Монголын Хөрөнгийн Биржийн хувьцааг IPO хийхэд авсан хөрөнгө оруулагчид 45%-ийн өгөөж хүртэхээр байна
ГОЛ ӨНЦӨГ:
- 2023 оны байдлаар өмнөх оны мөн үеэс борлуулалтын орлого 186%-аар өсөж ₮12.1 тэрбумд хүрлээ.
- Цэвэр ашиг ₮8.7 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.5 дахин өсөлт үзүүлжээ
- Улмаар борлуулалтын орлого IPO төлөвлөгөөнөөс 26%-аар өндөр, цэвэр ашиг 4 дахин өндөр байгаа юм.
- 2024 оны 2-р сарын 21-ний байдлаар P/E харьцаа 5.6х, P/B харьцаа 1.1х байна.
Монголын хөрөнгийн бирж ХК-ийн (МХБ) орлого 2.9 дахин, цэвэр ашиг 13.5 дахин өсөж, өөрийн хөрөнгийн өгөөж 26%-д хүрлээ.
2023 онд нийт борлуулалтын орлого 186% өсөж ₮12.1 тэрбумд хүрсэн нь 2023 он гарснаас хойш томоохон банкнуудын IPO болон "Санхүүгийн зохицуулах хороо"-ноос уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг "Монголын хөрөнгийн бирж"-д олгосон үйл явдлууд хамгийн өндөр нөлөөтэй байлаа. 2023 он гарснаас хойш "Монголын хөрөнгийн бирж"-ээр нийт ₮344 тэрбумын IPO хийгдсэн бол ₮7.5 их наядын нүүрс, төмрийн хүдэр болон баяжмалын арилжаа хийгдсэн байна.
Харин цэвэр ашгийн хувьд 2023 оны байдлаар ₮8.7 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 13.5 дахин өссөн үзүүлэлт боллоо. Уг цэвэр ашгийн өсөлтөд нийт борлуулалтын орлогын болон хүүгийн орлогын өсөлт хамгийн өндөр нөлөө үзүүлсэн юм. Цэвэр ашгийн өсөлтийн нөлөөгөөр өөрийн хөрөнгийн өгөөж (Сүүлийн 12 сарын цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцсон) 2022 оноос 21 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Өөрийн хөрөнгө 88%-аар өсөж, Хувьцааны нийт өгөөж 11%-д хүрлээ.
2023 оны байдлаар МХБ-ын нийт хөрөнгө ₮927 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 137 дахин өслөө. Нийт хөрөнгийн 97%-ийг мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө, түүн дотроо Уул Уурайн биржийн арилжааны дэнчингийн мөнгө бүрдүүлж байна. Түүнчлэн өөрийн хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 88%-аар өссөнд цэвэр ашгийн өсөлт нөлөөлжээ.
Тус компани нь 2023 оны цэвэр ашгийн 50% буюу ₮4.3 тэрбумыг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн. Нэгж хувьцаанд ₮12.41-ийн ногдол ашиг тарааж байгаа ба 2023 оны дундаж ханшаар тооцоход ногдол ашгийн өгөөж 9.2% байгаа бол 2023 онд уг хувьцаа 1.7%-ийн ханшийн өсөлт үзүүлжээ. Иймд 2023 онд МХБ-ын хувьцааг эзэмшсэн хөрөнгө оруулагчид хувьцаанаас ойролцоогоор 11%-ийн өгөөж хүртэхээр байгаа юм. Харин IPO хийх үед нь худалдан авалт хийгээд одоог хүртэл эзэмшиж байгаа хөрөнгө оруулагчдын хувьд тус хувьцаанаас 45%-ийн өгөөж(2023 оны дундаж ханшаар тооцоолоход) хүртэхээр байна.
Хувьцааны ханш IPO хийсэн ханшнаас 38%-ийн өсөлттэй байна.
МХБ-ын хувьд 100 төгрөгөөр анх IPO хийж, хоёрдогч зах зээлийн арилжаа нь 2023/01/09 өдөр эхэлж байсан. Тус компанийн хувьцааны түүхэн ханш хамгийн оргил үедээ буюу 2023/01/12 өдөр ₮174.9 хүрч байсан. Одоогоор хувьцааны ханш анх IPO хийсэн ханшнаасаа 38.4%-ийн өсөлттэй байна.
Харин үнэ ашгийн харьцаа (P/Е) нь 5.6х байна. Энэ нь "Монголын хөрөнгийн бирж"-ийн ТОП 20 компани болон IPO хийсэн компаниудын дундаж (P/E) харьцаанаас 1.8 бага байгаа ч ашигтайгаа харьцуулахад ханш харьцангуй хямдарсан байгаа юм.
IPO хийснээс хойш өдрийн дундаж арилжааны дүн 28.3 сая төгрөг байна.
IPO хийснээс хойш 2024.02.21-ний өдөр хүртэлх байдлаар нийт ₮16.4 тэрбумын арилжаа хийгдсэн ба өдөрт дунджаар 28.3 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Харин 2024 он гарснаар хойш өдрийн дундаж арилжаа ₮5.5 сая байсан бол 2-р сард ₮22.4 сая болж 4 дахин өссөн байна. Тэгэхээр хувьцаагаа зарахаар төлөвлөж буй хөрөнгө оруулагчдын хувьд өдөрт дунджаар ₮22 саяын арилжаа биелэхээр харагдаж байна.
ДҮГНЭЛТ
Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн 2024 оны 2-р сарын 21-ний хаалтын ханш ₮138.62 төгрөг байна. Ногдол ашгийн мэдээ зарласнаас хойш ханш өссөн хөдөлгөөнтэй байна.
2023 оны жилийн эцсийн тайлангийн гүйцэтгэлийг дүгнэхэд IPO төлөвлөгөөгөө даван биелүүлсэн ба компанийн ашигт ажиллагаа 13.5 дахин өссөн, өөрийн хөрөнгийн өгөөж 21 нэгж хувиар өсөж 26% болсон, үнэ ашгийн харьцааны бууралт гэх үзүүлэлтүүд нь хувьцааны ханш харьцангуй хямд байгааг илтгэв.
Тус компани нь 2023 оны цэвэр ашгаас ₮4.3 тэрбумыг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн бөгөөд ногдол ашгийн өгөөж нь 9.2%.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монголын Хөрөнгийн Бирж
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх