Долоо хоногийн тойм (12.22-12.26)

2025 он 12 сар 26 өдөр
212
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Зэсийн экспортийн орлого нүүрсний орлогын түвшинд ойртлоо
  • Он гараад ногдол ашгаас өгөөж хүртэх үү? Ханшийн өсөлтөөс өгөөж хүртэх үү?

Онцлох статистик: Зэсийн экспортийн орлого нүүрсний орлогын түвшинд ойртлоо 

Монгол Улсын хувьд зэсийн экспортын орлого нүүрснийхтэй ойролцоо түвшинд хүрч байгаа нь эдийн засагт маш чухал нөлөө үзүүлж 2 тулгууртай болж буйг илэрхийлж байна. 2025 оны XI сард жилийн дүнгээр зэсийн экспортын орлого 74.2%-иар өсөж, $5.4 тэрбумд хүрсэн бол нүүрсний экспортын орлого 37.7%-иар буурч, $5.6 тэрбум болсон байна. Ингэснээр зэсийн орлого нүүрснийхтэй бараг дүйцэх хэмжээнд очсон нь бодит жишээгээр харагдаж байна. Оны эцэст ч энэхүү хандлага үргэлжлэх төлөвтэй байгаа ба зэсийн үнэ бүх цаг үеийн дээд цэгтээ хүрээд байна. 

Энэ өөрчлөлтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг дараах байдлаар ангилж болно.

Эдийн засгийн төрөлжилт ба тогтворжилт | Монголын экспортын 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрддэг бөгөөд өмнөх жилүүдэд нүүрс давамгайлж байсан. Харин зэсийн орлого өсөж, нүүрсний орлого буурсан нөхцөлд нийт экспортын орлого харьцангуй тогтвортой хадгалагдаж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна. Тухайлбал, 2025 оны эхний хагаст эдийн засаг 5.7%-иар өссөн нь Оюу Толгойн уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой зэсийн экспортын өсөлттэй шууд хамааралтай. Энэ нь нүүрсний үнийн уналтаас үүдсэн орлогын алдагдлыг тодорхой хэмжээнд нөхөж, төсвийн орлогыг хамгаалж байна. 

Дэлхийн чиг хандлагатай нийцэх байдал | Зэс нь сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин зэрэг “ногоон” эдийн засгийн гол түүхий эд тул урт хугацаанд эрэлт өсөх төлөвтэй. Харин нүүрс нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах дэлхийн бодлоготой холбоотойгоор эрэлт нь буурах хандлагатай байна. Иймд зэсийн орлого нэмэгдэж буй нь Монголын эдийн засгийг илүү тогтвортой, ирээдүйд чиглэсэн бүтэц рүү аажмаар шилжих боломжийг бүрдүүлж байна. 

Төсөв, хөрөнгө оруулалтын боломж | Экспортын орлого тогтвортой байх нь төсвийн алдагдлыг хязгаарлаж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт зарцуулах боломжийг нэмэгдүүлнэ. 2025 оны эдийн засгийн өсөлтийн 5.5–6.6%-ийн таамаг нь зэсийн үйлдвэрлэл нэмэгдэх хүлээлттэй шууд холбоотой. 

Үнийн хэлбэлзлийн эрсдэл | Зэс нүүрсийг орлож буй мэт харагдавч хоёулаа олон улсын зах зээлийн үнийн хэлбэлзэлд өндөр мэдрэг хэвээр байна. 2025 оны эхний хагаст нүүрсний үнэ буурснаар ойролцоогоор 2.7 тэрбум ам.долларын орлого алдагдсан.  

Гадаад зах зээлээс хэт хамаарал | Монголын экспортын 90 орчим хувь нь БНХАУ-д чиглэдэг. Хятадын эдийн засгийн өсөлт саарах, худалдааны бодлого өөрчлөгдөх тохиолдолд экспортын орлого шууд нөлөөлөлд орно. Зэсийн орлого нэмэгдсэн нь зах зээлийн энэ хараат байдлыг бууруулахгүй, харин уул уурхайн салбарын хэт төвлөрлийг үргэлжлүүлж байна. 

Дүгнэлт

Зэсийн экспортын орлого нүүрснийхтэй дүйцэх хэмжээнд хүрч буй нь богино хугацаанд Монголын эдийн засгийг тогтворжуулах эерэг нөлөө үзүүлж байна. Гэсэн ч урт хугацаанд уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг бууруулж, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг салбарыг хөгжүүлэх бодлого зайлшгүй шаардлагатай хэвээр байна. Төрийн бодлого энэ боломжийг ашиглан илүү тогтвортой, төрөлжсөн эдийн засгийн суурийг бий болгох нь чухал юм. 

Онцлох хувьцаанууд:  Ногдол ашиг уу? Ханшийн өсөлт үү? 

Ногдол ашиг тараадаг компаниудын хувьцааны ханш жилийн эцсээр өсөх хандлагатай байдаг. Гэхдээ үүний дараа ч хувьцаанаас ашиг хүртэх боломж байсаар байдаг. Учир нь компаниудын ногдол ашиг тараах шийдвэрээс шалтгаалан хувьцааны ханш “Бүртгэлийн өдөр” хүртэл өсөх хандлагатай байдаг. Тиймээс та шинэ он гарсны дараа ч ногдол ашиг тараадаг дараах хувьцаат компанийн хувьцааг ажиглах нь зүйтэй. 

Дээрх 12 хувьцаат компаниудын сүүлийн 5 жилийн ногдол ашгийн бүртгэлийн өдөр хүртэлх ханшийн өсөлт болон ногдол ашгийн өгөөжийг графикт харьцуулан харуулав. Дунджаар хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй нь Таван Толгой ХК байгаа бол удаах байрт ХААН банк орсон байна. Өгөөжийн харьцуулалтаас харахад, ногдол ашгийн өгөөж нь илүү тогтвортой бөгөөд өрсөлдөхүйц өгөөжтэй байна. Тиймээс он гарсны дараа ч хувьцаанаас ханшийн өсөлт болон ногдол ашгийн өгөөжийн аль нэгийг сонгох боломжтой хэвээр байна.  

Сүүлийн 5 жилийн хугацаанд эдгээр хувьцаат компаниуд ногдол ашгаа бүртгэлийн өдрөөс хойш дунджаар 84 хоногийн дараа хөрөнгө оруулагчдын дансанд шилжүүлсэн байна. Харин Банк болон Банк бус санхүүгийн байгууллагууд дунджаар 27 хоногийн дотор илүү богино хугацаанд ногдол ашгаа дансанд нь байршуулж иржээ. 

Дээрхээс харахад ханшийн өгөөж, ногдол ашгийн өгөөж аль аль нь өндөр байгаа хувьцаанууд нь TTL, KHAN, SBM, LEND, XAC, MNDL юм. Тиймээс яг одоо 2026 он гараад л “хувьцаа авна” гэсэн шинэ зорилт тавьж буй хөрөнгө оруулагчдын хувьд энэхүү мэдээлэл нь хэрэгтэй луужин болж өгнө гэж найдаж байна.  

ГОЛ ӨНЦӨГ:

  • АНУ-н эдийн засгийн өсөлтийг өндөр орлоготой өрхүүд болон том корпорацууд чирж эхэллээ.
  • Өнөөгийн бизнесийн орчин, ажил эрхлэлтийг иргэд сөргөөр харж байна.
  • ХНСангийн I сарын хурлаар хүүг хэвээр үлдээх магадлал өсөж 85%-руу өсөв.
  • Үнэт металлууд түүхэн дээд ханшаа шинэчилж, үнэт металл олборлогчдын хувьцаа өсөв
  • Uber, Lyft, Baidu хамтран Англид роботакси явуулна.
  • Сүлжээний хаан хочтой Broadcom-н хувьцааг аль бүсээс авах вэ?

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/

Онцлох статистик: АНУ-н эдийн засаг сүүлийн 2 жилийн хугацаан дахь хамгийн өндөр улирлын /QoQ/ өсөлтөө үзүүллээ. 2025 оны III улиралд ДНБ өмнөх улиралтай харьцуулахад хүлээлт 3.8%-г давж 4.3% өслөө. 2025 оны II улиралд ДНБ 3.3% өсөж байв. Үүнд АНУ-н компаниудын тоног төхөөрөмж & хиймэл оюунд (AI) хийж буй хөрөнгө оруулалт, ЗГ-н батлан хамгаалалт дээр төвлөрсөн зарцуулалт зэрэг нь эергээр нөлөөлжээ.

ING-н ахлах эдийн засагч James Knightley-с “Эдийн засаг K-хэлбэртэй боллоо. Өөрөөр хэлбэл өндөр орлоготой өрхүүд болон томоохон корпорацуудын хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж тэдгээрийн ДНБ-д үзүүлэх нөлөө өссөн. Харин бага орлоготой бүлэг болох жижиг бизнесүүдийн хувьд дөнгөж амиа барьж байна. Үүнд цагаачлалын хяналт чангарч хямд өртөгтэй ажиллах хүчний нийлүүлэлт багасаж, бизнес эрхлэгчид хүндхэн байдалд орсон нөлөөтэй. Энэ K хэлбэрийн эдийн засаг 2026 онд ч үргэлжилж технологийн компаниудын зарцуулалт болон өндөр орлоготой өрхийн өндөр хэрэглээ хэвээр байж ДНБ-г үргэлжлүүлэн өсгөх төлөвтэй” хэмээн хэллээ.

Durable Goods Orders: АНУ-д үйлдвэрлэсэн удаан эдэлгээтэй барааны шинэ захиалга 2025 оны X сард өмнөх сараас 2.2%-р буурч, $307.4 тэрбум ам.доллар боллоо. Энэ нь өмнөх IX сарын өсөлт 0.7%-г бүрэн няцаасан үзүүлэлт боллоо. Басхүү хүлээлт -1.5%-иас илүү хүчтэй уналт үзүүллээ. 

Батлан хамгаалалтын нисэх онгоцны захиалга -32.4% буурч $6.1 тэрбум, батлан хамгаалахын бус нисэх онгоцны захиалга -20.1% буурч $17.4 тэрбумд хүрсэнтэй холбогдон нийт тээврийн хэрэгслийн шинэ захилга -6.5% буурч $103.8 тэрбум гарав. Цаашилбал капиталын хөрөнгийн захиалга -5.6% буурч $107.4 тэрбум, боловсруулаагүй металлын бүтээгдэхүүний захиалга 0.7% буурч $27.2 тэрбум болжээ. Эсрэгээрээ боловсруулсан металлын бүтээгдэхүүний захиалга 0.5% өсөж $41.9 тэрбум, машин механизмын захиалга 0.8% өсөж $40 тэрбум болжээ. Үүний зэрэгцээ бизнесүүдийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний “proxy” болгон ач холбогдол өгдөг, нисэх онгоцыг хассан батлан хамгаалалтын бус хөрөнгийн захиалга нь 0.5% өсжээ.

Иргэд ЭЗ-г юу гэж харав?: Conference Board-с тооцдог хэрэглэгчдийн итгэлийн индекс 5 дахь сардаа дараалан буурлаа. Тодруулбал XII сард уг индекс 92.9-с 89.1 болж 3.8 нэгжээр буурлаа. Энэ нь иргэдийн эдийн засагт итгэх итгэл улам гутранги болж буйг илтгэлээ. CB-н зүгээс “Одоогийн нөхцөл байдлын индекс буюу хэрэглэгчид өнөөгийн бизнесийн орчин болон хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж буйг харуулдаг индекс XII сард 9.5 нэгжээр огцом буурч, 116.8-д хүрлээ” гэв. Харин “Хүлээлтийн индекс буюу хэрэглэгчдийн орлого, бизнес болон хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын ойрын/богино хугацааны төлөвийг тусгасан индекс 70.7 түвшинд тогтвортой хадгалагдлаа” гэлээ.

Ажилгүйдлийн тэтгэмж: Ажилгүйдлийн тэтгэмж шинээр хүссэн иргэдийн тоо 214,000 гарч хүлээлт 224,000-с бага гарсан нь хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой сайн мэдээ болов.

Бодлогын хүү: Энэ долоо хоногийн статистикуудаар эдийн засаг хүлээлтээс өндөр өсөлттэй, ажилгүйдлийн тэтгэмж хүссэн хүмүүсийн тоо хүлээлтээс бага буюу хөдөлмөрийн зах зээлд шинээр ажилгүй болсон иргэд бага байлаа. Ерөнхийдөө статистикууд сайн гарч ХНС-с хүүгээ аажуу бууруулах орон зайг нэмэгдүүллээ.

Тэгвэл “CME FedWatch Tool”-н дагуу ирэх I сарын хурлаар ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээх магадлал долоо хоногийн өмнө 73.4% байсан бол 84.5% болж нэмэгдсэн байна. 

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/

  • Даваа гарагт АНУ-д хадгалагдаж буй түүхий нефтийн хэмжээний өөрчлөлт зарлагдана.
  • Лхагва гарагт ХНС-н хурлын тэмдэглэл зарлагдана.
  • Пүрэв гарагт АНУ –н зах зээл “Шинэ жил”-ийг тохиолдуулан амарна.

Онцлох мэдээ: Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй нөхцөлд аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог үнэт металлын ханш түүхэн дээд ханшаа шинэчлэн тогтоогоод байна.

АНУ-н түүхий эдийн арилжааны бирж Comex дээрх 2026 оны II сард хугацаа нь дуусах алтны фьючерс ханш өмнөх Баасан гарагийн өглөө унц тутамд $4,561.6 хүрж арилжаалагдаж байна.

Мөнгөний хувьд мөн ижил хугацаатай фьючерс ханш 2025/11/28-нд түүхэн дээд ханшаа эвдэж, өссөөр байна.

Роботакси Лондонд: Роботаксигийн ээлжит тулааны талбар болох Англи улсад Baidu өөрсдийн автомат жолоодлогын систем бүхий “Apollo Go” роботаксиг Lyft & Uber нартай хамтран явуулахаар болов. Тодруулбал Лондон хотноо Lyft болон Uber-н платформуудаар Baidu-н роботаксиний үйлчилгээг үзүүлэх ажээ. Энэ нь дотооддоо WeRide, барууны орнуудад Alphabet-н “Waymo”-тай өрсөлдөж буй Baidu-д олон улсад ул мөрөө үлдээх оролдлогод эергээр нөлөөлнө.

Даваа гарагт Lyft-н CEO David Risher Baidu-н автомашинуудыг 2026 оноос эхлэн туршиж, зохицуулагч байгууллагуудаас зөвшөөрөл авна. Үүний дараа зуу зуугаар нь явуулж эхэлнэ” хэмээн өөрийн “X” хуудаснаа пост хийжээ.

Нөгөө талаас Uber-н зүгээс 2026 оны эхний хагаст Лондон хотноо туршиж эхэлнэ гэв.

Онцлох хувьцаа: Broadcom Inc. /NASDAQ:AVGO/

Broadcom Inc. нь АНУ-д төвтэй, томоохон хагас дамжуулагчийн компани юм. Компанийн бүтээгдэхүүнүүд нь дата төв, хиймэл оюун (AI), үүлэн тооцоолол, сүлжээ, 5G, enterprise IT системүүдэд ашиглагддаг. Broadcom нь дата төвүүдэд шаардлагатай GPU-г шууд үйлдвэрлэдэггүй, харин GPU суурьтай техник хангамжийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компани юм. 

Шууд Nvidia-н өрсөлдөгч биш харин Nvidia-н чиптэй хамт ашиглагддаг бүтээгдэхүүнийг зохион бүтээдэг гэсэн үг. Nvidia-г “тархи” гэвэл Broadcom тэдгээрийг хооронд холбосон “мэдрэлийн систем” гэж ойлгож болно. Басхүү Broadcom нь “fabless” буюу өөрсдөө чипний дизайныг зохион бүтээгээд “TSMC” гэх мэт чип үйлдвэрлэгч компаниар чипээ үйлдвэрлүүлдэг болно.

Broadcom нь өөрсдөө шинэ бүтээгдэхүүн "тэгээс" нь зохион бүтээхээс илүүтэйгээр, аль хэдийн зах зээлдээ тэргүүлэгч болчихсон, үнэнч хэрэглэгчидтэй компаниудыг худалдаж авдаг стратегийг олон жил баримталж байна. 

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ГОЛ ӨНЦӨГ:

  • Хятадын Ардын Банк” (PBOC) өнгөрсөн даваа гарагт суурь зээлийн хүү болох Loan Prime Rate (LPR)-ийг зах зээлийн хүлээлттэй нийцүүлэн өөрчлөлтгүй хэвээр хадгаллаа.
  • БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн мөчлөг үргэлжлэх ч өмнөхөөсөө илүү тогтвортой, удаан хэмнэлтэй байх төлөвтэй байна.
  • АНУ БНХАУ-ын чипэнд ногдуулах тарифыг 2027 оны VI-р сар хүртэл хойшлууллаа.

Статистикийн тайлбарыг энд дарж уншина уу.

Онцлох статистик: ”Хятадын Ардын Банк” (PBOC) өнгөрсөн даваа гарагт суурь зээлийн хүү болох “Loan Prime Rate” (LPR)-ийг зах зээлийн хүлээлттэй нийцүүлэн өөрчлөлтгүй хэвээр хадгаллаа. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг өсөлт саарч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт гүнзгийрч буй энэ үед ийнхүү хүүг хэвээр үлдээв.

Төв банк 1 жилийн “LPR”-ийг 3.0%, 5 жилийн “LPR”-ийг 3.50% түвшинд тус тус тогтоон барьсан нь шинжээчдийн таамагтай таарлаа. Ингэснээр “LPR” долоо дахь сардаа дараалан өөрчлөгдсөнгүй. Гэсэн ч эдгээр түвшин нь түүхэн мэдээллээрээ хамгийн доод хэмжээнд хэвээр байна.

Арав болон арваннэгдүгээр сарын эдийн засгийн үзүүлэлтүүд оны сүүлийн улиралд Хятадын эдийн засаг сулрал илэрхийлж буйг харуулсан ч, жилийн өсөлт зорилтот 5%-ийн түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.

“PBOC” 2026 оны эхээр хүүг бууруулах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжих, дотоодын хэрэглээг идэвхжүүлэх зорилготой. Зээлийн хүүг бууруулах нь Хятадын банкуудын ашигт ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Статистикийн тайлбарыг энд дарж уншина уу.

  • Лхагва гарагт БНХАУ-ын аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбарын идэвхийг хэмждэг PMI үзүүлэлтүүд (Composite, Manufacturing, Non-Manufacturing) XII-р сарын байдлаар зарлагдана. Эдгээр үзүүлэлт нь эдийн засгийн бодит идэвх, үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын тэлэлт, агшилтыг илтгэх бөгөөд Хятадын эдийн засгийн богино хугацааны чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
  • Пүрэв гарагт Шинэ жилийн баярын амралт тохиож буйтай холбоотойгоор зах зээл амарна.
  • Баасан гарагт Caixin-аас тооцдог үйлдвэрлэлийн PMI үзүүлэлт XII-р сарын байдлаар зарлагдана. Энэхүү үзүүлэлт нь жижиг, дунд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлыг илүү тодорхой тусгадаг тул зах зээлд албан ёсны PMI-тай харьцуулсан дохио болж өгдөг.

БНХАУ-ын зах зээлийн өсөлт цаашид үргэлжлэх үү?

Геополитикийн эрсдэл буурч, технологийн салбарын үнэлгээ дахин өсөхийн зэрэгцээ хүүгийн орчинд буурж айл өрхийн хуримтлал хувьцааны зах зээл рүү шилжиж буй нь Хятадын хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжсээр байна. Ийнхүү зах зээл хоёр дахь жилдээ өсөлт үзүүлсний дараа уг хандлага ирэх жилүүдэд ч хадгалагдана гэж шинжээчид үзэж байна.

Энэ онд эх газрын томоохон компаниудыг хамарсан “CSI 300” индекс 20%, харин Хонг Конгын “Hang Seng” индекс бараг 29%-иар өсөж, олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагуудын болгоомжтой хүлээлтийг давсан үзүүлэлт боллоо.

Дэлгэрэнгүйг эндээс дарж уншина уу

Онцлох үйл явдал: АНУ БНХАУ-ын чипэнд ногдуулах тарифыг 2027 он хүртэл хойшлууллаа.

АНУ БНХАУ-аас импортолдог хагас дамжуулагч (чип) бүтээгдэхүүнд тариф нэмэх төлөвлөгөөгөө 2027 оны VI сар хүртэл хойшлуулаад байна. Тэр хүртэл, өөрөөр хэлбэл ойрын 18 сарын хугацаанд Хятадын чипэнд ямар ч тариф ногдуулахгүй гэж АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар “USTR” мэдэгдлээ.

АНУ-ын талаас хэрэв ирээдүйд АНУ–БНХАУ-ын худалдааны хэлэлцээ амжилтгүй болж, зөрчил дахин хурцадвал эдгээр нэмэлт тариф нь хэлэлцээний хөшүүрэг болгон ашиглагдах боломжтойг мөн онцолсон байна.

Дэлгэрэнгүйг эндээс дарж уншина уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Weekly Report №23

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)