Weekly Report №9

2025 он 9 сар 15 өдөр
44
0

ГАДААД, ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ

ГОЛ ӨНЦӨГ:

  • Инфляцийн түвшин 8.8%-тай гарч өнгөрсөн сараас 1.6% хувиар өслөө
  • УУБ-ийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
  • Хөрвөх чадварын судалгаа | 2025.8: I ангиллын хөрвөх чадвар 1.6%-р буурсан байна.
  • БНХАУ -н үндсэн инфляц буурсан хэдий ч суурь инфляц эсрэгээрээ өсөлттэй байна.
  • “BIDU” –с AI хөрөнгө оруулалт хийхээр бонд гаргахаа зарласнаар хувьцааны ханш 6 сарын дээд түвшинд хүрлээ.
  • Xpeng” бусад EV үйлдвэрлэгчдийг худалдан авахад бэлэн & 2026 онд гадаад зах зээлд “Mona” брэндийг борлуулна.
  • АНУ -н хөдөлмөрийн зах зээл базаахгүй дохио өгч байгаа өнөө үед инфляц бага зэрэг өсөж гарлаа.
  • Пүрэв гарагийн ХНС -н хурлаар бодлогын хүүг  буулгах магадлал 100.0% байна.

Дотоод зах зээл

Инфляцийн түвшин 8.8%-тай гарч өнгөрсөн сараас 1.6% нэгж хувиар өслөө 

2025 оны 8-р сард улсын инфляц өмнөх сараасаа 1.6% өсөв. Өсөлтийн гол шалтгаан нь хичээлийн улирал эхэлснээр сургуулийн төлбөр болон бусад боловсролын үйлчилгээ улирлын чанартай нэмэгдсэнтэй холбоотой. Энэ өөрчлөлт дангаараа сарын өсөлтийн тэн хагасыг эзэлсэн үзүүлэлт боллоо. Үүн дээр хүнс, тээврийн зардал бага зэрэг өссөн байна.

Улаанбаатар хотод инфляц сарын дүнгээр 2.1%, жилийн дүнгээр 9.8% хүрсэн байна. Сургалтын төлбөр сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байна. 2010 онд дунджаар 350-400 мянга орчим төгрөг байсан жилийн төлбөр өнөөдөр 2.5–5.4 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг болсныг харьцуулбал өсөлт нь хэд дахин өссөн байна. Сарын медиан орлогыг 2 сая төгрөг гэж тооцоход, нэг оюутны жилийн төлбөр хувь хүний жилийн орлогын 10–22 хувийг эзлэх хэмжээнд хүрч дундаж айлд мэдэгдэхүйц санхүүгийн дарамт мөн инфляцийн өсөлтөд ч гол нөлөө үзүүлж байна.

Түлхүүр үнийн хөдөлгөөн

Сарын дотор үхрийн цул махны үнэ бага зэрэг буурч, 1-р зэргийн гурил өссөн, харин АИ-92 бензиний үнэ тогтвортой хэвээр үлдсэн нь нийт инфляцын өсөлтийг тогтвортой байлгав.

УУБ-ийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ 

Засгийн газар 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосноос хойш компанийн борлуулалт, ложистикийн үзүүлэлт огцом сайжрав. Онцгой дэглэмийн хүрээнд зохион байгуулалтын багц арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 7–8 дугаар сарын сар бүрийн дундаж борлуулалт 2.7 сая тоннд хүрч, оны эхний хагас жилийн 1.7 сая тонны дүнгээс 1.6 дахин өссөн байна.

Наймдугаар сард хэлцлийн биржээр нийт 26 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, 2.1 сая тонн нүүрсийг 116.6 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалжээ. Биржийн шугамаар экспортолсон хэмжээ 739 мянган тоннд хүрч, долоодугаар сараас хоёр дахин нэмэгдсэн нь тээвэр, ачилтыг гүйцэтгэх шийдлүүдийн хугацааг 2–3 дахин богиносгосонтой холбоотой гэж тайлбарлав. Мөн 2023–2024 онд байгуулагдсан ч хэрэгжилт нь саатсан 29 гэрээнээс 11-ийг нь шийдвэрлэн, тээвэрлэлтийг эхлүүлээд байна.

Онцгой дэглэм тогтоосны эхний хоёр сарын нийлбэрээр төлөвлөсөн ажлууд биелж, сарын дундаж борлуулалт 1.6, биржийн гэрээт тээвэрлэлт 1.5, экспорт 1.2, орлого 1.3, олборлолт 1.1 дахин тус тус өссөн дүн гарлаа. Цаашид өмнө нь өндөр үнээр худалдан авалт хийчихээд ачилтаа зогсоосон, гэрээний үүргээ биелүүлээгүй худалдан авагчидтай хэлэлцээг эрчимжүүлэх, биржийн арилжаа болон ачилтын хэмжээг нэмэгдүүлэх, компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг тогтворжуулах, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар даалгасан байна.

Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн мэдээлснээр дээрх үзүүлэлтүүд сайжирснаар онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон эрсдэл, саатлууд үндсэндээ арилж, олборлолт–тээвэр–борлуулалтын бүх шатанд ахиц гарчээ.

Хөрвөх чадварын судалгаа | 2025.8: I ангиллын хөрвөх чадвар 1.6%-р буурсан байна.

Наймдугаар сард I ангиллын хөрвөх чадвар өмнөх сараас 1.6%-иар буурч, зах зээлийн идэвх цөөн том ХК-руу төвлөрсөн хэвээр. Өдрийн дундаж арилжааны дүн 267.2 сая төгрөг байсан нь өнгөрсөн оны наймдугаар сарын 472.1 саяас болон 2024 оны арван хоёрдугаар сарын 709.8 саяын оргилоос доогуур түвшинд хэвээр байгаа ч өнгөрсөн сартай ижил түвшинд байна. Жилийн эхнээс I ангиллын нийт арилжаа 72.9 тэрбум төгрөг хүрч, үүний 29%-ийг ХААН Банк дангаараа бүрдүүлж байна.

Харин хувьцаа тус бүрээс харвал арилжааны идэвх нэмэгдсэн нь Голомт ХК ба 17.7 сая төгрөгөөр идэвх нь өссөн байна. Мөн арилжааны идэвхээ дагаад хувьцааны үнэ бусад хувьцаанд өссөн дүр зурагтай байна. 
Нийт арилжааны идэвхээр 7 болон 8-р сар бараг ижил түвшинд байсан ба эсрэгээрээ хамгийн арилжаа ХААН банкны арилжаа идэвх 23 хувиар буурч Голомт банкны арилжаа идэвх 34 хувиар өссөн байна.

Гадаад зах зээл

Өмнөх 7 хоногийн статистик

CPI буюу Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.

PPI гэдэг нь үйлдвэрлэгчдийн худалдан авсан болон зарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлт юм.  Үйлдвэрлэгчдийн худалдан авалтын зардал өсөх, өөрсдийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх зэрэг нь ихэвчлэн хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж инфляцыг өдөөх нөлөө үзүүлдэг.

 

Өнгөрсөн Лхагва гарагт БНХАУ –н 8 –р сарын “CPI”, “PPI” зарлагдлаа. Инфляц сүүлийн 6 сарын доод түвшин буюу -0.4% -д хүрч шинжээчдийн хүлээлт -0.2% -с бага гарлаа. Дотоодын эрэлт сул, илүүдэл нийлүүлэлт үнэд сөрөг нөлөөлсөн, гадаад худалдааны тодорхойгүй байдлаас шалтгаалан экспортлогчид бараа материалаа эргэлдүүлж, агуулахаа суллаж чадахгүй байгаа зэрэг нь БНХАУ –г дефляцийн дарамтанд оруулж байна.

Гэсэн хэдий ч тухайн өдөр “HSI” индекс өссөн байна. Хэлбэлзэл ихтэй бүтээгдэхүүнүүдийг инфляц 8 –р сард 0.9% өсөж гарсан буюу бодлого боловсруулагчдын гол анхаарлаа хандуулдаг суурь инфляц өсөлттэй байна. Энэ нь зах зээлд бүр эерэг мэдээ болсон байх магадлалтай. Тиймээс өнөөдөр “HSI” индекс инфляц -0.4% гараад байхад өссөн байх боломжтой ажээ.

Нөгөө талаас үйлдвэрлэгчдийн үнийг хэмждэг “PPI” индекс 35 дахь сардаа дараалан уналттай гарлаа. Гэхдээ энэ удаа хүлээлтийн дагуу 2.9% унасан нь Бээжингээс үнийн дайныг чиглэсэн бодлого хэрэгжүүлж эхэлсний үр дүн байх боломжтой.

“BIDU”

Өнгөрсөн Даваа гарагт интернэт хайлтын системийн аварга “BIDU” –с оффшор зах зээл дээр юанийн бонд гаргаж, компанийн ерөнхий үйл ажиллагаа болон хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэнээр хувьцааны ханш хүчтэй өсөлт үзүүлсэн. “BIDU” –н хувьцааны ханш сүүлийн 6 сарын дээд түвшиндээ хүрсэн буюу Лхагва гарагийн 12:00 цагт HKD$ 109.9 дээр арилжаалагдаж байна.

Одоогийн байдлаар бондын дүн, хугацаа, хүүгийн мэдээлэл албан ёсоор ил болоогүй. Харин шуум мэдээллээс харвал бондын дүн RMB 4 тэрбум юань буюу $559 сая ам.доллар, 3.5 жилийн хугацаатай байх магадлалтай байна.

"Xpeng"

“Xpeng” –н CEO He Xiaopeng Мягмар гарагт “CNBC” –д өгсөн ярилцлагадаа “Олон улсын зах зээлд тэлэх үйл ажиллагаа төсөөлж байснаас хурдан явж буйг онцолж, анх удаагаа бусад EV үйлдвэрлэгчдийг худалдан авахад нээлттэй” хэмээн хэлжээ.

“Xpeng” –н зүгээс 2026 онд Европын зах зээлд “Mona” брэндээ борлуулах төлөвлөгөөтэй. Масс зах зээлийг онилсон, хямд үнэтэй EV брэнд “Mona” нь өнгөрсөн жил “M03” загвараараа дебут хийж, , RMB 119,000 юаниар эх газрын Хятадад зарагдаж эхэлж байсан билээ.

Дөнгөж хоёрхон жилийн өмнө “XPeng” гадны 3-5 орны зах зээлд нэвтэрсэн бол өдгөө 60 гаруй орны зах зээлд нэвтэрч, 2025 оны зорилтоо биелүүлсэн хэмээн He Xiapeng хэлжээ.

He Xiaopeng –н зүгээс эх газрын Хятадад өрсөлдөөн ширүүсэж, зарим компани дампуурч эхэлж байгааг тодотгож, “Хэрэв бидэнд боломж олдвол зарим компанийг авахыг хүсэж байна.” хэмээн хэлжээ.

Hang Seng Index - Техник шинжилгээ 

Хонг Конгын хөрөнгийн биржийн HSI индекс сувгийн хөдөлгөөний дагуу өсөлтөө үргэлжлүүлсээр. Өнгөрсөн 7 хоногт HSI индексийн фьючерс ханш 3.9% -н өсөлттэй байв. Ханш HKD$ 27,000 хүрэх өндөр магадлалтай.

Өнгөрсөн 7 хоногт юу болов ?

 CPI буюу Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.

PPI гэдэг нь үйлдвэрлэгчдийн худалдан авсан болон зарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлт юм.  Үйлдвэрлэгчдийн худалдан авалтын зардал өсөх, өөрсдийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх зэрэг нь ихэвчлэн хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж инфляцыг өдөөх нөлөө үзүүлдэг.

 

АНУ -н инфляц буюу Хэрэглэгчийн Үнийн Индекс /ХҮИ/ өнгөрсөн 7 -р сард 2.7% -тай байсан бол 8 -р сард 20 нэгж хувиар өсөж 2.9% гарчээ. Сарын өсөлтөөр ХҮИ нь 8 -р сард 0.4% өссөн буюу хүлээлт 0.3% -с өндөр гарав. Энэ нь 2025 оны 2 -р сараас хойших сарын хамгийн өндөр өсөлт болжээ.

Нөгөө талаас хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт болох ажилгүйдлийн тэтгэмж хүссэн иргэдийн тоо хүлээлт 225,000 -г эвдэж 263,000 гарав. Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт нь 8 -р сард шинээр бий болсон ажлын байрны тоо хэмжээ буюу "NFP" дөнгөж 22,000 гараад байсан. Эдгээр нь хөдөлмөрийн зах зээл суларч буйг илэрхийлж, энэ 7 хоногт болох ХНС -н хурлаар хүүг буулгаж эхлэхийг шаардаж байна.

Дээрх статистикууд гарсны дараа ХНС хүүг 50 нэгж хувиар буулгах магадлал 10% -с буурч 3.8% болсон бол 25 нэгж хувиар буулгах магадлал 90% -с 96.2% болж өсжээ. Энэ нь инфляц хүлээлтээс бага зэрэг өндөр гарсантай холбогдон, хүүг их хэмжээгээр буулгахгүй байх гэсэн таамаглал зах зээл дээр үүссэнтэй холбоотой байх боломжтой.

Энэ 7 хоногт юу хүлээгдэж байна ?

Retail Sales нь иргэдийн хийсэн жижиглэн худалдааны дүнгийн өөрчлөлтийг хэмждэг хэрэглээний зардлын үндсэн хэмжүүр юм. Хэрэглэгчдийн худалдан авалт өсөх нь эдийн засгийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй.

Initial jobless claims – Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногт шинээр ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасан иргэдийн тоо хэмжээг харуулдаг. Хөрөнгийн зах зээлийн хувьд чухал үзүүлэлтүүдийн нэгт тооцогддог.

Fed Interest Rate Decision – АНУ –н төв банк болох ХНСангийн ээлжит мөнгөний бодлогын хурлын дагуу бодлогын хүүг бууруулах, хэвээр үлдээх, өсгөхтэй холбогдсон шийдвэрийг хэлнэ.

 

Мягмар гарагт дотоод эрэлт буюу иргэдийн жижиглэн худалдан авалтын статистик гарна.

Монголын цагаар Лхагва гарагаас Пүрэв гарагт шилжих шөнө ХНС хуралдаж, бодлогын хүүгийн шийдвэрийг гаргана.

S&P 500 - Техник шинжилгээ

Өнгөрсөн долоо хоногт "S&P 500" индексийн фьючерс ханш 1.6% өсөлттэй арилжаалагдлаа. Яг одоогийн байдлаар S&P500 индексийн өсөлтийн хөдөлгөөн дуусаагүй харагдаж байна. 

Өнгөрсөн 4 -р сард "S&P 500" фьючерс ханш Donald Trump -н тарифын сөрөг нөлөөгөөр доошоо өмнөх ёроолууд хүртэл унасан хэдий ч уг бүсүүдийг доош сэтлээгүй буюу дэмжлэг авч өссөн.

Буцаад өсөх өсөхдөө 2025 оны 6 -р сард шинэ "All Time High" тогтоолоо. Хэрэв уг өсөлтийн хөдөлгөөн үргэлжилбэл цаашаа $7,500 хүртэл өсөх боломжтой юм.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Weekly Report №9

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)