“MiniMax”-ийн орлого огцом өссөн ч алдагдал хоёр дахин нэмэгдэв

ГОЛ ӨНЦӨГ
- 2026 оны эхний хагас жилийн орлого 283%-иар өсөж, 116.6 сая ам.долларт хүрэв.
- Байгууллагад зориулсан хиймэл оюуны үйлчилгээний орлого 703%-иар нэмэгджээ.
- Нийт ашгийн түвшин сайжирсан ч үндсэн үйл ажиллагааны цэвэр алдагдал хоёр дахин өссөн байна.
БНХАУ-ын хиймэл оюуны компани “MiniMax”-ийн 2026 оны эхний хагас жилийн орлого өмнөх оны мөн үеэс 283%-иар өсөж, 116.6 сая ам.долларт хүрлээ. Өсөлтийг байгууллагад зориулсан хиймэл оюуны үйлчилгээний эрэлт голлон дэмжсэн байна.
Гэсэн хэдий ч эхний хагас жилийн орлого нь “Bloomberg”-ийн таамаг 363.77 сая ам.долларын бүтэн жилийн шинжээчдийн таамгийн 32%-тай тэнцжээ. Уг таамагт хүрэхийн тулд компани оны үлдсэн зургаан сард ойролцоогоор 247 сая ам.долларын орлого олох шаардлагатай байна.
Байгууллагын бизнес өсөлтийг тэргүүлэв
Компанийн Open Platform болон байгууллагад зориулсан хиймэл оюуны бусад үйлчилгээний орлого өмнөх оны мөн үеийн 9.2 сая ам.доллараас 703%-иар өсөж, 73.9 сая ам.долларт хүрчээ.
Ингэснээр тус бизнесийн нийт орлогод эзлэх хувь 30.3%-иас 63.4% болж нэмэгдсэн байна. Энэ нь “MiniMax”-ийн орлогын бүтэц байгууллагад зориулсан хиймэл оюуны үйлчилгээ рүү эрчимтэй шилжиж байгааг харууллаа.
Ашгийн түвшин сайжирсан ч алдагдал нэмэгдэв
Компанийн нийт ашиг тав дахин өсөж, 20.8 сая ам.долларт хүрсэн бол нийт ашгийн түвшин 12.1%-иас 17.9% болж сайжирчээ.
Харин нэг удаагийн болон үндсэн үйл ажиллагаатай холбоогүй нөлөөллийг хасаж тооцсон үндсэн үйл ажиллагааны цэвэр алдагдал өмнөх оны мөн үеэс 111.2%-иар өсөж, 293 сая ам.доллар болсон байна.
Энэ нь орлого эрчимтэй нэмэгдэж байгаа ч шинэ хиймэл оюуны загвар хөгжүүлэх, тооцоолох хүчин чадлыг өргөжүүлэхтэй холбоотой өндөр зардал ашигт ажиллагаанд дарамт учруулсаар байгааг харуулж байна.
Хувьцааны ханш
“MiniMax”-ийн хувьцаа тайлан гарсан өдрийн арилжаагаар 1.13%-иар өсөж, 303 хонконг долларт хаагдлаа. Гэвч энэ нь III сард хүрсэн 1,330 хонконг долларын түүхэн дээд ханшаас ойролцоогоор 77%-иар доогуур үзүүлэлт юм. Гэвч энэ нь III сард хүрсэн 1,330 хонконг долларын түүхэн дээд ханшаас ойролцоогоор 77%-иар доогуур үзүүлэлт юм.
IPO-ийн дараа хувьцааны ханш огцом өссөн ч хиймэл оюуны салбарын өрсөлдөөн, компанийн өндөр алдагдал болон хувьцаа эзэмших хязгаарлалтын хугацаа дууссантай холбоотой болгоомжлол ханшид дарамт үзүүлсэн байна.

ДҮГНЭЛТ
“MiniMax”-ийн тайлан байгууллагад зориулсан хиймэл оюуны үйлчилгээ орлогын гол хөдөлгөгч болж, бизнесийн цар хүрээ эрчимтэй тэлж байгааг харууллаа. Гэхдээ эхний хагас жилийн орлого бүтэн жилийн таамгийн 32%-ийг бүрдүүлсэн бөгөөд тохируулсан цэвэр алдагдал хоёр дахин өссөн нь орлогын өсөлтийг ашигт ажиллагаанд шилжүүлэх сорилт хэвээр байгааг илэрхийлж байна.
Цаашид шинэ M3.1 загварын өрсөлдөх чадвар, байгууллагын үйлчилгээний орлогын өсөлт болон өндөр зардлыг бууруулах чадвар нь компанийн санхүүгийн гүйцэтгэл, хувьцааны ханшид голлон нөлөөлнө.
ЭХ СУРВАЛЖ:
www.scmp.com
www.bloomberg.com
www.hkexnews.hk
Түлхүүр үг:
Хятад
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


