Хувьцааны хуримтлал #4: Хуримтлал үүсгэх гурван дүрэм

2022 он 9 сар 12 өдөр
1423
0

   Таван Богд Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнийн өөрийн удирдан чиглүүлдэг “Хувьцааны хуримтлал” нь урт хугацаанд хэрхэн хамгийн оновчтой хөрөнгө оруулалт хийх арга барилыг заадаг юм. Тэрээр өөрийн 15 жилийн турш хуримтлуулсан алдаа, оноог багцлан энгийн атлаа үр дүнтэй гурван дүрэм болгосон байдаг. Үүнд:

   ДҮРЭМ #1:  Эрт эхэл - Их мөнгөтэй болсныхоо дараа хөрөнгө оруулалт хийнэ гэж бүү эндүүрээрэй. Яагаад гэвэл мөнгөнөөс илүү чухал зүйл бол цаг хугацаа юм. Учир нь цаг хугацаа хэзээ ч зогсдоггүйг та бид сайн мэднэ. Цаг хугацаа зогсохгүй бас буцаж эргэдэггүй учраас алдсан боломжоо эргүүлэн ашиглана гэж байдаггүй. Иймээс сайн хувьцааг бага ханш дээр багаар ч хамаагүй ав. Битгий хойш нь тавь. Таны хамгийн том дайсан бол ханш биш, харин цаг хугацаа. Та багаар ч хамаагүй эхэлчихсэн байхад ханш хэрхэн хөдөлж буйг тогтмол хараад эхэлнэ. Ханш хэрхэн хөдөлж буйг харж байгаа бол хэзээ мөнгөө нэмж хийх вэ?, хэзээ мөнгөө багасгах вэ? юуг хамгийн түрүүнд авах вэ? юуг нь сүүлд нь авах вэ? зэргээ тухай бүрд нь цаг алдалгүй шийдвэрлэх нөхцөл бүрддэг. Та зах зээлтэй хөл нийлүүлэн алхаж, хоцрохгүй хамтдаа боломжоо бодит болгож чадна. 

   Жишээ нь, 2007 оны эхэнд АПУ ХК-ийн хувьцааг авсан хүн өнөөдөр мөнгөө 411 дахинаар өсгөж байгаа бол 2008 оны эхэнд уг хувьцааг авсан хүн дөнгөж 68 дахинаар мөнгөө өсгөж байгаа юм. Тодруулбал, ганцхан ажил хоцроход л 6 дахин бага ашигтай байна. Иймээс та дүрэм 1-ийг заавал хэрэгжүүлэх ёстой. Эрт эхэл. Одоо эхэл.

   ДҮРЭМ #2: Урт хугацаанд хадгал - Сайн хувьцаа урт хугацаандаа маш өндөр ашиг өгдөг. Богино хугацааны багахан өсөлтөд хууртаж болохгүй. Бас уналтад хууртаж болохгүй. Зах зээлд уналт өсөлт ээлжилдэг. Яг л хүний амьдрал шиг. Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй. Бас үргэлж зовлонтой байдаггүй. Нэрт яруу найрагч Р.Чойном “Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай” гэж шүлэглэсэн нь бий. Бас Монголын ард түмний хэлц үгэнд “Эр хүн туг ч барина. Тугал ч хариулна” гэх үг бий. Энэ нь хөрөнгийн зах зээлд ч адил. Ханш өснө бас унана. Харин сайн хувьцаа бол унасан ч өмнө ёроолоосоо доош ордоггүй. Харин өсөөд эхэлбэл өмнөх оргилоосоо давж өсөх нь олонтоо. Энэ бүхнийг амжилттай даван туулах гол арга бол урт хугацаанд хөрөнгө оруулах юм. Тэсвэр тэвчээртэй байж, сэтгэл хөдлөлдөө бүү авт. Жишээ нь, АПУ ХК-ийн ханш 2007 оноос хойш 411 дахин өсөхдөө үргэлж өсч байсангүй. 2008 оны хямралын үеэр оргилоосоо ёроол хүртлээ 64 хувиар унаж байв. 2011-2016 оны тарчлаантаа 5 жилийн хугацаанд мөн л 40 хувиар унав. Мөн 2017 онд 43 хувиар унаж байсныг доорх графикт харуулжээ. Гэвч энэ бүх хугацаанд 411 гаруй дахин өссөн байгаа юм.

   ДҮРЭМ #3: Тогтмол ав - Сар бүр тогтмол дүнгээр ав. Их бага нь хамаагүй. Тогтмол байх нь чухал. Сайн хувьцаа мөн гэдэгтээ итгэлтэй байгаа бол ханш унах үед нэмж ав. Учир нь ирээдүйд ханш өсөх хувьцаа мөн л бол танд одоо хямдхан хөрөнгө оруулах боломж нээгдэж байна гэсэн үг шүү дээ. Үүний тулд сайн мэдээлэлтэй, судалгаатай байх ёстой. Эсрэгээр муу хувьцаа аваад байвал бүр шаварт сууж, алдагдалд орно гэдгийг мартаж болохгүй. Сайн хувьцааг ханш унаж байхад авсаар байвал таны ханш дундажлагдан буурна. Эцэст нь ханш ёроолдоо хүрээд багахан өсөхөд таны хөрөнгө оруулалт ашиг руугаа хурдан ордог байна. Иймээс сар бүр тогтмол дүнгээр тасралтгүй ав. Сард хоёр удаа авбал бүр сайн. Жишээ нь, 2008 оны хямралын үед АПУ-гийн ханш 1 жилийн хугацаанд 92 төгрөгөөс 37 төгрөг хүртэл буурсан. Тэгвэл 92 төгрөг дээр бүх мөнгөөрөө хувьцаа авчихсан хүн болон ханш унаж байхад сар бүр авч байсан хүнийг харьцуулъя. Сар бүр авч байсан хүний дундаж ханш хугацааны эцэст 67.61 төгрөг болж буурсан байна. Эргээд хувьцааны ханш 37 төгрөгийн ёроолоос эргэн өсөхөд сар бүр хөрөнгө оруулсан хүн 92 төгрөгийн оргил дээр хөрөнгө оруулсан хүнтэй харьцуулахад 6 сарын наана ашиг руугаа орохын зэрэгцээ 26.52 хувийн илүү ашиг олж байгаа юм. 

Г.Мөнх-Эрдэнэ нь дээрх гурван дүрмийг ягштал баримталж байгаа бөгөөд үүн дээр нэмээд өөрийн сар бүр авч буй хувьцаагаа зөвхөн өөрсдийн харилцагчдадаа тогтмол хуваалцаж шийдвэр гаргахад нь тусалдаг. Үүнийгээ фейсбүүк группээр дамжуулан хийдэг тул өөрийн нэрийг бүртгэл хэсэгт үнэн зөв бөглөөрэй. Таныг манай компанийн харилцагч болсны дараа группт нэмэх болно.

Группт орсноор та цаг алдалгүй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авч, түүнтэй шууд харилцан хүссэн асуултаа асуун зөвлөгөө авах боломжтой. Мөн доор бүртгүүлснээр цаг товлон уулзаж зөвлөгөө авах боломжтой.

Бүртгүүлэх бол энд дарна уу

 

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцааны хуримтлал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)