Долоо хоногийн тойм (2026.11.16-2026.11.20)

Гол өнцөг:
- Хөсөг трейд ХК (HSG) долоо хоногийн нийт арилжааны 45%-ийг дангаараа бүрдүүлэв
- Инфляц 10 дугаар сард 13.4% болж, энэ оны хамгийн өндөр түвшинд хүрэв

Макро эдийн засаг: Өсөлт 7.3% хүрч, инфляц 13.4% болж өслөө
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний 9 сард бодитоор 7.3%-иар өссөн нь өмнөх оны мөн үеийн 5.9%-иас 1.4 нэгж хувиар өндөр боловч эхний хагас жилийн 7.7%-иас саарсан үзүүлэлт юм. Нэрлэсэн ДНБ 79.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 28.5%-иар нэмэгдлээ. Инфляц 10 дугаар сард улсын хэмжээнд 13.4% (Улаанбаатарт 12.1%) болж, 9 дүгээр сарын 12.9%-иас дахин өсөж энэ оны хамгийн өндөр түвшинд хүрсэн бол суурь инфляц 7.0% байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 11 дүгээр сарын 3-нд хуралдаж бодлогын хүүг 12.5%-д хэвээр хадгалсан бөгөөд инфляц 6%-ийн зорилтоос нэлээд дээгүүр байна.
Мөнгөний нийлүүлэлт (M2) 10 дугаар сарын эцэст 56.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 26.4%-иар, банкны салбарын зээлийн үлдэгдэл 50.0 их наяд төгрөг болж 15.0%-иар тус тус өсөв. Банкны системийн нийт актив 94.0 их наяд төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 27.4%-иар нэмэгджээ. Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 11 дүгээр сарын 16-ны байдлаар 14.7 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 46.4%-иар их байна.
Гадаад секторт 2026 оны эхний 10 сард экспорт 17.9 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 45.3%-иар, импорт 11.0 тэрбум ам.доллар болж 16.3%-иар өссөнөөр гадаад худалдааны тэнцэл 6.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа (2025 оны мөн үед 2.9 тэрбум). Төлбөрийн тэнцэл эхний 9 сард 1.69 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеийн 53.2 сая ам.доллараас эрс нэмэгдсэн дүн юм. Гадаад валютын улсын нөөц 10 дугаар сарын эцэст 8.76 тэрбум ам.доллар болж, 9 дүгээр сарын 8.90 тэрбумаас 1.5%-иар буурсан ч жилийн өмнөхөөс 48.2%-иар өндөр байна. Монголбанк эхний 10 сард 15.4 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 21.9%-иар их байна.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2026 оны эхний 10 сард 25.96 их наяд төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 27.40 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.44 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийн 1.59 их наяд төгрөгийн алдагдлаас 149.8 тэрбум төгрөгөөр бага байна.
Хөсөг трейд ХК (HSG) долоо хоногийн нийт арилжааны 45%-ийг дангаараа бүрдүүлэв
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт ₮8.92 тэрбумын үнийн дүнтэй 8.06 сая ширхэг үнэт цаас 15,752 хэлцлээр арилжаалагдсан байна. Арилжааны үнийн дүнгээр Хөсөг трейд ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Хаан банк ХК, Таван толгой ХК болон Худалдаа хөгжлийн банк ХК зэрэг компаниуд зах зээлийг тэргүүлжээ.

Индексүүдийн хувьд MSE A индексээс бусад нь долоо хоногийг бууралттай хаасан бөгөөд TOP-20 индекс -0.38%, MSE A индекс 0.20%, MSE B индекс -3.35%, FTI индекс -5.90%-иар тус тус өөрчлөгдсөн байна. Долоо хоногийн эцэст зах зээлийн үнэлгээ ₮16.75 их наяд байлаа. Хөсөг трейд ХК-ийн хувьцаа ₮4.02 тэрбумын үнийн дүнтэй арилжаалагдаж, долоо хоногийн нийт арилжааны 45.1%-ийг ганцаараа бүрдүүлэв.
Гэсэн хэдий ч Хөсөг трейд ХК-ийн хувьцааны хаалтын ханш ₮41,000 болж, долоо хоногийн турш 14.94%-иар буурч хамгийн их уналттай хувьцаануудын тоонд орсон байна. Харин өсөлтөөр Гранд систем ХК (LOT) 32.23%-иар тэргүүлж, Хөвсгөл хүнс ХК (HHS) 18.31%, Алтайн зам ХК (AZH) 17.67%-иар өсөв.

ГОЛ ӨНЦӨГ:
- БНХАУ-ын X сарын жижиглэн худалдааны борлуулалт 0.4%-иар өсөж, шинжээчдийн 1.07%-ийн таамагт хүрсэнгүй.
- Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт эхний 10 сард 8.1%-иар, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 21.6%-иар буурав.
- Экспорт болон өндөр технологийн үйлдвэрлэл эдийн засгийг дэмжиж байгаа ч дотоодын эрэлт сул хэвээр байна.
- 2027 онд Хонконгийн IPO зах зээлийн идэвх эргэн нэмэгдэнэ
- 2026 оны эхний 10 сард 121 компани IPO хийж, 403.9 тэрбум хонконг доллар татан төвлөрүүлжээ.
- Хиймэл оюун, хагас дамжуулагч, робот болон цэвэр технологийн компаниуд зах зээлийн гол хөдөлгөгч хэвээр байх төлөвтэй байна.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох статистик: БНХАУ-ын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 2026 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 8.1%-иар буурав. Уналт эхний есөн сарын 7.2%-иас гүнзгийрч, шинжээчдийн таамагласан 6.92%-ийн бууралтаас давжээ...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Онцлох мэдээ #1: “Алтан долоо хоног” ч хэрэглээг сэргээсэнгүй: БНХАУ-ын жижиглэн худалдааны өсөлт 0.4%-д саарав
БНХАУ-ын хэрэглээ, хөрөнгө оруулалт X сард хүлээлтээс сул гарч, эдийн засгийн сэргэлт экспорт болон үйлдвэрлэлд хэт төвлөрсөн хэвээр байгааг харууллаа. Үндэсний баярын долоо хоногийн амралт аялал, худалдааг дэмжсэн ч өрхийн зарцуулалтад хүчтэй сэргэлт авчирч чадсангүй.
Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, X сарын жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 0.4%-иар өсөж, 4.65 их наяд юаньд хүрэв. Энэ нь шинжээчдийн таамагласан 1.07%-ийн өсөлтөөс доогуур төдийгүй IX сарын 1.1%-ийн өсөлтөөс саарсан үзүүлэлт боллоо.
Хот суурин газрын жижиглэн худалдаа 0.2%-иар, хөдөө орон нутгийн худалдаа 1.5%-иар өсжээ. Барааны борлуулалт 0.3%-иар, нийтийн хоолны үйлчилгээний орлого 0.7%-иар нэмэгдсэн байна.
Зарим хэрэглээ өмнөх сард шилжсэн нь X сарын үзүүлэлтэд нөлөөлснийг статистикийн байгууллага тайлбарлав. Тухайлбал, Намрын дунд сарын баяр 2025 онд X сард тохиож байсан бол энэ жил IX сард болсон тул баяртай холбоотой зарцуулалтын тодорхой хэсэг өмнөх сард хийгджээ...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

HK IPO: Хонконгийн IPO зах зээл 2027 онд эргэн сэргэх төлөвтэй байна
Хонконгийн IPO зах зээлийн идэвх сүүлийн саруудад саарсан ч 2027 онд эргэн сэргэх боломжтой гэж “JPMorgan” үзлээ. Үүнд IPO хийхээр бэлтгэж буй компаниудын тоо нэмэгдэж, эх газрын БНХАУ-ын томоохон компаниуд олон улсын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах сонирхолтой хэвээр байгаа нь голлон нөлөөлөхөөр байна.
“JPMorgan”-ийн олон улсын хувьцааны хөрөнгийн зах зээл хариуцсан захирал “Сунил Дупелиа” IPO хийхээр бэлтгэж буй компаниудын жагсаалтыг “маш хүчтэй” хэмээн тодорхойлжээ. Түүний үзэж буйгаар, III улирал болон IV улирлын эхэнд ажиглагдсан сааралт нь зах зээлийн өндөр савлагаатай холбоотой түр зуурын үзэгдэл юм.
“HKEX”-ийн мэдээлснээр, 2026 оны эхний 10 сард Хонконгийн биржид 121 компани шинээр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 49%-иар өссөн үзүүлэлт болов. IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгө 84.4%-иар нэмэгдэж, 403.9 тэрбум хонконг долларт хүрчээ.
Харин X сард ердөө гурван компани шинээр бүртгэгдсэн нь зах зээлийн идэвх оны эхний хагастай харьцуулахад огцом саарсныг харууллаа. Хиймэл оюун болон роботын компаниудын хувьцааны ханшийн уналт, өндөр хүү болон геополитикийн эрсдэл хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх сонирхлыг бууруулсан байна.
Гэсэн хэдий ч Хонконгийн хувьцааны зах зээлээр дамжуулан татсан нийт санхүүжилтийн хэмжээ X сарын 27-ны байдлаар 121.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 55%-иар нэмэгджээ. Эх газрын БНХАУ-д энэ үзүүлэлт хоёр дахин өсөж, 70.4 тэрбум ам.доллар болсон байна.…Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


