүүлж байна.” хэмээн энэ үзэгдлийг тайлбарлав.
Басхүү Норвегийн Баялгийн Сангаас /дэлхийн хамгийн том/ АНУ-ын Засгийн газрын бондын эзэмшлийн хэмжээг өөрийн бондын багцдаа 34.1%-иас 21.9% болгон бууруулах санал гарган, хэлэлцэж буй нь уг хачирхалтай үзэгдлийг улам даамжруулах магадлалтай.
Мөн өнгөрсөн VIII сарын 31-нд дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болох BlackRock урт хугацаатай АНУ-ын бондыг зарах (underweight), хувьцааны эзэмшлийг нэмэгдүүлэх (overweight) зөвлөмж өгчээ. Тэдний зүгээс “шинэ нөхцөл байдалд урт хугацааны бонд нь хөрөнгө оруулалтын багцыг эрсдэлээс хамгаалах найдвартай хэрэгсэл байхаа больсон гэж үзэж байна” хэмээн тайлбарлажээ.
Нэмээд хэлэхэд, БНХАУ-н эзэмшиж буй АНУ-н ЗГ-н бондын хэмжээ жилийн өмнө $731.4 тэрбум ам.доллар байсан бол энэ VI сард $633.4 тэрбум ам.доллар болж буурчээ.
.jpg)
Европын SpaceX хэн бэ
Германы Мюнхен хотод төвтэй "Isar Aerospace" стартап компани өөрсдийн бүтээсэн "Spectrum" пуужингаа дэлхийн нам тойрог замд (low orbit) амжилттай гаргаж, Европоос сансарт пуужин хөөргөсөн анхны хувийн компани боллоо. Энэхүү түүхэн амжилт нь АНУ-ын "SpaceX" зэрэг гигант компаниудын давамгайлж буй геополитик, арилжааны орон зайд Европ тив бие даан гарах томоохон алхам болж байна.
Нийт 28 метрийн өндөртэй "Spectrum" пуужин 5 ширхэг жижиг хиймэл дагуул болон туршилтын төхөөрөмжийг дэлхийн нам тойрог замд амжилттай суулгажээ. Энэ нь тус компанийн хувьд 18 сарын өмнө тохиолдсон туршилтын бүтэлгүйтлийн дараа хийсэн 2 дахь дахин оролдлого ба амжилттай болсноороо онцлог юм.
"Isar Aerospace"-н худалдаа хариуцсан захирал (CCO) Stella Guillen CNBC телевизийн "Squawk Box Europe" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа, “Сансар огторгуйн салбарт хиймэл дагуул хөөргөх боломжит хүчин чадал асар их дутагдалтай байгаа бөгөөд салбар бүхэлдээ пуужингийн эрэлтэд 'цангаж' байна. Манай ирээдүйн захиалгын сувагт хэдийнээ 10 тэрбум еврогийн ($11.6 тэрбум) боломжит эрэлт хуримтлагдаад байна” хэмээн хэлжээ.

Ойр Дорнод
Ормузын хоолой болон түүний орчимд АНУ болон Ираны талууд нэг нэгнийхээ цэргийн объектууд болон ачаа тээврийн хөлөг онгоцууд руу цохилт өгсний дараа дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлт тасалдах аюул дахин дээд цэгтээ хүрэв. Үүний нөлөөгөөр олон улсын тосны жишиг үнэлгээнүүд сүүлийн долоо хоногууд дахь хамгийн өндөр түвшиндээ хүрч өслөө.

Дээрх зурагт WTI төрлийн газрын тосны ханшыг харууллаа. Нэг баррель газрын тосны фьючерс ханш $93 болж өссөөр байна. Тэгвэл Brent төрлийн (энд зургаар харуулагүй) газрын тосны ханш $97.8-$98 хэлбэлзэж $100 гэсэн ханш руу ойртжээ.
ING санхүүгийн группээс “АНУ болон Ираны хооронд энх тайван тогтоох эсвэл хэлэлцээрийн ширээнд суух бодит шинж тэмдэг харагдахгүй байна. Геополитикийн эрсдэлийн өндөр тусгал нь газрын тосны үнийг цаашид ч өндөр түвшинд барих гол хүчин зүйл болж байна” хэмээн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Одоогоор Ормузын хоолойгоор ачаа тээвэр бүрэн зогсоогүй байгаа хэдий ч цэргийн мөргөлдөөн үргэлжилсээр байвал газрын тосны үнэ $100 ам.долларын босгыг даван өсөх эрсдэлтэйг шинжээчид сануулж байна.
.jpg)

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


