Долоо хоногийн тойм (2026.05.25-2026.05.29)

2026 он 5 сар 29 өдөр
47
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай байна
  • Сүүлийн 4 сард шинэ орон сууцны үнэ дунджаар 4.7% буурав
  • Өнгөрсөн долоо хоногт монголын хөрөнгийн бирж
  • CUMN нь 2026 оны I улирлын байдлаар зардал өсөж цэвэр ашиг буурсан ч, салбарын дундажаас хямд үнэлгээтэй, ROE +20% өгөөжтэй байна.

ҮСХ-ны 2026 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ ₮10.2 их наядад хүрч, өмнөх оны мөн үеэс 13.8%-иар өссөн байна. Харин тэнцвэржүүлсэн орлого ₮8.9 их наяд болж, өсөлтийн хурд 5.4%-тай гарчээ.

Татварын нийт орлого ₮8.3 их наядад хүрэхэд нийгмийн даатгалын орлого 17.6%, НӨАТ-ын орлого 5.8%-иар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин орлогын албан татвар 5.7%, онцгой албан татвар 28.6%-иар буурсан нь дотоод хэрэглээ болон импортын идэвх сул байгааг илтгэж байна.

Төсвийн нийт зарлага болон эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ ₮10.4 их наядад хүрч, өмнөх оны мөн үеэс 32.5%-иар өссөнөөр тэнцвэржүүлсэн тэнцэл ₮1.4 их наядийн алдагдалтай гарлаа. Энэ нь орлогын өсөлтөөс зарлагын өсөлт илүү өндөр түвшинд хүрч, фискал дарамт нэмэгдэж эхэлснийг харуулж байна.

Капитал зах зээлийн хувьд төсвийн алдагдал нэмэгдэж байгаа нь Засгийн газрын дотоод бондын санхүүжилтийн хэрэгцээг өсгөж, тогтмол өгөөжтэй хэрэгслийн нийлүүлэлт нэмэгдэх хүлээлт үүсгэж болзошгүй байна.

Сүүлийн 4 сард шинэ орон сууцны үнэ дунджаар 4.7% буурав

2026 оны 4 дүгээр сарын эцсийн байдлаар шинэ орон сууцны дундаж үнэ 2025 оны эцсийн дүнгээс 4.7%-иар, хуучин орон сууцны үнэ 1.2%-иар тус тус буурсан байна.

Тухайн хугацаанд хамгийн өндөр үнэтэй дүүрэг нь Хан-Уул дүүрэг бөгөөд нэг ам метрийн дундаж үнэ ₮5.7 саяд хүрсэн байна. Харин хамгийн өндөр бууралттай дүүрэг нь Чингэлтэй дүүрэг бөгөөд үнэ 14.1%-иар буурчээ. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, энэ нь өмнөх онд Баруун 4 зам орчимд хэрэгжиж байсан орон сууцны төслүүд ашиглалтад орсонтой холбоотой гэж үзсэн байна.

Гэвч зөвхөн Чингэлтэй дүүргээр хязгаарлагдахгүйгээр шинэ орон сууцны үнэ нийтлэг байдлаар буурч байгаа нь зах зээл дэх нийлүүлэлт нэмэгдэж буйтай холбоотой байж болзошгүй байна. Тухайлбал, 2025 онд 25.8 мянган айлын орон сууц ашиглалтад орсон нь түүхэн дээд үзүүлэлт болсон бол 2024 онд 19.8 мянга, 2023 онд 19.2 мянга, 2022 онд 23.2 мянга, 2021 онд 17.4 мянган орон сууц тус тус ашиглалтад оржээ.

Сүүлийн 5 жилийн хугацаанд орон сууцны нийлүүлэлт жилд дунджаар 10.3%-иар өссөн бөгөөд энэ өсөлтийн хандлага хадгалагдвал 2026 оны эцэст ашиглалтад орох орон сууцны тоо 28.4 мянгад хүрэх боломжтой байна. Ийнхүү зах зээл дэх нийлүүлэлт эрчимтэй өсөж буй нь орон сууцны үнийн өсөлтийг сааруулах, цаашлаад буурахад нөлөөлж байж болзошгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт монголын хөрөнгийн бирж

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт арилжааны идэвх нийт ₮14.90 тэрбумийн үнийн дүнтэй 11.41 сая ширхэг үнэт цаас арилжаалагдсан байна. Арилжааны үнийн дүнгээр Голомт Банк ХК, Хаан банк ХК, Инвескор ББСБ ХК, Эм Жи Эл Акуа ХК болон АПУ ХК зэрэг компаниуд зах зээлийг тэргүүлжээ.

Тус хугацаанд нийт гурван удаагийн багцын арилжаа хийгдсэн ба тэр нь Эм Жи Эл Акуа ХК-ын нэгж нь ₮250.26-ийн 1.9 сая ширхэг хувьцааг ₮483.7 сая, Инвескор ББСБ ХК-ын нэгж нь ₮9,500-ийн 67.8 мянган ширхэг хувьцааг ₮644.6 сая, Голомт Банк ХК-ын нэгж нь ₮1,275-ийн 2.1 сая ширхэг хувьцааг ₮2.7 тэрбумийн багцын арилжаа хийгдсэн байна. 

Харин индексүүдийн хувьд долоо хоногийг өөрчлөлтгүй үдсэн байна. TOP-20 индекс 0.78%, MSE A индекс 1.72%, MSE B индекс 0.05%-иар тус тус өөрчлөгдсөн байна.

CUMN нь 2026 оны I улирлын байдлаар зардал өсөж цэвэр ашиг буурсан ч, салбарын дундажаас хямд үнэлгээтэй, +20% өгөөжтэй байна.

Хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ба дансны үнийн харьцаа (P/B) 2026.05.27-ний хаалтын ханшаар тооцоолоход энэ оны эхний улирлын байдлаар 2.81x; сүүлийн 3  жилийн дундаж нь 3.03x байна. Үүнээс харахад жил ирэх тусам тус компанийн үнэлгээ буурсаар байна.  

Үйл ажиллагааны цар хүрээ жил ирэх тусам өргөжиж байгаа бөгөөд 2026 оны I улирлын байдлаар борлуулалтын орлогын дүн ₮189 тэрбум, өмнө жилийн мөн үеэс 24.1% буюу ₮37 тэрбумаар өссөн байна. Харин цэвэр ашгийн хувьд өмнө жилийн мөн үеэс ₮6.2 тэрбумаар буурсан байна. Энэхүү бууралтад ерөнхий болон удирдлагын зардлын ₮4.0 тэрбум буюу 47%-ийн өсөлт салбарын тоо нэмэгдсэнтэй холбоотой байна. Санхүүгийн зардлын ₮3.9 тэрбум буюу  71%-ийн өсөлт тус тус голлон нөлөөлжээ.  

ГОЛ ӨНЦӨГ:

  • PCE инфляц сүүлийн 30 сарын дээд түвшинд ирлээ.
  • АНУ болон Иран энхийн хэлэлцээрийн санамж бичигт гарын үсэг зурахад тун ойрхон.
  • ХНС-н гишүүн Kashkari-с хөдөлмөрийн зах зээлээс илүү инфляцыг анхаарах хэрэгтэй гэв.
  • Санах ойн чипний үнэ тэнгэрт хадаж, Micron их наядын клубт нэгдлээ.
  • Salesforce-н улирлын тайлан хүлээлтийг эвдсэн ч ирээдүй бүрхэг.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/

Онцлох статистик : Өнгөрсөн Пүрэв гарагт ХНС-н инфляцын гол хэмжүүр болох PCE инфляц зарлагдлаа. PCE инфляц хүлээлтийн дагуу YoY +3.8% өссөн бол өмнөх сартай харьцуулахад хүлээлтээс багаар MoM +0.2% өсөв. Жилийн хугацаанд PCE инфляц 3.8% өссөн нь 2023 оны XII сараас хойших хамгийн өндөр инфляц болов. Арилжаачдын зүгээс ХНС бодлогын хүүгээ ядаж 2026 оны сүүл үеэс эхлэн өсгөнө гэсэн хүлээлт тавиад буй нь CME Fedwatch tool дээрээс харагдаж байна. Басхүү өнгөрсөн 7 хоногт АНУ-н I улирлын ДНБ-ний өсөлт эхний хэмжээс 2.0%-с доошоо засварлагдаж 1.6% орчим гарав. Үүний гол шалтгаан нь хэрэглээ болон хөрөнгө оруулалтын бууралт хэмээн АНУ-н Худалдааны яамнаас тайлбарлав.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/

Онцлох үйл явдал: 2026/05/23-ны өдрийн Бямба гарагт Trump-с Ормузын хоолойг нээх энхийн хэлэлцээрийн санамж бичгийг ерөнхий эцэслэж, хоёр тал харилцан ойлголцолд хүрлээ гэв. Басхүү  Trump-н засгийн газрын нэрээ нууцалсан өндөр албан тушаалтны хэлснээр зарчмын хувьд АНУ-с Арабын далайд тавьсан усан цэргийн бүслэлтээ цуцлах, Иран баяжуулсан уранаа өгөх, Ормузын хоолойг нээх болзлуудыг хүлээн зөвшөөрсөн хэмээн мэдээлэл өгөв. Нэмээд Ираны дээд удирдагч Ayatollah Mojtaba Khamenei хэлэлцээрийг зөвшөөрсөн гэж хүч нэмэв. Өмнө нь Иран баяжуулсан уранаа өгөх эсэх дээр маргадаг байсан бол одоо асуудал баяжуулсан ураныг хэрхэн Иранаас шилжүүлэн авах вэ гэдэг болсон гэж тэрээр тайлбарлав...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Онцлох эрхэм: Minneapolis хотын ХНС-н ерөнхийлөгч Neel Kashkari –с “Би инфляц дээр ихээхэн ач холбогдол өгч байгаа. Гэхдээ энэ нь хөдөлмөрийн зах зээлийг огт тоохгүй байна гэсэн үг биш. Бид хөдөлмөрийн зах зээл сайн байгаа өнөө үед хэт өндөр түвшинд хадгалагдаж буй инфляц дээр өндөр ач холбогдол өгөх ёстой” хэмээн өнгөрсөн Пүрэв гарагт хэлжээ. Түүний зүгээс инфляц өндөр түвшиндээ удаан хугацаанд хадгалагдаж, иргэд ирээдүйд ч гэсэн ийм өндөр инфляц байх юм байна гэсэн хүлээлт тавьж эхэлбэл “ХНС-с маш түрэмгий хариу үйлдлээр (хүүг өсгөх) хүлээлтийг доош нь дарах ёстой. Тиймээс эдийн засаг дахь хүлээлтийг тогтвортой барьж байх нь тустай” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлэв...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Онцлох хувьцаа #1: Шинэ оны эхэнд $295.13 ханштай байсан Micron-ны хувьцааны ханш таван сарын дотор 215% гаруй өсөж $900 ам.доллар давснаар Micron компанийн зах зээлийн үнэлгээ $1.05 их наяд ам.долларт хүрч, их наядын клубт нэгдлээ. Өнөөдрийн байдлаар их наядын клубт Nvidia, Alphabet, Apple, Microsoft, Amazon, Broadcom, Tesla, Meta, Micron, Berkshire Hathaway гэсэн 10 компани орж байна. Хувьцааны ханш хаа хүрэх вэ?...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу 

Онцлох хувьцаа #2: Өнгөрсөн Лхагва гарагт программ хангамжийн Salesforce компани улирлын тайлангаа танилцууллаа. Тайлан хүлээлтийг давсан нь сайн мэдээ болов. Ирээдүйд үзүүлэх программ хангамжийн үйлчилгээний дүн (RPO - Remaining performance obligation) улирлын эцэст $67.9 тэрбум гарч шинжээчдийн хүлээлт $68.61 тэрбумд хүрээгүй нь муу мэдээ боллоо...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу 

ГОЛ ӨНЦӨГ:

  • IV сард БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг 24.7%-иар өсөж, 2023 оны XI сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв.
  • Дотоод эрэлт сул хэвээр байгаа ч экспорт болон үйлдвэрлэгчийн үнийн өсөлт үйлдвэрлэлийн ашгийг дэмжлээ.
  • BYD зам тээврийн ослыг тэглэх зорилготой “God’s Eye” жолоочийн туслах системээ танилцуулав.
  • Компани үнийн өрсөлдөөнөөс технологийн өрсөлдөөн рүү шилжиж буйгаа харууллаа.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/

Онцлох статистик: БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг IV сард огцом өсөж, 2023 оны сүүлээс хойших хамгийн өндөр өсөлтөө бүртгэлээ. Өндөр технологи, уул уурхай болон эрчим хүчний салбарын ашиг сайжирсан нь нийт өсөлтийг дэмжсэн ч дотоод эрэлт болон үл хөдлөх хөрөнгийн салбарын сулрал эдийн засгийн сэргэлтийг жигд бус хэвээр үлдээж байна…Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/

Онцлох мэдээ: БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг IV сард 24.7%-иар өсөж, сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрэв

Лхагва гарагт нийтлэгдсэн албан ёсны статистикаар, аж үйлдвэрийн салбарын ашиг IV сард өмнөх оны мөн үеэс 24.7%-иар өссөн нь III сард бүртгэгдсэн 15.8%-ийн өсөлтөөс эрчимтэй хурдассан үзүүлэлт боллоо. Энэ нь 2023 оны XI сараас хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.

2026 оны эхний дөрвөн сарын байдлаар аж үйлдвэрийн нийт ашиг 18.2%-иар өссөн нь I улиралд бүртгэгдсэн 15.5%-ийн өсөлтөөс нэмэгдсэн үзүүлэлт болов…Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Онцлох мэдээ: BYD “God’s Eye” системээ танилцуулж, бүрэн автомат жолоодлогыг масс зах зээлд хүргэхээр зорьж байна.

Дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD бүрэн автомат жолоодлогын технологийг олон нийтэд хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд өөрийн боловсруулсан “God’s Eye” жолоочийн дэвшилтэт туслах системийг танилцууллаа.

Тус компанийн үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн дарга Ван Чуаньфугийн мэдээлснээр, системийн үнэ 12,000 юань (ойролцоогоор 1,770 ам.доллар) байх бөгөөд жолооч тодорхой нөхцөлд жолооны хүрднээс гараа салгах боломжтой аж. Мөн систем ажиллаж байх үед гарсан зам тээврийн ослын зардлыг BYD өөрөө хариуцахаа мэдэгджээ.

Ван Чуаньфу “Дэлхий даяар жил бүр 1.19 сая хүн зам тээврийн ослоор амиа алдаж, хэдэн арван сая хүн бэртэж гэмтдэг. Бидний эхний зорилго бол зам тээврийн ослыг тэглэх явдал” хэмээн онцолсон байна.

Түүний хэлснээр, шинэ үеийн автомашинууд олон тооны камер болон радарын системээр тоноглогдож, хүний нүднээс илүү өргөн хүрээнд орчныг тасралтгүй хянах боломжтой болжээ.

 

Түлхүүр үг:

Долоо хоногийн тойм

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)