“Алтан долоо хоног” ч хэрэглээг сэргээсэнгүй: БНХАУ-ын жижиглэн худалдааны өсөлт 0.4%-д саарав

ГОЛ ӨНЦӨГ
- X сарын жижиглэн худалдааны борлуулалт 0.4%-иар өсөж, шинжээчдийн 1.07%-ийн таамагт хүрсэнгүй.
- Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт эхний 10 сард 8.1%-иар, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 21.6%-иар буурав.
- Экспорт болон өндөр технологийн үйлдвэрлэл эдийн засгийг дэмжиж байгаа ч дотоодын эрэлт сул хэвээр байна.
БНХАУ-ын хэрэглээ, хөрөнгө оруулалт X сард хүлээлтээс сул гарч, эдийн засгийн сэргэлт экспорт болон үйлдвэрлэлд хэт төвлөрсөн хэвээр байгааг харууллаа. Үндэсний баярын долоо хоногийн амралт аялал, худалдааг дэмжсэн ч өрхийн зарцуулалтад хүчтэй сэргэлт авчирч чадсангүй.
Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, X сарын жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 0.4%-иар өсөж, 4.65 их наяд юаньд хүрэв. Энэ нь шинжээчдийн таамагласан 1.07%-ийн өсөлтөөс доогуур төдийгүй IX сарын 1.1%-ийн өсөлтөөс саарсан үзүүлэлт боллоо.
Хот суурин газрын жижиглэн худалдаа 0.2%-иар, хөдөө орон нутгийн худалдаа 1.5%-иар өсжээ. Барааны борлуулалт 0.3%-иар, нийтийн хоолны үйлчилгээний орлого 0.7%-иар нэмэгдсэн байна.
Зарим хэрэглээ өмнөх сард шилжсэн нь X сарын үзүүлэлтэд нөлөөлснийг статистикийн байгууллага тайлбарлав. Тухайлбал, Намрын дунд сарын баяр 2025 онд X сард тохиож байсан бол энэ жил IX сард болсон тул баяртай холбоотой зарцуулалтын тодорхой хэсэг өмнөх сард хийгджээ.
Хөрөнгө оруулалтын уналт гүнзгийрэв
БНХАУ-ын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 2026 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 8.1%-иар буурав. Уналт эхний есөн сарын 7.2%-иас гүнзгийрч, шинжээчдийн таамагласан 6.92%-ийн бууралтаас давжээ.
Үүнээс:
- Дэд бүтцийн хөрөнгө оруулалт 5.1%-иар;
- Үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт 2.9%-иар;
- Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 11.4%-иар;
- Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 21.6%-иар тус тус буурсан байна.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хоёр оронтой хувиар агшсан нь компаниуд эрэлт, ашигт ажиллагааны төлөвт болгоомжтой хэвээр байгааг харуулж байна. Харин мэдээллийн үйлчилгээ, сансар болон электроник, харилцаа холбооны тоног төхөөрөмж зэрэг өндөр технологийн салбарын хөрөнгө оруулалт өссөн нь хөрөнгийн урсгал уламжлалт салбараас технологийн шинэ чиглэл рүү шилжиж байгааг илтгэлээ.
Үйлдвэрлэлийн өсөлт мөн саарав
Аж үйлдвэрийн үйлдвэрлэл X сард 4.8%-иар өссөн нь IX сарын 5.5%-ийн өсөлтөөс саарсан үзүүлэлт болов. Гэхдээ өндөр технологийн үйлдвэрлэл 17.6%-иар, компьютер, харилцаа холбоо болон электрон төхөөрөмжийн үйлдвэрлэл 19.4%-иар өсөж, нийт үйлдвэрлэлийн салбарыг дэмжжээ.
Энэ нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг өрхийн хэрэглээнээс илүү экспорт, технологи болон үйлдвэрлэлийн нийлүүлэлт тэтгэж байгааг харуулж байна. Гэвч хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт сэргэхгүй бол үйлдвэрлэлийн өсөлт нийт эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт болон өрхийн орлогод бүрэн дамжих боломж хязгаарлагдана.
Үл хөдлөх хөрөнгийн дарамт үргэлжлэв
Эхний 10 сард шинэ орон сууцны борлуулалтын талбай 13.7%-иар, борлуулалтын үнийн дүн 14.3%-иар буурчээ. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын уналт эхний есөн сарын 20.6%-иас 21.6% болж гүнзгийрсэн байна.
Гэсэн хэдий ч томоохон хотуудад тогтворжих зарим шинж тэмдэг ажиглагдав. Нэгдүгээр зэрэглэлийн хотуудын шинэ орон сууцны үнэ өмнөх сараас өөрчлөгдөөгүй бол хуучин орон сууцны үнэ 0.2%-иар өсжээ. “ING”-ийн БНХАУ хариуцсан ахлах эдийн засагч “Линн Сонг”-ийн онцолсноор, “Шанхай”-н хуучин орон сууцны үнэ есөн сар дараалан нэмэгдсэн нь зах зээлийн гол төвүүдэд сэргэлт илүү бодит болж эхэлсний дохио байж болох юм.
Гэхдээ том хотуудын үнийн тогтворжилтыг улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн зах зээл бүрэн сэргэсэн гэж үзэхэд эрт байна.
ДҮГНЭЛТ
X сарын мэдээлэл БНХАУ-ын эдийн засгийн гол асуудал үйлдвэрлэлийн хүчин чадал бус, дотоодын эрэлтийн сул байдал хэвээр байгааг харууллаа. Экспорт, өндөр технологийн үйлдвэрлэл болон төрийн дэмжлэг эдийн засгийн өсөлтийн зорилтыг биелүүлэхэд тусалж байгаа ч өрхийн хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүчтэй сэргэлт хараахан бий болоогүй байна.
Жилийн 4.5–5.0%-ийн өсөлтийн зорилтын доод түвшинд хүрэх боломж хэвээр байгаа тул Бээжин он дуустал томоохон шинэ багц арга хэмжээ зарлах магадлал бага байна. Харин 2027 оны эдийн засгийн бодлогын гол сорилт нь экспорт, үйлдвэрлэлд түшиглэсэн өсөлтийг өрхийн хэрэглээ болон хувийн хөрөнгө оруулалтаар илүү тэнцвэртэй дэмжих явдал болно.
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
БНХАУ
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


