БНХАУ-ын эдийн засгийн өсөлт II улиралд 4.3% болж, 2022 оноос хойших доод түвшинд хүрлээ

2026 он 7 сар 21 өдөр
440
0

ГОЛ ӨНЦӨГ

  • БНХАУ-ын эдийн засаг II улиралд 4.3%-иар өсөж, шинжээчдийн 4.5%-ийн таамагт хүрсэнгүй.
  • Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт оны эхний хагаст 5.7%-иар агшсан нь өсөлтийг голлон саарууллаа.
  • VI сард жижиглэн худалдааны борлуулалт 1.0%, үйлдвэрлэлийн салбарын гарц 5.3%-иар өсөж, хүлээлтээс давлаа.
  • Эдийн засгийн өсөлт саарсан нь III улиралд мөнгөний болон төсвийн бодлогын нэмэлт дэмжлэг үзүүлэх хүлээлтийг нэмэгдүүлж байна.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2026 оны II улиралд хүлээлтээс доогуур гарч, хөрөнгө оруулалтын огцом уналт дотоод эрэлт сул хэвээр байгааг дахин харууллаа. Үүний зэрэгцээ VI сарын хэрэглээ болон үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд сайжирсан нь эдийн засгийн идэвхжил салбаруудаар жигд бус байгааг илэрхийлэв.

БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, дотоодын нийт бүтээгдэхүүн IV–VI сард жилийн өмнөхөөс 4.3%-иар өссөн байна. Энэ нь Reuters-ийн санал асуулгад оролцсон эдийн засагчдын 4.5%-ийн таамгаас доогуур бөгөөд I улиралд бүртгэгдсэн 5.0%-ийн өсөлтөөс саарсан үзүүлэлт юм.

Ингэснээр эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жил гаруйн хамгийн доод түвшинд хүрч, Бээжингийн 2026 онд дэвшүүлсэн 4.5–5.0%-ийн зорилтот интервалын доод хязгаараас доогуур гарлаа. АНУ болон Европын Холбоотой үүсээд буй худалдааны зөрчил, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үргэлжилсэн хүндрэл болон дотоод эрэлтийн сул байдал өсөлтөд дарамт үзүүлсээр байна.

Хөрөнгө оруулалтын уналт гүнзгийрэв

Хот суурин газрын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт оны эхний зургаан сард жилийн өмнөхөөс 5.7%-иар буурч, шинжээчдийн таамагласан 4.9%-ийн агшилтаас өндөр гарлаа. Тус үзүүлэлт оны эхний таван сарын 4.1%-ийн бууралтаас мөн гүнзгийрсэн байна.

Салбараар авч үзвэл, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 18.0%, дэд бүтцийн хөрөнгө оруулалт 2.4%, боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт 1.2%-иар тус тус буурчээ.

Economist Intelligence Unit-ийн ахлах эдийн засагч Тяньчэнь Сюй хөрөнгө оруулалтын уналтыг орон нутгийн засаг захиргаад санхүүгийн эх үүсвэрээ шинэ төслүүдээс илүүтэй өрийн бүтцийн өөрчлөлтөд төвлөрүүлж байгаа болон шаардлага хангасан төслүүдийн нөөц хомс байгаатай холбон тайлбарлав. Түүний үзэж буйгаар, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахын тулд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг сэргээх нь бодлогын гол чиглэл болох төлөвтэй байна.

Мөн Бээжингээс үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг бууруулах, салбаруудын үнийн ширүүн өрсөлдөөнийг хязгаарлах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого ойрын хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад нэмэлт дарамт учруулж болзошгүй байна.

Хэрэглээ болон үйлдвэрлэлийн идэвхжил сэргэв

Хөрөнгө оруулалт сул байсан ч VI сарын эдийн засгийн зарим үзүүлэлт хүлээлтээс давлаа. Жижиглэн худалдааны борлуулалт жилийн өмнөхөөс 1.0%-иар өсөж, V сарын 0.6%-ийн бууралтаас сэргэсэн байна. Шинжээчид тус үзүүлэлтийг 0.1%-иар буурна гэж таамаглаж байв.

Үйлдвэрлэлийн салбарын гарц VI сард 5.3%-иар өссөн нь V сарын 4.5%-ийн өсөлтөөс эрчимжиж, шинжээчдийн 4.7%-ийн таамгийг давлаа.

Хэдий тийм боловч эдгээр үзүүлэлт нь БНХАУ-ын эдийн засагт үүсээд буй эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлыг бүрэн арилгахад хангалтгүй байна. Хиймэл оюуны дэд бүтцийн дэлхийн хөрөнгө оруулалтын өсөлттэй холбоотойгоор үйлдвэрлэл болон экспорт эдийн засгийг дэмжиж байгаа ч хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт болон үл хөдлөх хөрөнгийн салбар сул хэвээр байна.

Үндэсний статистикийн газар нийлүүлэлтийн илүүдэл болон эрэлтийн сул байдлын хоорондох зөрүү “ноцтой” түвшинд хүрснийг онцолж, эдийн засгийн мөчлөгийг сөрсөн болон мөчлөг хоорондын бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэх шаардлагатайг мэдэгдэв.

Экспорт эдийн засгийн гол тулгуур хэвээр

БНХАУ-ын экспорт VI сард хүлээлтээс давж, 2021 оны сүүлээс хойших хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ. Үүнд чип, компьютер болон тэдгээрийн эд анги, эрчим хүчний тоног төхөөрөмжийн гадаад эрэлт голлон нөлөөлсөн байна.

Технологийн бүтээгдэхүүний импорт мөн эрчимжсэн нь дотоодын хиймэл оюуны дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг илэрхийлэв. Үүнээс гадна автомашин болон өргөн хэрэглээний барааны экспорт өсөлтийг дэмжжээ.

Гэвч экспортын өсөлт худалдааны түншүүдтэй үүсэх зөрчлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. БНХАУ-ын Европын Холбоотой хийсэн худалдааны ашиг оны эхний хагаст 24%-иар нэмэгдсэн бөгөөд үүнд машин, тоног төхөөрөмж болон автомашины нийлүүлэлт голлон нөлөөлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, худалдааны түр тохиролцоо хүчин төгөлдөр байгаа ч хоёр талын зөрчил дахин эрчимжих эрсдэл өндөр хэвээр байна.

Өрхийн орлогын төлөв суларч байна

БНХАУ-ын хот суурин газрын ажилгүйдлийн түвшин VI сард 5.0%-д тогтвортой хадгалагдсан ч хөдөлмөрийн зах зээлийн сэргэлт салбаруудаар харилцан адилгүй байна. Гадаад зах зээлээс орлого олдог компаниудын ажилтнууд ажлын байрны төлөвт илүү өөдрөг байгаа бол дотоодын зах зээлд төвлөрсөн байгууллагуудын ажилтнуудын хүлээлт сул хэвээр байгааг Morgan Stanley-ийн судалгаа харуулжээ.

Цалингийн бууралт өрхүүдийн гол санаа зовоосон асуудал хэвээр байгаа тул Morgan Stanley өрхийн орлогын ирэх 12 сарын өсөлтийн төсөөллөө 5.8%-иас 5.0% болгон бууруулсан байна.

Залуучуудын ажилгүйдлийн түвшин V сард 15.6% болж, сүүлийн нэг орчим жилийн доод түвшинд хүрсэн ч хөдөлмөрийн зах зээлийн гол эмзэг цэг хэвээр байна. Албан ёсны тооцоонд хамрагдахаа больсон, удаан хугацаанд ажилгүй байгаа иргэдийг багтаасан өргөн хүрээний судалгаагаар ажилгүйдлийн түвшин 10.2%-д хүрсэн бөгөөд 24 сая орчим удаан хугацааны ажилгүй иргэний талаас илүү хувь нь 16–24 насныхан байжээ.

ДҮГНЭЛТ

БНХАУ-ын II улирлын үзүүлэлтүүд эдийн засгийн өсөлт экспорт болон үйлдвэрлэлд хэт төвлөрч, хэрэглээ, хөрөнгө оруулалт болон үл хөдлөх хөрөнгийн салбарын сэргэлт сул хэвээр байгааг харууллаа. Ялангуяа үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын огцом уналт уламжлалт өсөлтийн хөдөлгүүрүүдийн хүч суларсныг илэрхийлж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, хүлээлтээс доогуур өсөлт нь III улиралд бодлогын хүүг бууруулах, Засгийн газрын өрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагыг нэмэгдүүлж байна. Гэхдээ I улирлын харьцангуй хүчтэй өсөлт, экспортын тогтвортой байдал болон VI сарын хэрэглээ, үйлдвэрлэлийн эерэг үзүүлэлтүүд нь Бээжинд томоохон хэмжээний эдийн засгийг дэмжих арга хэмжээг түр хойшлуулах боломж олгож болзошгүй юм.

 ЭХ СУРВАЛЖ:

www.cnbc.com

www.scmp.com

Түлхүүр үгс:

Хятад

БНХАУ

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)