Долоо хоногийн тойм (12.15-12.19)

2025 он 12 сар 19 өдөр
217
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 14%-иар өслөө.
  • Яагаад автобензиний хомсдол үүсэв?
  • Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогт томилогдлоо.

2025 оны XI сарын байдлаарх Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 21.0%-иар өссөн бол мөнгөний нийлүүлэлт (М2) 45.8 их наяд төгрөг болж, 10.5%-иар нэмэгджээ.

М2-ийн өсөлтөд төгрөгийн хадгаламж голлон нөлөөлж, 24.7 их наяд төгрөгт хүрэн 17.4%-иар өссөн бөгөөд үүний дийлэнхийг иргэдийн хадгаламж эзэлж байна. Валютын хадгаламж өссөн ч валютын харилцах буурлаа.

Бага мөнгө (М1) 11.1 их наяд төгрөг болж, 3.4%-иар өссөн ба гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 5.4%-иар нэмэгдсэн байна. Мөнгөний нийлүүлэлтийн бүтцэд дотоод цэвэр актив давамгайлж, өсөлтийг голлон тэтгэсэн бол гадаад цэвэр актив буурсан үзүүлэлттэй гарчээ.

Банкнуудын чанаргүй зээл өссөөр

2025 оны XI сарын байдлаар зээлийн нийт үлдэгдлийн 59.7%-ийг иргэдийн зээл, 39.0%-ийг хувийн байгууллагуудын зээл эзэлж байна. Нийт зээлийн 90.5%-ийг хэвийн зээл эзэлж байгаа ба өмнөх оны мөн үеэс 21.0%-иар өсөж, 39.3 их наяд төгрөгт хүрлээ. Харин анхаарал хандуулах зээл 1.8 их наяд төгрөгт хүрч нийт зээлийн 4.0%-ийг, чанаргүй зээл 2.4 их наяд төгрөгт хүрч 5.4%-ийг тус тус эзлэх болжээ. 

Чанаргүй зээлийн өсөлтөд мөнгөний хатуу бодлого үргэлжлэх, өр орлогын харьцааг шинээр тооцох, зээлийн оноо (кредит скоринг) зэрэг хүчин зүйлс нь чухал нөлөө үзүүлэн өмнөх оны мөн үеэс 14%-иар өсөөд байна. 

Онцлох статистик: Яагаад автобензиний хомсдол үүсэв?

Гаалийн ерөнхий газар, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтэс болон Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) албан ёсны статистик мэдээллээс үзвэл Монгол улс шатахууныхаа ойролцоогоор 95%-ийг Орос улсаас импортоор хангадаг, өндөр хамааралтай бүтэцтэй хэвээр байна.

Манай улс жилд дунджаар 875.3 мянган тонн шатахуун хэрэглэдэг бөгөөд импортын хэмжээ нь үүнтэй бараг тэнцүү буюу 876.3 мянган тонн байдаг бол сарын дундаж импортын хэмжээ ойролцоогоор 74.1 мянган тонн байдаг бол шатахууны дундаж хэрэглээ сард 71.5 мянган тонн хүрдэг.

Иймээс шатахууны хэрэглээ нэмэгддэг зарим улирал, саруудад дотоодын хэрэгцээг бүрэн хангахын тулд импортын хэмжээ хэрэглээнээсээ давж гарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг байна.

2025 оны XI сарын байдлаар Монгол улс жилийн дүнгээр 861 мянган тонн бензин импортолсон нь 2020 онтой харьцуулахад 46%-иар өссөн үзүүлэлт юм. Харин бодит хэрэглээний хувьд оны эхэнд 894 мянган тонн байсан бол 861 мянган тонн болж, ойролцоогоор 4%-иар буурсан дүр зураг ажиглагдаж байна. Эдгээр тоон үзүүлэлтээс харахад хэрэглээ, нөөцийн түвшинд хомсдол үүсэхээр хэмжээний огцом өөрчлөлт гараагүй байгаа юм.

2025 оны хомсдол намраас илүү мэдрэгдэж эхэлсэн бөгөөд тодруулбал, ОХУ-ын Засгийн газар 2025 оны IX сарын 30-нд бензиний экспортод тавьсан хоригийг 2025 оны XII сарын 31-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргаж, X сарын 1-нээс хэрэгжүүлсэн. Энэхүү хориг нь Оросын дотоодын түлшний хомсдол болон Украйны дроны дайралтаас үүдэн нефть боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотой билээ. Хэдийгээр Монгол улсыг уг хоригт албан ёсоор чөлөөлсөн ч нийлүүлэлтийн саатал, ложистикийн хүндрэл нь Монголын зах зээлд “хиймэл хомсдол” үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж болохоор байна.

Дугаар олголт ба автомашины импортын нөлөө

Суудлын автомашины импорт 2020–2024 онуудад тогтвортой өссөн. Тухайлбал, 2020 онд 53,087 байсан импорт 2023 онд 73,556 болж нэмэгдсэн бол 2024 онд огцом өсөж, жилийн нийт дүнгээр 123,089 ширхэг автомашинд хүрсэн байна. Харин 2025 онд импорт 24.7%-иар буурч, XI сарын байдлаар 87,033 болжээ.

Нийт тээврийн хэрэгслийн тоо буураагүй хэвээр бөгөөд 2024 онд улсын хэмжээнд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 917,653-д хүрч өссөн байна. Үүний 61% нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Импортын дийлэнхийг Японоос орж ирсэн, 10 жилээс дээш насжилттай хуучин автомашинууд эзэлж байгаа нь нэгж машинд ногдох шатахууны хэрэглээ харьцангуй өндөр байх нөхцөлийг бүрдүүлж байна.

2025 оны XI сарын байдлаар нийт импортолсон бензиний 98% нь АИ-92 бензин байсан бөгөөд автомашины тоо өсөхийн хэрээр уг төрлийн бензиний эрэлт огцом нэмэгдэж байна. 

Дүгнэлт: Импортын автомашины өсөлт бензин хомсдолд нөлөөлж байгаа ч суурь шалтгаан нь шатахууны импортоос хэт өндөр хамааралтай бүтэц юм. Автомашины тоо хяналтгүй өсөхийн хэрээр шатахууны эрэлт нэмэгдэж, нийлүүлэлтийн аливаа саатал хомсдол үүсгэх эрсдэлтэй хэвээр байна. Иймд урт хугацаанд цахилгаан автомашинд шилжих, дотоодын боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлого зайлшгүй шаардлагатай бөгөөд 2028 онд нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор импортын хараат байдал тодорхой хэмжээнд буурах хүлээлт бий.

Онцлох үйл явдал: Монголбанкны шинэ ерөнхийлөгч томилогдлоо. 

Монголбанкны ерөнхийлөгчийн томилгоо 2025 оны XII сарын 18-нд УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлагдсан бөгөөд өмнөх ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрх дууссантай холбоотойгоор С.Наранцогтыг шинээр томилжээ. 

С.Наранцогтын мөрийн хөтөлбөрөөс онцлох зүйлс:

  • Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, хэмжээг нэмэгдүүлэх
  • Тансаг хэрэглээ, импортын зээлтэй холбоотой валютын урсгалыг хязгаарлах
  • Компаниудын татварын хүндрэл, зээлийн зогсолтыг шийдвэрлэх арга хэмжээ авах

Хоёр ерөнхийлөгчийг харьцуулбал, 

Б.Лхагвасүрэн нь 1965 онд төрсөн, 1989 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд Дэлхийн банкны зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр 2016-2019 онд, ерөнхийлөгчөөр 2019-2025 онд ажиллаж, Гавьяат эдийн засагч цол, хүндэт доктор зэрэг шагнал хүртсэн, төв банкны бодлого болон санхүүгийн тогтвортой байдалд голлон анхаарч ажиллаж ирсэн юм.

Харин С.Наранцогт нь 1973 онд Дундговь аймагт төрсөн, эдийн засагч, санхүүч мэргэжилтэй бөгөөд төрийн албанд нийт 22 жил ажилласан, ялангуяа Сангийн яаманд төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж, засгийн газрын санхүүгийн бодлоготой ойр туршлага хуримтлуулсан залуу үеийн төлөөлөлд тооцогдоно. Түүний хувьд тэтгэвэр, зээл, татварын асуудалд илүү төвлөрсөн, иргэд болон бодит эдийн засагт чиглэсэн бодлого баримталж байна.

ГОЛ ӨНЦӨГ:

  • XI сард 64,000 ажлын байр шинээр АНУ-н эдийн засагт нэмэгджээ.
  • ХНС-аас энэ XII сард зарлагдаж буй статистикуудад бага ач холбогдол өгөх төлөвтэй.
  • Энэ Лхагва & Пүрэв гарагт зул сарын баярын амралттай.
  • Хөрөнгө оруулагчдын дунд хиймэл оюунтай холбогдсон эргэлзээ эрчээ авсаар байна.
  • “SDV” автомашин хөгжүүлэгч Rivian-ны хувьцааг ажиглалтдаа авлаа.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/

Онцлох статистик: Өнгөрсөн Мягмар гарагт удаан хүлээлгэсэн NFP зарлагдлаа. NFP нь сар бүрийн эхний Баасан гарагт зарлагдах хуваарьтай. Гэвч уг статистик нь өнгөрсөн сард АНУ-н ЗГ-н үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан, хуваарийн дагуу гарч чадалгүй явсаар, XII сарын дундуур зарлагдлаа.

АНУн эдийн засагт XI сард 64,000 ажлын байр шинээр нэмэгдэж “Down Jones”-н төсөөлөл 45,000 нэгжийг давав. Энэ нь сайн мэдээ хэдий ч ажилгүйдлийн хэмжээ 4.6% болж сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрэв. Басхүү өнгөрсөн X сард нийт ажлын байрны тоо хэмжээ 105,000-р буурсан байна. Үүнийг ЗГ-н үйл ажиллагаа зогссонтой холбоотой гэж ихэнх хөрөнгө оруулагчид тайлбарлаад буй. 

Уг статистик мэдээ нь ерөнхийдөө хөрөнгө оруулагчдыг хоёр бүлэгт хуваалаа. Эхний бүлэг нь хөдөлмөрийн зах зээл суларч буйд санаа зовж буй бол хоёр дахь бүлэг хөрөнгө оруулагчид нь зургаан-долоон хоног зогссон ЗГ-н үйл ажиллагаанаас болж ийм статистик гарлаа хэмээн дүгнэв.

Пүрэв гарагт “CPI” инфляц зарлагдаж 2.7% гарч, хүлээлт 3.1% болон өнгөрсөн сарын үзүүлэлт 3.0%-с бага байв. Уг үзүүлэлтийг Цагаан Ордноос “гайхалтай сайн” хэмээн хэлсэн нь ХНС-г хүүгээ бууруул гэж далд утгаар ятгасантай утга нэг байлаа.

Шинжээчид NFP-г юу гэж харав?: “Northlight Asset Management”-н CFO Chris Zaccarelli-с “Богино хугацаанд хөдөлмөрийн зах зээлийн муу мэдээ нь хүү буурах дохио болж хөрөнгийн зах зээлд сайн мэдээ болно. Хэрэв дараа жил эдийн засгийн хямралын аюул бодитоор нүүрлэж ХНС хүүгээ огцом бууруулж эхэлбэл хөрөнгийн зах зээл эсэргээрээ унана” гэв.

“Janus Henderson”-ны Adam Hetts-с “Энэ удаагийн статистик ХНС-н байр суурь, хүлээлтийг өөрчлөх басхүү хөрөнгийн зах зээлийг унагаах хангалттай хэмжээний мэдээлэл өгсөнгүй. X сард нийт ажлын байрны хэмжээ 105,000-р буурсанд шууд ЗГ-н үйл ажиллагаа зогссон нь нөлөөлсөн. Тэгэхээр X сарын статистикт санаа зовних шаардлагагүй” гэв.

“Freedom Capital Markets”-н стратегич Jay Woods-с “Одоо инфляцын мэдээ халуун сэдэв болно. Инфляц хүлээлтээс ихээр өсвөл, ХНС ацан шалаанд орж хүүгээ яах вэ? гэх асуулттай тулна.” гэв.

“Goldman Sach Asset Management”-н Kay Haigh-с “Энэ удаагийн NFP-д ХНС өндөр ач холбогдол өгөхгүй байх. 2026 оны эхэнд гарах NFP нь жинхэнэ утгаараа хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг илэрхийлнэ. Тиймээс дараа сарын статистик ХНС-д илүү чухал” гэв.

Шинжээчид CPI-г юу гэж харав?: “CPI” инфляц гажилттай байх магадлалтай хэмээн шинжээчид үзээд байна. Учир нь “CPI”-н статистикийг бүтэн сарын турш цуглуулсан датан дээр тооцдог боловч АНУ-н ЗГ-н үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан датаг XI сарын сүүлийн хагаст л цуглуулах ажил хийгдсэн. Уг үеэр жижиглэн худалдаачид зул сарын баярын хямдралаа үзүүлж эхэлсэн. Мөн 10-р сарын “CPI” зарлагдаагүй орхигдсон нь “CPI” гажилттай гарахад нөлөөлж байгаа хэмээн шинжээчид сэжиглэж байна.

“EY-Parthenon”-ны ахлах эдийн засагч Gregory Daco-с “Инфляцын тайлан доошоо гажилттай буюу хэт бага гарлаа. CPI-г тооцохдоо X сард үнийн индексүүд өөрчлөгдөөгүй гэсэн нөхцөл тавьж XI сарыг тооцсон учир уг статистик учир дутагдалтай” гэв.

Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл болон инфляцын статистикууд бүгд АНУ-н ЗГ-н үйл ажиллагаа 43 хоног зогссонтой холбогдон бодит байдлыг илэрхийлж чадахгүй байх магадлалтай. Тиймээс ХНС-с энэ XII сард зарлагдаж буй статистикуудад бага ач холбогдол өгөх төлөвтэй.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/

  • Мягмар гарагт АНУ-н III улирлын эдийн засгийн өсөлт зарлагдана.
  • Лхагва гарагт удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний захиалгын хэмжээ зарлагдана.
  • Лхагва гарагт АНУ –н зах зээл хагас ажиллах бол Пүрэв гарагт бүтэн амарна.

“AI Хөөс” үүссэн үү?: Сарын өмнө буюу 2025/11/20-нд Bridgewater хедж сангийн үүсгэн байгуулагч Ray Dalio-н зүгээс CNBC-н ярилцлагад оролцож, “AI хөөс бодитоор бий болсон. Гэхдээ энэ нь хувьцаагаа шууд зар гэсэн үг биш” хэмээн хэлжээ.

Нөгөө талаас 2025/11/18-нд Nvidia-н улирлын тайлангийн үеэр CEO Jensen Huang-н зүгээс “Сүүлийн үед AI хөөстэй холбоотой яриа их гарах болжээ. Бидний зүгээс шал өөрөөр харж байна” хэмээн хэлсэн байна.

Басхүү энэ XII сард BlackRock-н Ази-Номхон далайн бүсийн хөрөнгө оруулалтын ерөнхий стратегич бөгөөд ерөнхий захирал Ben Powell-н зүгээс “Технологийн компаниудын AI дэд бүтцэд хийж буй хөрөнгө оруулалтын хэмжээ ханахад маш хол байна. AI дэд бүтцийн өндөр зарцуулалттай өнөө үед хагас дамжуулагч, эрчим хүч, зэс олборлогч-үйлдвэрлэгч компаниуд түрүүлж ашиг хүртэхээр байна” хэмээн хэлжээ. Товчоор AI үргэлжилж, компаниуд AI-тай холбоотой хөрөнгө оруулалтаа улам нэмнэ гэв.

Харин саяхан гарсан Oracle-н тайланд орлого хүлээлтийн дагуу 19% биш 14% орчим өсөж гарсан. Хөрөнгө оруулагчдын зүгээс Oracle-н хэт их өрд санаа зовнисон басхүү маш их AI хөрөнгө оруулалт нь орлогыг хүлээлтийн дагуу өсгөж үнэхээр чадах эсэх дээр эргэлзэж хувьцааны ханш унасаар байна.

“Oracle”-н араас тайлантай Broadcom-н хувьд хөрөнгө оруулагчид ирээдүйд “AI Boom” үргэлжлэх эсэх дээр санаа зовниж, ашиг & орлого хүлээлтийг эвдсэн хэдий ч хувьцааны ханш чөлөөт уналт хийв.

Broadcom-н тайлангийн дараа Mizuho-н шинжээч Vijay Rakesh CNBC-д ярилцлага өгөв. Тэрбээр “Broadcom-н хувьцаа энэ онд 75%-80% өссөн. Одоогийн уналт бол коррекц юм. Бид энэ уналт дээр худалдан авалтаа хийнэ” гэжээ.

Дүгнээд хэлбэл зах зээлд оролцогчид янз бүрээр AI-г харж байгаа хэдий ч шууд AI хөөс хагарахтай холбоотой “баавгай” үзэл бодол алга байгаа бололтой. Гэхдээ эргэлзээ зах зээл дээр бодитоор бий, хөөс хагарах магадлал ч бий. Тэр утгаараа өндөр өгөөжийг дагаж өндөр эрсдэл бий гэдгийг санах нь илүү чухал болсоор байна.

Онцлох хувьцаа: Rivian Automotive, Inc. /NASDAQ:RIVN/

“Rivian” нь 2009 онд байгуулагдсан, АНУ –н Калифорниа мужийн Irvine хотод төвтэй цахилгаан автомашин үйлдвэрлэгч start-up компани юм. Орлогын дийлэнх хэсэг нь цахилгаан автомашины борлуулалтаас бүрддэг. Иллиной мужын Нормал хотод автомашины цор ганц үйлдвэр нь байдаг болно.

2024 онд Volkswagen Group-с Rivian-тай стратегийн түншлэл байгуулж, цахилгаан автомашины “software-defined vehicle” технологи, цахилгаан архитектур, үйлдлийн системийг хамтран хөгжүүлэхээр болсон.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ГОЛ ӨНЦӨГ:

  • Жижиглэн худалдааны өсөлт жилийн дүнгээр XI сард 1.3% өссөн нь өмнөх сарын 2.9%-ийн өсөлтөөс огцом буурлаа.
  • БНХАУ өрхийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 11 арга хэмжээ бүхий шинэ бодлогын багцыг танилцууллаа.
  • “Asian Battery Metals PLC” компани “Ямбат” төслийн ээлжит хайгуулын үр дүнгээ танилцууллаа.

Статистикийн тайлбарыг энд дарж уншина уу.

Онцлох статистик: Өнгөрсөн даваа гарагт Хятадын эдийн засгийн гол үзүүлэлтүүд болох жижиглэн худалдаа, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт зэрэг чухал статистик зарлагдлаа.

Жижиглэн худалдааны өсөлт жилийн дүнгээр 11-р сард 1.3% өссөн нь өмнөх сарын 2.9%-ийн өсөлтөөс огцом буурч, шинжээчдийн таамагласан 3.0%-ийн өсөлтөөс ихээхэн доогуур гарлаа.

Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт XI сард 4.8%-иар өссөн ч шинжээчдийн хүлээлт болох 5%-д хүрсэнгүй.

Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт XI сарын байдлаар 2.6%-иар агшсан нь цар тахлын үеэс хойших хамгийн огцом уналт болж байна.

Жижиглэн худалдааны борлуулалтын огцом бууралтад юу нөлөөлөв?

Жижиглэн худалдааны борлуулалтын огцом бууралтад автомашины борлуулалт буурсан нь гол нөлөө үзүүлжээ. Засгийн газраас татаасаа түр зогсоосноос болж автомашины борлуулалт 8.1%-иар буурч, сүүлийн гурван жилд анх удаа уналт бүртгэгдэв. Мөн “Singles’ Day” урамшууллын хугацааг уртасгасан ч борлуулалтын өсөлт ердөө 12%-д хүрч, өнгөрсөн оны 20%-ийн өсөлтөөс эрс бага байлаа.

Эдгээр үзүүлэлтүүд нь дотоодын эрэлт сул байгаа бөгөөд эдийн засгийг дэмжих бодлого хараахан бүрэн хэрэгжээгүй байгааг харуулж байна.

Хэдий дотоод эрэлт сул байгаа ч АНУ-аас бусад зах зээл рүү чиглэсэн экспортын өсөлт нь энэ онд БНХАУ-ын ойролцоогоор 5%-ийн эдийн засгийн өсөлтийн зорилтыг хангах боломжийг хадгалж байна. Гэсэн ч эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд хэрэглээг дэмжих бүтцийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгааг шинжээчид онцолж байна.

Статистикийн тайлбарыг энд дарж уншина уу.

  • Даваа гарагт БНХАУ-ын макро эдийн засгийн чухал үзүүлэлт болох 5 жилийн зээлийн суурь хүү зарлагдана. Энэхүү үзүүлэлт нь үл хөдлөх хөрөнгийн зээл болон урт хугацаат санхүүжилтийн өртөгт шууд нөлөөлдөг.
  • Ням гарагт БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашгийн үзүүлэлт нийтлэгдэх бөгөөд энэ нь үйлдвэрлэл, бизнесийн орчны ашигт ажиллагааны ерөнхий чиг хандлагыг харуулна.

Онцлох хувьцаа үйл явдал: БНХАУ-ын “Central Economic Work Conference” хурал XII сарын 10-ээс 11-ний өдрүүдэд болж, өрхийн худалдан авалтыг дэмжих зорилгоор 11 арга хэмжээнээс бүрдэх шинэ бодлогын багцыг танилцууллаа. Энэхүү багцад худалдаа, санхүүгийн байгууллагуудын уялдааг сайжруулах, иргэдийн хэрэглээний зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүд багтсан бөгөөд дотоодын эрэлтийг идэвхжүүлэхэд чиглэжээ.

Дэлгэрэнгүйг эндээс дарж уншина уу.

Онцлох хувьцаа: Asian Battery Metals PLC /ASX:AZ9/

“Asian Battery Metals PLC” компани Говь-Алтай аймгийн Шарга суманд байрлах зэс, никель, платинумын бүлгийн элементүүдийн (PGE) орд бүхий “Ямбат” (Oval) төслийн ээлжит хайгуулын үр дүнгээ XII сарын 3-нд олон нийтэд танилцууллаа.

Сүүлийн үеийн өрөмдлөгийн ажлуудаас харахад хүдрийн эрдэсжилт тогтоогдсон талбай 880 метр хүртэл тэлж, өмнөх судалгаагаар тогтоосноос ойролцоогоор 30%-иар нэмэгдсэн байна. Энэ нь ордын геологийн бүтцийг илүү тодорхой болгож, цаашид гүний болон дагуу чиглэлд өргөтгөн судлах боломж бүрдсэнийг харуулж байна.

Дэлгэрэнгүйг эндээс дарж уншина уу.

 

Түлхүүр үгс:

Weekly Report

Долоо хоногийн тойм

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)