УЗБЕКИСТАН: ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ

ГОЛ ӨНЦӨГ
- Узбекистаны гадаад худалдааны алдагдал эхний долоон сард хоёр дахин нэмэгдэж, 9.67 тэрбум ам.долларт хүрэв.
- UzNIF-ийн цэвэр активын үнэлгээ 2026 оны эхний хагаст 6.1%-иар өсөж, 2.63 тэрбум ам.доллар болсон ч тайлант ашгийн дийлэнхийг хэрэгжээгүй үнэлгээний өсөлт бүрдүүлжээ.
- Аж үйлдвэрийн үйлдвэрлэл 7.9%-иар өссөн боловч байгалийн хийн олборлолт ойролцоогоор 15%-иар буурав.
Узбекистаны гадаад худалдааны алдагдал хоёр дахин нэмэгдэв
Узбекистаны гадаад худалдааны эргэлт 2026 оны эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 8.1%-иар өсөж, 49.5 тэрбум ам.долларт хүрлээ. Гэвч экспорт 3.6%-иар буурч 19.93 тэрбум ам.доллар болсон бол импорт 17.8%-иар өсөж 29.60 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүний улмаас гадаад худалдааны алдагдал жилийн өмнөх 4.44 тэрбум ам.доллароос 9.67 тэрбум ам.доллар болж, хоёр дахин нэмэгджээ. Экспортын бууралтад мөнгөжөөгүй алтны экспорт 7.59 тэрбум ам.доллароос 2.80 тэрбум ам.доллар болж буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Алтыг хассан барааны экспорт 27.7%-иар өсөж 9.8 тэрбум ам.долларт хүрсэн бол үйлчилгээний экспорт 35.3%-иар нэмэгдэж 7.3 тэрбум ам.доллар болсон нь суурь экспортын идэвх хэвээр байгааг харууллаа. Харин машин, тээврийн хэрэгслийн импорт 20%, хүнсний импорт 41.9%, шатахууны импорт 10.7%-иар өссөн нь дотоодын эрэлт болон хөрөнгө оруулалт өндөр байгааг илэрхийлэв.
Алтны экспортын бууралт нийт үзүүлэлтийг сулруулсан боловч импортын өсөлт экспортын орлогоос үргэлжлэн давбал валютын эрэлт болон урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Энэ нь цаашид сумын ханш, валютын нөөц болон улсын гадаад өрийн үнэлгээнд анхаарах үзүүлэлт болно.
UzNIF-ийн цэвэр активын үнэлгээ 6.1%-иар өсөв
Узбекистаны Үндэсний хөрөнгө оруулалтын сан буюу UzNIF-ийн цэвэр активын үнэлгээ 2026 оны эхний хагаст 6.1%-иар өсөж, VI сарын 30-ны байдлаар 31.67 их наяд сум буюу 2.63 тэрбум ам.долларт хүрчээ. Нэгж хувьцаанд ногдох цэвэр активын үнэлгээ 6.2659 сум болсон байна.
Тайлант хугацаанд сан 2.06 их наяд сумын ашигтай ажилласан бөгөөд үүний 2.17 их наяд сумыг хувьцааны хөрөнгө оруулалтын хэрэгжээгүй үнэлгээний өсөлт бүрдүүлжээ. Харин Thermal Power Plants, Uzbek Republican Commodity Exchange болон Uzbektelecom компаниас нийт 341 тэрбум сумын ногдол ашиг хүлээн авсан байна.
Багцын үнэлгээний өсөлтөд Thermal Power Plants-ийн үнэлгээ 114%, National Electric Grid of Uzbekistan 81%, Regional Electric Networks 50%, Uzbektelecom 30%, SQB банк 9%-иар өссөн нь голлон нөлөөлжээ. Эрчим хүчний компаниудын өсөлт нь зохицуулалттай активын өгөөжид суурилсан RAB механизм нэвтрүүлсэнтэй холбоотой байна.
Цэвэр активын өсөлт эерэг боловч тайлант ашгийн дийлэнх нь бэлэн мөнгөний орлого бус, хэрэгжээгүй үнэлгээний өсөлтөөс бүрдсэн байна. Түүнчлэн багцын компаниудын ихэнх нь биржид бүртгэлгүй учраас үнэлгээ нь зохицуулалтын өөрчлөлт, таамаглал болон үнэлгээний загварт мэдрэмтгий хэвээр байна. Тайлан аудитлагдаагүй бөгөөд хараат бус аудитороор хянуулаагүй болохыг мөн анхаарах шаардлагатай. Лондонгийн хөрөнгийн биржийн мэдээлэл
Аж үйлдвэрийн өсөлтийн цаана хийн олборлолт буурав
Узбекистаны аж үйлдвэрийн үйлдвэрлэл 2026 оны эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 7.9%-иар өсөж, 795.4 их наяд сумд хүрлээ. Үүнээс боловсруулах үйлдвэрлэл 690.7 их наяд сум буюу нийт үйлдвэрлэлийн 86.8%-ийг бүрдүүлж, бодит үйлдвэрлэлийн хэмжээ 9.0%-иар өссөн байна.
Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 6.4%-иар нэмэгдэж, 52.5 тэрбум кВт.цагт хүрсэн бол автомашины үйлдвэрлэл 241,100 ширхгээс 263,700 ширхэг болж өсжээ. Эдгээр үзүүлэлт нь боловсруулах үйлдвэрлэл болон дотоодын эдийн засгийн идэвх өндөр хэвээр байгааг харуулж байна.
Гэвч байгалийн хийн олборлолт жилийн өмнөх 25.4 тэрбум шоо метрээс 21.6 тэрбум шоо метр болж ойролцоогоор 15%-иар буурчээ. Түүхий нефтийн олборлолт мөн 378,800 тонноос 368,700 тонн болж 2.7%-иар багассан байна. Үүний зэрэгцээ эхний долоон сарын байгалийн хийн импорт 1.01 тэрбум ам.долларт хүрэв.
Аж үйлдвэрийн өсөлт татварын орлого болон банкуудын зээлийн чанарт эерэг нөлөөтэй. Харин дотоодын хийн олборлолтын бууралт үргэлжилбэл импортын хэрэгцээ, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалтын зардал болон гадаад худалдааны алдагдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Энэ нь “Uzbekneftegaz”, эрчим хүч, химийн үйлдвэр болон UzNIF-ийн холбогдох багцын компаниудад анхаарах үзүүлэлт болж байна.
ТАВАН БОГД КАПИТАЛЫН UZNIF-Д ХИЙСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
UzNIF-ийн GDR VIII сарын 28-ны арилжааг 36.50 ам.долларт хааж, өмнөх долоо хоногийн 37.75 ам.доллароос 3.31%-иар буурав. Тухайн өдрийн арилжааны хэмжээ 7,125 ширхэг байсан тул хөрвөх чадвар хязгаарлагдмал хэвээр байна.
Таван Богд Капиталын худалдан авалтын дундаж ханш 30.02 ам.доллар бөгөөд VIII сарын 28-ны хаалтын ханшаар тооцоход хөрөнгө оруулалт 21.59%-ийн хэрэгжээгүй өгөөжтэй байна. UzNIF-ийн ханш IPO-ийн 25.00 ам.долларын үнээс хойш 46.0%-иар өсжээ.

БУСАД ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
- Сумын ханш долоо хоногийн хугацаанд бага зэрэг суларлаа: VIII сарын 27-ны байдлаар нэг ам.доллар 11,800 орчим сумд арилжаалагдаж, сумын ханш өмнөх долоо хоногоос 0.12%-иар суларсан байна. Гадаадын мөнгөн гуйвуулга 2026 оны эхний хагаст 13%-иар өсөж, 9.3 тэрбум ам.долларт хүрсэн нь валютын нийлүүлэлтийг дэмжиж байгаа ч худалдааны алдагдлын өсөлт ханшид эсрэг дарамт үзүүлэх эрсдэлтэй.
- Узбекистан, Энэтхэг худалдааг 5 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавив: Хоёр улс харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, 2030 он гэхэд хоёр талын худалдааг 5 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцлоо. Уул уурхай, чухал ашигт малтмал, эрчим хүч болон хөрөнгө оруулалтын чиглэлээр санамж бичгүүд байгуулсан боловч төслийн хэмжээ, санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа болон арилжааны гэрээнүүд хараахан тодорхой болоогүй байна. Иймээс одоогоор баталгаатай хөрөнгө оруулалтын урсгал бус, цаашид хянах үйл явдал гэж үзэх нь зүйтэй.
ЭХ СУРВАЛЖ:
www.stat.uz
www.londonstockexchange.com
www.lse.co.uk
www.pmindia.gov.in
www.kun.uz
www.uzdaily.uz
Түлхүүр үг:
УЗБЕКИСТАН
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


