Долоо хоногийн тойм (2026.08.24-2026.08.28)

Долоо хоногийн тойм (2026.08.24-2026.08.28)
Гол өнцөг:
- FTI ханш өнгөрсөн долоо хоногоос 1% ханшийн өсөлттэй хаагдлаа
- Хагас жилийн ногдол ашгийн өгөөжийн харьцуулалт

Өнгөрсөн долоо хоногт ₮13 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮8.7 тэрбум нь багцийн арилжаа байна.
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт арилжааны идэвх нийт ₮13.83 тэрбумийн үнийн дүнтэй 23.35 сая ширхэг үнэт цаас арилжаалагдсан байна. Арилжааны үнийн дүнгээр Эм Жи Эл Акуа ХК, Инвескор ББСБ ХК, Хаан банк ХК, Тэнгэр Даатгал ХК болон АПУ ХК зэрэг компаниуд зах зээлийг тэргүүлжээ.

Тус хугацаанд Эм Жи Эл Акуа ХК-ийн нэгжийн үнэ ₮291, 11.1 сая ширхэг буюу ₮3.2 тэрбумын, мөн нэгжийн үнэ ₮290, 5.1 сая ширхэг буюу ₮1.50 тэрбумын хоёр удаагийн арилжаа хийгдсэн байна. Харин Инвескор ББСБ ХК-ийн нэгжийн үнэ ₮7,970, 439 мянган ширхэг буюу ₮4.5 тэрбумын, Тэнгэр Даатгал ХК-ийн нэгжийн үнэ ₮800, 625 мянган ширхэг буюу ₮500 саяын багцын арилжаа тус тус хийгдсэн байна. Индексүүдийн хувьд долоо хоногийг өсөлттэй үдсэн бөгөөд TOP-20 индекс +2.11%, MSE A индекс +2.87%, MSE B индекс +3.85%, FTI индекс +1.03%-иар тус тус өөрчлөгдсөн байна.
Хагас жилийн ногдол ашгийн өгөөжийн харьцуулалт
Монголын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй дөрвөн компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлээд байна. Үүнээс “Инновэйшн Инвестмент” ХК (QPAY) 2026 оны эхний хагас жилийн ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан байна.
“Инновэйшн Инвестмент” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 26/26 тоот тогтоолоор 2026 оны эхний хагас жилийн хуримтлагдсан ашгаас нэгж хувьцаанд 60 төгрөг, нийт 11.09 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Улмаар уг ногдол ашгийг 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд байршуулжээ.
QPAYийн хувьцааг ногдол ашиг авах эрх бүхий өдрөөр эзэмшиж байсан хөрөнгө оруулагчид ногдол ашгаа авах боломжтой болж байна. Хувьцаа эзэмшигч нь өөрийн үнэт цаасны болон мөнгөн хөрөнгийн дансаа хариуцсан ҮЦК-аар дамжуулан ногдол ашгаа авах хүсэлт гаргаж, мөнгөн хөрөнгөө хүлээн авах боломжтой.
Мөн 8 дугаар сарын 25-нд “ХасБанк” ХК 2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18 төгрөгийн ногдол ашиг хуваарилах саналыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэхдээ уг ногдол ашиг нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлагдаж, Монголбанкнаас зөвшөөрөл авсны дараа тараагдах нөхцөлтэй байна.
Иймд дээрх компаниудын хувьцааг эзэмшиж буй хөрөнгө оруулагчид өөрийн ҮЦК болон үнэт цаасны дансны мэдээллээ шалгаж, ногдол ашиг хүлээн авахтай холбоотой шаардлагатай үйлдлээ хийх боломжтой юм.


ГОЛ ӨНЦӨГ:
- ХНСангийн инфляцын хэмжүүр 3.3% гарч зорилтот 2%-с хол түвшинд хадгалагдсаар байна.
- АНУ-н компаниуд Саудын Арабын цөмийн дэд бүтцийг хөгжүүлж магадгүй.
- Иран болон Оман улсууд Ормузын хоолойг хэрхэн удирдахаа тохирч байна.
- Bitcoin өсөж шорт арилжаачид $4 тэрбум ам.долларын алдагдал хүлээв.
- Nvidia-н 2027 оны санхүүгийн жилийн II улирлын тайлангаа зарлалаа.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох статистик : Өнгөрсөн VII сарын PCE суурь инфляц 3.7% гарсан бол хэлбэлзэл өндөртэй хүнс, эрчим хүчний бүтээгдэхүүнүүдийг хассан PCE үндсэн инфляц 3.3% гарлаа. ХНСангийн зүгээс PCE үндсэн инфляцыг 2% руу буулгах зорилт тавьдаг. ХНСангийн шинэ дарга Kevin Warsh-н зүгээс мөнгөний бодлогын ирээдүйн чиг хандлагын талаар тодорхой мэдээллийг өгөхгүй хэвээр байна. Харин зах зээл өөрсдийн хүлээлтээрээ ирээдүйд мөнгөний бодлогын талаар таамаглал дэвшүүлж байна. АНУ-н ЗГ-н өр $40 их наяд хүрсэн нь Kevin Warsh-н зүгээс бодлогын хүүг өсгөхөд саад болж, инфляцтай тэмцэхэд төвөг удах вий хэмээн хөрөнгө оруулагчид санаа зовниж буй. Ирэх сарын 15-16 –ны хооронд болох ХНСангийн хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээх магадлалыг зах зээл 66% хэмээн үнэлжээ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох үйл явдал: Өнгөрсөн Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Donald Trump Саудын Арабтай байгуулсан 30 жилийн хугацаатай энхийн цөмийн хамтын ажиллагааны гэрээг албан ёсоор АНУ-ын Конгрессэд хянуулахаар хүргүүлжээ. Уг гэрээний хүрээнд АНУ-ын компаниуд Саудын Арабын цөмийн дэд бүтцийг хөгжүүлэх ажилд (зөвхөн энхийн зорилгоор, аж үйлдвэр болон ахуйн хэрэгцээнд ашиглах) гол үүрэг гүйцэтгэх юм. Гэрээг Конгресс рүү явуулсан хэдий ч Donald Trump нэгэн хатуу болзлыг тавьсан хэвээр байна. Тодруулбал, Саудын Араб улс Израилтай дипломат харилцаагаа албан ёсоор хэвийн болгож, "Абрахамын хэлэлцээр" (Abraham Accords)-т нэгдээгүй цагт уг цөмийн гэрээг хэрэгжүүлэхгүй, урагшлуулахгүй гэдгээ мэдэгджээ...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Онцлох тохироо: Өмнөх Мягмар гарагт Иран ба Оман улсууд Ормузын хоолойгоор тээвэрлэлт явуулах усан замыг хамтран тодорхойлж, ойролцоох тэсрэх бөмбөгнуудыг цэвэрлэх ажлуудыг хоорондоо хэлэлцэж эхэлжээ. Оманы гадаад хэргийн сайд Sayyid Badr Bin Hamad Albusaidi –с “Ормузын хоолойн аюулгүй усан замын тээврийн зохицуулалтаа” удахгүй зарлана хэмээн мэдэгдэж, Ираны дипломат Abbas Araghchi-тай ярилцсан гэв....Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Онцлох үнэт цаас #1: Өнгөрсөн 2026/08/19 –с 2026/08/21 –ны хооронд буюу 3 хоногийн хугацаанд Bitcoin-ны ханш 20% гаруй өсөж, 3 өдрийн дотор 2023 оноос хойших хамгийн томоохон өсөлтөө үзүүллээ. Bitcoin-ны ханшийг унах тал дээр мөрий тавьсан шорт арилжаачдын $4 тэрбум ам.долларын үнэлгээтэй крипто позиц хаагдаж, нэг ёсондоо “short squeeze” болжээ...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Онцлох хувьцаа #2: Хагас дамжуулагчын аварга Nvidia компани 2026/07/26-аар дуусгавар болгосон улирлын тайлангаа (өөрөөр 2027 оны санхүүгийн жилийн II улирлын тайлан) танилцууллаа. Энэ санхүүгийн улиралд нийт орлого $108 тэрбум (2% хэлбэлзэлтэй) байх төсөөлөл гаргасан нь шинжээчдийн хүлээлт $104.2 тэрбумыг мөн давсан сайн үзүүлэлт байлаа. Басхүү 2028 оны санхүүгийн жилд (одоо 2027 оны санхүүгийн жил яваж байгаа) нийт орлого 70% өснө хэмээн CFO Colette Kress мэдэгдэв. Шинжээчдийн төсөөлөл 44% байжээ...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу


ГОЛ ӨНЦӨГ:
- БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг VII сард өсөлтөө хадгалсан ч өмнөх сараас саарлаа.
- “WuXi Biologics” 2026 оны эхний хагас жилийн орлого өмнөх оны мөн үеэс 18.4%-иар өсөж, 11.79 тэрбум юаньд хүрэв.
- Шинээр 169 төсөл нэмэгдэж, нийт хэрэгжүүлж буй төслийн тоо 1,064-т хүрсэн байна.
- “MiniMax” 2026 оны эхний хагас жилийн орлого 283%-иар өсөж, 116.6 сая ам.долларт хүрэв.
- Байгууллагад зориулсан хиймэл оюуны үйлчилгээний орлого 703%-иар нэмэгджээ.
- “CATL” батарейгаас бусад салбарын долоон хэлцэлд 17 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт хийжээ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох статистик: БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг VII сард өсөлтөө хадгалсан ч өмнөх сараас саарлаа. Экспорт болон дэлхийн AI-ийн эрэлттэй холбоотой салбарууд өндөр өсөлт үзүүлсэн бол дотоодын хэрэглээнд түшиглэсэн салбаруудын дарамт үргэлжилжээ.
Аж үйлдвэрийн компаниудын ашиг VII сард өмнөх оны мөн үеэс 11.2%-иар өссөн нь VI сарын 15.1%-ийн өсөлтөөс саарч, 2026 он гарснаас хойших хамгийн сул үзүүлэлт болов. Харин оны эхний долоон сарын нийлбэр ашиг 17.6%-иар өсөж, 4.58 их наяд юаньд хүрсэн ч эхний хагас жилийн 18.7%-ийн өсөлтөөс мөн удааширлаа.
Салбараар авч үзвэл, уул уурхайн ашиг 34.9%, боловсруулах үйлдвэрлэлийн ашиг 18.8%-иар өссөн бол цахилгаан, дулаан, усан хангамжийн салбарын ашиг 5.8%-иар буурчээ. Компьютер, харилцаа холбоо болон электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн ашиг 110%, өнгөт металл боловсруулах салбарынх 91.8%, химийн үйлдвэрлэлийнх 56.6%-иар тус тус нэмэгдсэн нь дэлхийн AI-ийн эрэлт болон экспортын өсөлтийн нөлөөг харуулав.
Ийнхүү технологи, экспортын чиглэлтэй үйлдвэрлэл нийт ашгийг дэмжиж байгаа ч дотоодын эрэлт сул хэвээр байгаа нь салбаруудын сэргэлт жигд бус байгааг илтгэж байна. Геополитикийн эрсдэл, худалдааны хурцадмал байдал болон дотоодын хэрэглээний сулрал нь цаашид компаниудын ашигт ажиллагаанд дарамт учруулах төлөвтэй байна.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох тайлан #1: “WuXi Biologics”-ийн орлого 18.4%-иар өсөж, ашигт ажиллагаа сайжирлаа
БНХАУ-ын биологийн эмийн гэрээт судалгаа, хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг “WuXi Biologics” салбарын хүндрэл, геополитикийн тодорхой бус байдлыг үл харгалзан 2026 оны эхний хагас жилд орлого, ашгаа өсгөжээ.
VI сараар дуусгавар болсон зургаан сарын хугацаанд компанийн орлого өмнөх оны мөн үеэс 18.4%-иар өсөж, 11.79 тэрбум юань буюу 1.75 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хувьцаа эзэмшигчдэд ногдох ашиг 4.3%-иар нэмэгдэж, 2.44 тэрбум юань буюу 363 сая ам.доллар болжээ.
Валютын ханшийн өөрчлөлт болон үндсэн үйл ажиллагаатай холбоогүй бусад нөлөөг хасаж тооцсон ашиг өмнөх оны мөн үеэс 38.4%-иар өсөж, 3.31 тэрбум юаньд хүрсэн байна. Тайлант хугацаанд 585.1 сая юанийн валютын ханшийн алдагдал хүлээсэн нь тайлагнасан ашгийн өсөлтийг хязгаарлажээ. Өмнөх оны мөн үед компани 1.5 сая юанийн ханшийн ашигтай ажиллаж байсан юм.
Нийт ашиг өмнөх оны мөн үеэс 28.1%-иар өсөж, 5.45 тэрбум юаньд хүрсэн бол нийт ашгийн түвшин 42.7%-иас 46.2% болж сайжирчээ. Үүнд үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалт нэмэгдсэн, бүтээмж сайжирсан болон орлогын өсөлтөөс бий болсон үйл ажиллагааны хөшүүрэг нөлөөлсөн байна...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Онцлох тайлан #2: “MiniMax”-ийн орлого огцом өссөн ч алдагдал хоёр дахин нэмэгдэв
БНХАУ-ын хиймэл оюуны компани “MiniMax”-ийн 2026 оны эхний хагас жилийн орлого өмнөх оны мөн үеэс 283%-иар өсөж, 116.6 сая ам.долларт хүрлээ. Өсөлтийг байгууллагад зориулсан хиймэл оюуны үйлчилгээний эрэлт голлон дэмжсэн байна.
Гэсэн хэдий ч эхний хагас жилийн орлого нь “Bloomberg”-ийн таамаг 363.77 сая ам.долларын бүтэн жилийн шинжээчдийн таамгийн 32%-тай тэнцжээ. Уг таамагт хүрэхийн тулд компани оны үлдсэн зургаан сард ойролцоогоор 247 сая ам.долларын орлого олох шаардлагатай байна.
Компанийн Open Platform болон байгууллагад зориулсан хиймэл оюуны бусад үйлчилгээний орлого өмнөх оны мөн үеийн 9.2 сая ам.доллараас 703%-иар өсөж, 73.9 сая ам.долларт хүрчээ.
Ингэснээр тус бизнесийн нийт орлогод эзлэх хувь 30.3%-иас 63.4% болж нэмэгдсэн байна. Энэ нь “MiniMax”-ийн орлогын бүтэц байгууллагад зориулсан хиймэл оюуны үйлчилгээ рүү эрчимтэй шилжиж байгааг харууллаа.
Компанийн нийт ашиг тав дахин өсөж, 20.8 сая ам.долларт хүрсэн бол нийт ашгийн түвшин 12.1%-иас 17.9% болж сайжирчээ.
Харин нэг удаагийн болон үндсэн үйл ажиллагаатай холбоогүй нөлөөллийг хасаж тооцсон үндсэн үйл ажиллагааны цэвэр алдагдал өмнөх оны мөн үеэс 111.2%-иар өсөж, 293 сая ам.доллар болсон байна.
Энэ нь орлого эрчимтэй нэмэгдэж байгаа ч шинэ хиймэл оюуны загвар хөгжүүлэх, тооцоолох хүчин чадлыг өргөжүүлэхтэй холбоотой өндөр зардал ашигт ажиллагаанд дарамт учруулсаар байгааг харуулж байна…Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Онцлох хөрөнгө оруулалт #1: “CATL” өсөлтийн шинэ боломж хайж, 17 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийлээ
Дэлхийн цахилгаан автомашины цэнэг хадгалах систем үйлдвэрлэгч хамгийн том компани “CATL” үндсэн бизнесээсээ гадна өсөлтийн шинэ чиглэлүүдэд хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж байна.
2025 оны VI сараас хойш тус компанийн тэргүүлсэн, батарейгаас бусад салбарт чиглэсэн долоон хэлцлийн нийт дүн 17 тэрбум юань буюу 2.5 тэрбум ам.доллароос давжээ. Үүнд хиймэл оюуны дата төв, том хэлний загвар хөгжүүлэгч “DeepSeek”, хүн дүрст робот болон усан цахилгаан станцын төслүүд багтсан байна.
“Fitch Ratings”-ийн Ази, Номхон далайн бүсийн компанийн зэрэглэл хариуцсан захирал “Yang Jing”-ийн үзэж буйгаар, эдгээр нь санхүүгийн өгөөжөөс илүү урт хугацааны стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалтууд юм. Ялангуяа хиймэл оюуны дата төвийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх нь батарейд суурилсан эрчим хүч хадгалах системийн эрэлтийг өсгөж, “CATL”-ийн гурав дахь өсөлтийн чиглэл болох боломжтойг онцоллоо...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Түлхүүр үг:
Долоо хоногийн тойм
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


