“WuXi Biologics”-ийн орлого 18.4%-иар өсөж, ашигт ажиллагаа сайжирлаа

ГОЛ ӨНЦӨГ
- 2026 оны эхний хагас жилийн орлого өмнөх оны мөн үеэс 18.4%-иар өсөж, 11.79 тэрбум юаньд хүрэв.
- Хувьцаа эзэмшигчдэд ногдох ашиг 4.3%-иар нэмэгдлээ.
- Шинээр 169 төсөл нэмэгдэж, нийт хэрэгжүүлж буй төслийн тоо 1,064-т хүрсэн байна.

БНХАУ-ын биологийн эмийн гэрээт судалгаа, хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг “WuXi Biologics” салбарын хүндрэл, геополитикийн тодорхой бус байдлыг үл харгалзан 2026 оны эхний хагас жилд орлого, ашгаа өсгөжээ.
VI сараар дуусгавар болсон зургаан сарын хугацаанд компанийн орлого өмнөх оны мөн үеэс 18.4%-иар өсөж, 11.79 тэрбум юань буюу 1.75 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хувьцаа эзэмшигчдэд ногдох ашиг 4.3%-иар нэмэгдэж, 2.44 тэрбум юань буюу 363 сая ам.доллар болжээ.
Валютын ханшийн өөрчлөлт болон үндсэн үйл ажиллагаатай холбоогүй бусад нөлөөг хасаж тооцсон ашиг өмнөх оны мөн үеэс 38.4%-иар өсөж, 3.31 тэрбум юаньд хүрсэн байна. Тайлант хугацаанд 585.1 сая юанийн валютын ханшийн алдагдал хүлээсэн нь тайлагнасан ашгийн өсөлтийг хязгаарлажээ. Өмнөх оны мөн үед компани 1.5 сая юанийн ханшийн ашигтай ажиллаж байсан юм.
Ашгийн түвшин нэмэгдэв
Нийт ашиг өмнөх оны мөн үеэс 28.1%-иар өсөж, 5.45 тэрбум юаньд хүрсэн бол нийт ашгийн түвшин 42.7%-иас 46.2% болж сайжирчээ. Үүнд үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалт нэмэгдсэн, бүтээмж сайжирсан болон орлогын өсөлтөөс бий болсон үйл ажиллагааны хөшүүрэг нөлөөлсөн байна.
Төслийн тоо эрчимтэй нэмэгдэв
“WuXi Biologics” эхний хагас жилд 169 шинэ төсөл нэмснээр нийт хэрэгжүүлж буй төслийн тоог 1,064-т хүргэсэн байна. Үүнээс эмнэлзүйн туршилтын сүүлийн шатанд шилжсэн төслийн тоо 78, арилжааны үйлдвэрлэлийн шатанд хүрсэн төслийн тоо 28 болжээ.
Компани бусад байгууллагаас ирээдүйтэй төслүүдийг татан авч, цаашдын хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийг хариуцах стратегийнхаа хүрээнд 16 шинэ төсөл авсан байна. Үүнд эмнэлзүйн туршилтын сүүлийн шатны дөрвөн төсөл, арилжааны үйлдвэрлэлийн нэг төсөл багтжээ.
Компанийн үзэж буйгаар, судалгааны үйлчилгээ цаашдын өсөлтийн чухал хөдөлгөгч болох бол үйлдвэрлэлийн бизнес орлогын үндсэн тулгуур хэвээр байна. Үүний тулд дараагийн үеийн технологид хөрөнгө оруулж, олон улсын үйлдвэрлэлийн сүлжээгээ өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Хойд Америк гол зах зээл хэвээр байна
Хойд Америкаас олсон орлого 6.0 тэрбум юаниас 6.9 тэрбум юаньд хүрч, нийт орлогын 58.4%-ийг бүрдүүлсэн байна. Өсөлтөд эмийн шинэ судалгаа, хөгжүүлэлтийн үйлчилгээний эрэлт болон төслүүд эмнэлзүйн туршилтын сүүлийн шат, арилжааны үйлдвэрлэл рүү шилжсэн нь нөлөөлжээ.
Хойд Америкийн эрэлт өндөр байгаа нь компанийн орлогын өсөлтийг дэмжиж байгаа ч нийт орлогын талаас илүү хувийг нэг бүс нутгаас бүрдүүлж буй нь геополитик болон зохицуулалтын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Хувьцааны ханш
“WuXi Biologics”-ийн хувьцаа одоогоор 51.55 хонконг долларт арилжаалагдаж байна. Тайлан нийтлэгдсэн VIII сарын 25-ны арилжаагаар ханш нь 7.4%-иар өсөж, 52.20 хонконг долларт хаагджээ. 2026 оны эхний 32.54 хонконг долларын ханштай харьцуулахад он гарснаас хойш ойролцоогоор 58.4%, сүүлийн 90 хоногт 55% орчим өссөн байна.
Хувьцааны сүүлийн 52 долоо хоногийн ханш 28.48–54.45 хонконг долларын хооронд хэлбэлзсэн бөгөөд одоогийн ханш дээд түвшнээс 5.3%-иар доогуур байна. VII сарын сүүлээс өсөлт эрчимжихэд төслийн тоо нэмэгдсэн, үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалт сайжирсан болон эхний хагас жилийн санхүүгийн гүйцэтгэл хүчтэй гарсан нь нөлөөлжээ. Гэхдээ ханш богино хугацаанд огцом өсөж, 52 долоо хоногийн дээд түвшинд ойртсон тул богино хугацааны засварын хөдөлгөөн орж ирэх өндөр магадлалтай байна.

ДҮГНЭЛТ
“WuXi Biologics”-ийн эхний хагас жилийн тайлан орлого, нийт ашгийн түвшин болон төслийн тоо зэрэг үндсэн үзүүлэлтүүд сайжирсныг харууллаа. Валютын ханшийн алдагдал тайлагнасан ашгийн өсөлтийг хязгаарласан ч үндсэн үйл ажиллагааны тохируулга хийсэн ашиг 38.4%-иар нэмэгдсэн нь бизнесийн бодит гүйцэтгэл илүү хүчтэй байсныг илэрхийлж байна.
Цаашид төслүүд арилжааны үйлдвэрлэлийн шатанд хэр хурдан шилжих, үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалт тогтвортой байх эсэх болон Хойд Америкийн зах зээлтэй холбоотой геополитикийн эрсдэл компанийн өсөлтийг тодорхойлох гол хүчин зүйл болно.
ЭХ СУРВАЛЖ:
www.scmp.com
www.wuxibiologics.com
www.hkexnews.hk
Түлхүүр үг:
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


