Долоо хоногийн тойм (2026.07.20-2026.07.24)

2026 он 7 сар 24 өдөр
364
0

Долоо хоногийн тойм (2026.07.20-2026.07.24)

Гол өнцөг: 

  • Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өслөө
  • Гадаад худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа
  • Төсвийн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа
  • Үнэт цаасны зах зээлийн гүйлгээ хоёр дахин өслөө
  • Өнгөрсөн долоо хоногийн онцлох арилжаа

Хас банк хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө нэг жилээр сунгалаа

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өслөө

Монголбанкны мэдээллээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2026 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөг буюу 26.6 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3%), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3%), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4%) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Бага мөнгө (M1) 13.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 27.6 хувиар, өмнөх сараас 7.5 хувиар өссөн бол бараг мөнгө 39.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.2 хувиар өслөө. Бараг мөнгөний 71.5 хувийг төгрөгийн хадгаламж, 16.0 хувийг валютын харилцах, 12.5 хувийг валютын хадгаламж эзэлж байна.

Гадаад цэвэр актив 10.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.7 дахин, дотоод цэвэр актив 43.0 их наяд төгрөгт хүрч 12.2 хувиар өссөн нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг тодорхойлж байна. Одоогийн байдлаар мөнгөний нийлүүлэлтийн 80.4 хувийг дотоод цэвэр актив, 19.6 хувийг гадаад цэвэр актив бүрдүүлж байна.

Гадаад худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улс 2026 оны эхний хагас жилд дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрснээс экспорт 10.4 тэрбум, импорт 6.1 тэрбум ам.доллар болов. Ингэснээр худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.2 тэрбум ам.доллар буюу 4.1 дахин өссөн үзүүлэлт юм.

Экспорт өмнөх оны мөн үеэс 3.8 тэрбум ам.доллар буюу 57.9 хувиар өсөхөд зэсийн хүдэр, баяжмалын экспорт 2.3 тэрбум ам.доллароор, нүүрсний экспорт 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Импорт 588.1 сая ам.доллар буюу 10.6 хувиар өсөхөд дизелийн түлш (+298.8 сая), автобензин (+78.8 сая) зэрэг эрдэс бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь нөлөөлсөн бол суудлын автомашины импорт 160.0 сая ам.доллароор буурчээ.

Гадаад худалдаанд БНХАУ тэргүүлэгч түнш орон хэвээр байгаа бөгөөд нийт экспортын 94.1 хувь, импортын 39.7 хувийг эзэлж байна. Экспортын 57.5 хувь Гашуун сухайт, 16.3 хувь Замын-Үүд боомтоор, импортын 52.1 хувь Замын-Үүд, 24.9 хувь Сүхбаатар боомтоор тус тус хийгджээ.

Төсвийн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа

Сангийн яамны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20.1 хувиар өслөө. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ мөн 16.8 их наяд төгрөг болж, 20.0 хувиар нэмэгдсэнээр тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн 758.0 тэрбум төгрөгийн алдагдлаас 2.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Татварын нийт орлого 13.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар өсөхөд нийгмийн даатгалын орлого 415.8 тэрбум төгрөгөөр (16.2%), нэмэгдсэн өртгийн албан татвар 336.0 тэрбум төгрөгөөр (11.7%), орлогын албан татвар 269.8 тэрбум төгрөгөөр (7.2%) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татварын орлого 114.7 тэрбум төгрөг буюу 20.7 хувиар буурсан байна.

Зарлагын өсөлтөд хөрөнгийн зардал 1.0 их наяд төгрөгөөр (58.2%), бараа үйлчилгээний зардал 1.0 их наяд төгрөгөөр (20.0%), урсгал шилжүүлэг 529.8 тэрбум төгрөгөөр (8.9%) өссөн нь нөлөөлжээ. Орон нутгийн төсөв 107.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан бол улсын нэгдсэн төсвийн тэнцэл нийтдээ алдагдалтай байна.

Үнэт цаасны зах зээлийн гүйлгээ хоёр дахин өслөө

Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээр үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2026 оны эхний хагас жилд 865.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, өмнөх оны мөн үеэс 435.4 тэрбум төгрөг буюу 2.0 дахин өслөө. Нийт гүйлгээний 66.0 хувь буюу 570.9 тэрбум төгрөг нь анхдагч зах зээлд, 34.0 хувь буюу 294.7 тэрбум төгрөг нь хоёрдогч зах зээлд бүртгэгджээ. Харин арилжсан үнэт цаасны тоо 266.3 сая ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар буурсан нь дундаж ханшийн өсөлтийг илтгэж байна.

Гүйлгээний бүтцэд компанийн бонд 53.5 хувь, компанийн хувьцаа 16.2 хувь, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 15.4 хувь, Засгийн газрын бонд 14.8 хувийг тус тус эзэлж байна.

ТОП-20 дундаж индекс 2026 оны 6 дугаар сард 51621.47 нэгжид хүрч, өмнөх оны мөн үеэс 2896.34 нэгжээр, өмнөх сараас 754.7 нэгжээр өсөв. Хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 13.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар нэмэгдсэн бөгөөд үүний 99.8 хувийг Монголын хөрөнгийн бирж эзэлж байна.

Өнгөрсөн долоо хоногийн онцлох арилжаа

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт арилжааны идэвх нийт ₮10.81 тэрбумийн үнийн дүнтэй 4.73 сая ширхэг үнэт цаас арилжаалагдсан байна. Арилжааны үнийн дүнгээр Инвескор ББСБ ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Хаан банк ХК, Би ди сек ХК болон Голомт Банк ХК зэрэг компаниуд зах зээлийг тэргүүлжээ.

Тус хугацаанд гурван удаагийн багцын арилжаа хийгдсэн нь             Би ди сек ХК-ийн ₮1,266-ийн 325 мянган ширхэг хувьцааг ₮412.0  саяын, Инвескор ББСБ ХК-ын ₮7,650-ийн 39.2 мянган ширхэг хувьцааг ₮300.0 саяын, Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн ₮3,000-ийн 193.8 мянган ширхэг хувьцааг ₮581.4 саяын багцын арилжаа тус тус хийгдсэн байна. 

Хас банк хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө нэг жилээр сунгалаа

Хас банк хувьцаагаа халааслах шийдвэрээ 5 дахь удаагаа сунгалаа анх 1.7 тэрбум хүртэл дүнгээр худалдан авч байсан бол одоогийн шийдвэр нь худалдан авах дүнгээ 5.3 дахин нэмэгдүүлж 9.0 тэрбум хүртэлх дүнгээр хувьцаагаа халааслах шийдвэр гаргасан байна.

Ингэснээр хувьцааны ханш тогтмол өсөж эхний шийдвэр гаргасан өдөр болох 2024 оны 9- р сарын 19-ний өдрийн ханш ₮769.18 байсан бол өнөөдөх 48.9 хувиар өсөж ₮1,146-т хүрсэн байна. Энэ нь жилд дунджаар 24.2%-иар өсөж байна гэсэн үг. Хувьцаа халааслах шийдвэр гаргаснаар хувьцааны ханш өсөж буй нь сайшаалтай хэрэг юм. Хэрэв хувьцаа халааслах шийдвэр нь өмнөх жилүүдийнхээ өсөлтийг дагаж чадвал дараа жил 24.2% өсөж 1,421 хүрэх магадлалтай байна.

Эрсдэлийн санамж: Энэхүү судалгааг “Таван Богд Капитал” ҮЦК ХХК зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэсэн болно. Үүнд үндэслэн гаргасан аливаа шийдвэр, түүнээс үүдэх ашиг, алдагдал нь хөрөнгө оруулагчийн өөрийн хариуцлага болно. Өнгөрсөн хугацааны гүйцэтгэл болон аливаа таамаглал нь ирээдүйн үр дүнгийн баталгаа биш гэдгийг анхаарна уу. 

ГОЛ ӨНЦӨГ:

  • Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй усан онгоцны тоо 66% буурлаа.
  • Ираны холбоотон Хути нараас Сайудын Арабын Улаан тэнгис дэхь усан онгоцуудыг онилж эхлэв.
  • SK Hynix-н хувьцаан дээр хөшүүрэгтэй ETF-н ханш 70% унажээ.
  • TSMC-н тайлан зарлагдаж ханш өслөө.
  • Alphabet болон Tesla-н хөрөнгө оруулалтын зардал улам өсөх хүлээлтээр хувьцааны ханш уналт үзүүллээ

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/

Онцлох статистик : Пүрэв гарагт АНУ-н Хөдөлмөрийн яамнаас энэ VII сарын 18 өдрөөр дуусгавар болсон долоо хоногын хугацаанд 187,000 иргэн анх удаагаа ажилгүйдлийн тэтгэмж хүссэн хэмээн мэдэгдлээ. Энэ нь 2026 оны байдлаар хамгийн бага үзүүлэлт гэдгээрээ онцлог. 2026/07/04-ны байдлаар бүх төрлийн хөтөлбөрийн хүрээнд ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа хүмүүсийн нийт тоо 1,864,638 байжээ. Энэ нь түүний өмнөх долоо хоногтой харьцуулахад тэтгэмж авагчдын тоо 64,843-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин яг нэг жилийн өмнөх мөн үед энэ тоо 2,039,439 байжээ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/

Онцлох баримт: Lloyd’s List Intelligence-ээс энэ долоо хоногт 53 хөлөг онгоц Ормузын хойлогоор зорчсон нь өмнөх долоо хоногийн үзүүлэлт 157-с 66% буурсан үзүүлэлт боллоо хэмээн мэдэгдэв. Үүнийн шалтгаан нь Иран болон АНУ-н энхийн хэлэлцээр талаар болж зэвсэгт мөргөлдөөн лүү эрчимтэй шилжсэнтэй холбоотой. Басхүү өнгөрсөн долоо хоногт Trump –с Оманы буланд эргээд тэнгисийн цэргийн бүслэлтээ тавьсан.

Онцлох үйл явал: Өнгөрсөн даваа гарагт Йемэн улс дахь Ираны холбоотон гэгддэг Хути босогчид Саудын Арабын эсрэг далайн бүслэлт хийж буйгаа зарлав. Энэ нь Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй газрын тосны нийлүүлэлтийн сүлжээг Ормузын хоолойтой ижил таслах эрсдэл үүсгээд байна...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Онцлох хувьцаа #1: Өнгөсөн V сарын 27 онд Өмнөд Солонгосын бирж дээр “AMSUNG KODEX SK Hynix Single Stock Leverage ETF Units” нэртэй шинэхэн ETF “0193T0” тикерээр арилжаалагдаж эхэлсэн байдаг. Уг ETF нь SK Hynix-н хувьцаан дээр 2x хөшүүрэгтэй буюу SK Hynix-н хувьцаа тухайн өдөр 10% өсөхөд уг ETF-н ханш 20% өсдөг бүтэцтэй байв. Тэгвэл одоо уг “0193T0” тикертэй ETF-н ханш өнгөрсөн VI сарын оройн ханшнаасаа 70% гаруй унаад байна...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Онцлох хувьцаа #2: 2026/07/16-ны Пүрэв гарагт дэлхий хамгийн том чип үйлдвэрлэгч Taiwan Semiconductor Manufacturing Corporation-ны (TSMC) 2026Q2 тайлан зарлагдлаа. VII сар гарснаас хойш хувьцааны ханш ихдээ 19% орчим уналт үзүүлээд байсан. Тэгвэл өнгөрсөн 7 хоногоос эхлэн хувьцааны ханш эргээд сэргэж байна...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Онцлох хувьцаа #3: Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-н зах зээл хаагдсаны дараа гайхамшигт долоон компанид багтдаг Microsoft, Tesla нар тайлангаа танилцууллаа. Орлогын үзүүлэлтүүд хүлээлтийг эвдсэн ч AI болон дэд бүтцэд зарцуулж буй хөрөнгө оруулалтын (CapEx) хэт өндөр өсөлт нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож, хувьцааны ханшид уналт авчирлаа. Зах зээл одоо эдгээр их наядаар хэмжигдэх AI-ийн зардлууд хэзээ бодит өгөөж (ROI) өгч, мөнгөн урсгалд эергээр нөлөөлж эхлэхэд эргэлзэж байна...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

ГОЛ ӨНЦӨГ:

  • БНХАУ-ын Ардын банк нэг жилийн хугацаатай зээлийн суурь хүүг (LPR) 3.00%, таван жилийн хугацаатай LPR-ийг 3.50%-д тус тус хэвээр хадгалав.
  • БНХАУ-ын эдийн засаг II улиралд 4.3%-иар өсөж, шинжээчдийн 4.5%-ийн таамагт хүрсэнгүй.
  • Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт оны эхний хагаст 5.7%-иар агшсан нь өсөлтийг голлон саарууллаа.
  • “AgiBot” Хонконгийн IPO-д бэлтгэж, “CITIC Securities”, “CICC” болон “Morgan Stanley”-г спонсороор сонгожээ.
  • “AgiBot” 2025 онд 5,168 хүн дүрст робот нийлүүлсэн бол 2026 онд нийлүүлэлтээ 40,000 нэгжид хүргэхээр төлөвлөжээ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/

Онцлох статистик: БНХАУ эдийн засгийн сэргэлт жигд бус, дотоодын эрэлт сул хэвээр байгаа ч мөнгөний бодлогын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор зээлийн жишиг хүүгээ XIV сар дараалан өөрчлөлгүй үлдээлээ. Энэ нь зах зээлийн хүлээлттэй нийцсэн бөгөөд бодлого боловсруулагчид эдийн засгийг нэмэлтээр дэмжих шаардлагыг юанийн ханш, банкнуудын ашигт ажиллагаа болон санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлтэй тэнцвэржүүлж байгааг харууллаа.

БНХАУ-ын Ардын банк нэг жилийн хугацаатай зээлийн суурь хүүг (LPR) 3.00%, орон сууцны ипотекийн зээлийн жишиг болдог таван жилийн хугацаатай LPR-ийг 3.50%-д тус тус хэвээр хадгалав. Нэг жилийн LPR нь аж ахуйн нэгж болон өрхийн ихэнх зээлийн хүүг тодорхойлоход ашиглагддаг бол таван жилийн LPR нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шууд нөлөөлдөг. Иймд хүүг хэвээр үлдээсэн нь төв банк ойрын хугацаанд өргөн хүрээтэй бууруулалт хийхээс илүүтэй зорилтот дэмжлэгийн арга хэмжээг үргэлжлүүлэх төлөвтэйг илтгэлээ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/

Онцлох мэдээ #1: БНХАУ-ын эдийн засгийн өсөлт II улиралд 4.3% болж, 2022 оноос хойших доод түвшинд хүрлээ

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2026 оны II улиралд хүлээлтээс доогуур гарч, хөрөнгө оруулалтын огцом уналт дотоод эрэлт сул хэвээр байгааг дахин харууллаа. Үүний зэрэгцээ VI сарын хэрэглээ болон үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд сайжирсан нь эдийн засгийн идэвхжил салбаруудаар жигд бус байгааг илэрхийлэв.

БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, дотоодын нийт бүтээгдэхүүн IV–VI сард жилийн өмнөхөөс 4.3%-иар өссөн байна. Энэ нь Reuters-ийн санал асуулгад оролцсон эдийн засагчдын 4.5%-ийн таамгаас доогуур бөгөөд I улиралд бүртгэгдсэн 5.0%-ийн өсөлтөөс саарсан үзүүлэлт юм.

Ингэснээр эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жил гаруйн хамгийн доод түвшинд хүрч, Бээжингийн 2026 онд дэвшүүлсэн 4.5–5.0%-ийн зорилтот интервалын доод хязгаараас доогуур гарлаа. АНУ болон Европын Холбоотой үүсээд буй худалдааны зөрчил, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үргэлжилсэн хүндрэл болон дотоод эрэлтийн сул байдал өсөлтөд дарамт үзүүлсээр байна…Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Онцлох мэдээ #2: БНХАУ-ын хүн дүрст роботын нийлүүлэлтээр тэргүүлэгч “AgiBot” Хонконгийн IPO-д бэлтгэж байна

БНХАУ-ын хүн дүрст робот үйлдвэрлэгч “AgiBot” Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа олон нийтэд санал болгохоор бэлтгэж, “CITIC Securities”, “China International Capital Corporation” (CICC) болон “Morgan Stanley”-г IPO-ийн спонсороор сонгосон талаар эх сурвалжууд мэдээллээ. Тус компани болон дээрх санхүүгийн байгууллагууд уг мэдээлэлд одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна.

Шанхай хотод төвтэй “AgiBot” өнгөрсөн онд хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хувьцаат компани болон өөрчлөн байгуулагдсан нь IPO хийх бэлтгэлийн үндсэн үе шатуудын нэг юм. Тус компани 2026 онд Хонконгийн биржид бүртгүүлж, 40–50 тэрбум хонконг доллар буюу 5.1–6.4 тэрбум ам.долларын үнэлгээ авах зорилготой байгаа талаар “Reuters” өмнө нь мэдээлж байв…Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Түлхүүр үг:

Долоо хоногийн тойм

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)