Хүн дүрст роботын борлуулалт 1,445%-иар өсөж, “UBTECH”-ийн орлого хоёр дахин нэмэгдэв

ГОЛ ӨНЦӨГ
- “UBTECH Robotics” 2026 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцууллаа.
- Компанийн орлого 104.2%-иар өсөж, 1.27 тэрбум юаньд хүрсэн бол хүн дүрст роботын орлого 1,445%-иар нэмэгджээ.
- Нийт ашгийн түвшин 44.7% болж сайжирч, алдагдал буурсан ч компани ашигт ажиллагаанд хараахан шилжээгүй байна.

БНХАУ-ын хүн дүрст робот үйлдвэрлэгч “UBTECH Robotics” 2026 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд компанийн орлого өмнөх оны мөн үеэс 104.2%-иар өсөж, 1.27 тэрбум юаньд хүрсэн бөгөөд өсөлтийг бүрэн хэмжээний хүн дүрст робот болон холбогдох үйлчилгээний борлуулалт голлон дэмжсэн байна.
Тус бизнесийн орлого 1,445%-иар өсөж, 590.3 сая юаньд хүрснээр компанийн нийт орлогын 46.5%-ийг бүрдүүлжээ. Тайлант хугацаанд энэ ангиллын 921 робот борлуулсан бөгөөд орлогын 569 сая юань нь үйлдвэрлэл болон бусад салбарт зориулсан шийдлээс бүрдсэн байна.
Харин хүн дүрст роботоос бусад ухаалаг роботын бүтээгдэхүүн, үйлчилгээний орлого 18.8%-иар буурч, 246 сая юань болжээ. Энэ нь компанийн орлогын бүтэц боловсрол, логистикийн уламжлалт роботоос үйлдвэрлэлийн зориулалттай хүн дүрст робот руу эрчимтэй шилжиж байгааг харуулж байна.
Ашгийн түвшин сайжирч, алдагдал буурав
Компанийн нийт ашиг 160.9%-иар өсөж, 566.9 сая юаньд хүрсэн бол нийт ашгийн түвшин 9.7 нэгж хувиар нэмэгдэж, 44.7% болжээ. Нийт ашиг орлогоосоо илүү хурдтай өссөн нь өндөр ашгийн түвшинтэй хүн дүрст роботын бүтээгдэхүүний орлогод эзлэх хувь нэмэгдсэнтэй холбоотой.
Үйл ажиллагааны алдагдал өмнөх оны мөн үеэс 36.4%-иар буурч, 279.1 сая юань болсон байна. Мөн хүү, татвар, элэгдэл болон хорогдлын өмнөх үндсэн үйл ажиллагааны алдагдал 321.8 сая юаниас 174.1 сая юань болж бараг тал хувиар буурчээ.
Тайлант хугацааны нийт алдагдал 23%-иар буурч, 338.8 сая юань болсон бол хувьцаа эзэмшигчдэд ногдох алдагдал 413.7 сая юаниас 311.5 сая юань болж буурсан байна. Нэгж хувьцаанд ногдох алдагдал мөн 0.94 юаниас 0.62 юань болж сайжирчээ.
Гэсэн хэдий ч нийт алдагдал нь орлогын 26.7%-тай тэнцэж байгаа тул компани ашигт ажиллагаанд хараахан шилжээгүй байна.
Судалгаа, хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт нэмэгдэв
“UBTECH”-ийн судалгаа, хөгжүүлэлтийн зардал өмнөх оны мөн үеэс 38.9%-иар өсөж, 303.1 сая юаньд хүрчээ. Гэхдээ орлого илүү хурдан өссөнөөр уг зардлын нийт орлогод эзлэх хувь 23.9% болж буурсан байна.
2026 оны VI сарын 30-ны байдлаар компани 2.33 тэрбум юанийн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгөтэй байгаа нь судалгаа, хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэх тодорхой санхүүгийн нөөцтэйг харуулж байгаа ч алдагдал үргэлжилбэл мөнгөн хөрөнгийн зарцуулалт цаашдын гол анхаарах үзүүлэлт болно.
Үйлдвэрлэлийн хэрэглээг өргөжүүлж байна
“UBTECH” хүн дүрст роботуудаа автомашин, цахилгаан бараа болон логистикийн үйлдвэрлэлийн шугамд нэвтрүүлэхэд төвлөрч байна. Тус компанийн Walker загварын роботуудыг “BYD”, “Foxconn” зэрэг үйлдвэрлэгчдийн үйлдвэрт туршин ашиглаж байгаа юм.
Үйлдвэрлэлийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор компани Walker S цувралын 2026 оны нийлүүлэлтийн төлөвөө өмнөх 2,000–3,000 нэгжээс 5,000 нэгж болгон нэмэгдүүлжээ.
Мөн үйлдвэрлэл, үйлчилгээ, логистик болон өдөр тутмын хэрэглээнд чиглэсэн шинэ роботуудаа танилцуулж бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж байгаа нь зах зээлийн боломжийг өргөжүүлэх боловч роботын бүтээмж, найдвартай ажиллагааг бодит үйлдвэрлэлийн орчинд батлах шаардлага хэвээр байна.
ХУВЬЦААНЫ ХАНШ

“UBTECH”-ийн хувьцаа одоогоор 75–85 хонконг долларын дэмжлэгийн бүсэд арилжаалагдаж байна. Эхний хагас жилийн санхүүгийн тайлан гарсны дараа ханшид огцом хөдөлгөөн ажиглагдаагүй бөгөөд он гарснаас хойш ойролцоогоор 33%-иар уналт үзүүлээд байна.
Хэрэв ханш одоогийн дэмжлэгийн бүсээ хадгалж, өсөлтийн хөдөлгөөн сэргэвэл өмнөх эсэргүүцлийн түвшин болох 122 хонконг доллар орчимд хүрэх боломжтой. Энэ нь одоогийн 84 хонконг доллар орчмын ханшаас ойролцоогоор 45%-ийн өсөлтийг боломж харагдаж байна. Харин 75 хонконг долларын дэмжлэгээс доош сэтэлвэл уналтын хөдөлгөөн үргэлжлэх эрсдэл ажиглагдаж байна.
Компанийн орлого, нийт ашгийн түвшин болон үйл ажиллагааны үр ашиг сайжирсан ч ашигт ажиллагаанд шилжээгүй хэвээр байгаа нь хувьцааны ханшийн өсөлтийг хязгаарлаж буй гол хүчин зүйлсийн нэг болж байна.
ДҮГНЭЛТ
“UBTECH”-ийн эхний хагас жилийн тайлан хүн дүрст роботын бизнес туршилтын үе шатнаас орлогын үндсэн эх үүсвэр рүү шилжиж байгааг харууллаа. Орлого хоёр дахин нэмэгдэж, нийт ашгийн түвшин 44.7%-д хүрэн, үйл ажиллагааны алдагдал 36.4%-иар буурсан нь бизнесийн цар хүрээ болон үр ашиг сайжирсныг илэрхийлж байна.
Гэхдээ компани 338.8 сая юанийн алдагдалтай хэвээр бөгөөд судалгаа, хөгжүүлэлтийн зардал 303.1 сая юаньд хүрчээ. Цаашид хүн дүрст роботын борлуулалтын өсөлтийг тогтвортой хадгалж, үйлдвэрлэлийн орчин дахь роботын бүтээмжийг сайжруулан, зардлын өсөлтийг хязгаарлаж чадвал компани ашигт ажиллагаанд шилжих боломжтой.
ЭХ СУРВАЛЖ:
www.hkexnews.hk
www.ubtrobot.com
www.ad-hoc-news.de
www.tipranks.com
www.counterpointresearch.com
Түлхүүр үгс:
Хятад
UBTECH
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


