“CATL” өсөлтийн шинэ боломж хайж, 17 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийлээ

ГОЛ ӨНЦӨГ
- “CATL” батарейгаас бусад салбарын долоон хэлцэлд 17 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт хийжээ.
- Хөрөнгө оруулалт нь хиймэл оюуны дата төв, “DeepSeek”, хүн дүрст робот болон усан цахилгаан станцуудад төвлөрч байна.
- Цахилгаан автомашины эрэлт саарч, өрсөлдөөн нэмэгдэж буй үед компани өсөлтийн шинэ эх үүсвэр эрэлхийлж байна.

Дэлхийн цахилгаан автомашины цэнэг хадгалах систем үйлдвэрлэгч хамгийн том компани “CATL” үндсэн бизнесээсээ гадна өсөлтийн шинэ чиглэлүүдэд хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж байна.
2025 оны VI сараас хойш тус компанийн тэргүүлсэн, батарейгаас бусад салбарт чиглэсэн долоон хэлцлийн нийт дүн 17 тэрбум юань буюу 2.5 тэрбум ам.доллароос давжээ. Үүнд хиймэл оюуны дата төв, том хэлний загвар хөгжүүлэгч “DeepSeek”, хүн дүрст робот болон усан цахилгаан станцын төслүүд багтсан байна.
“Fitch Ratings”-ийн Ази, Номхон далайн бүсийн компанийн зэрэглэл хариуцсан захирал “Yang Jing”-ийн үзэж буйгаар, эдгээр нь санхүүгийн өгөөжөөс илүү урт хугацааны стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалтууд юм. Ялангуяа хиймэл оюуны дата төвийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх нь батарейд суурилсан эрчим хүч хадгалах системийн эрэлтийг өсгөж, “CATL”-ийн гурав дахь өсөлтийн чиглэл болох боломжтойг онцоллоо.
Хиймэл оюуны дэд бүтцэд байр сууриа нэмэгдүүлэв
2026 оны V сард “CATL”-тай холбоотой хоёр компани дата төвийн үйлчилгээ үзүүлэгч “VNET Group”-ийн 38.1 хүртэлх хувийг 942 сая ам.доллароор худалдан авч, хамгийн том хувьцаа эзэмшигч болохоор тохиролцжээ.
Мөн дата төвийн цахилгаан хангамжийн систем үйлдвэрлэгч “Hangzhou Zhonhen Electric”-ийн бизнесийн 49%-ийг 4.09 тэрбум юаниар авах хэлцэл хийж байна. Үүнээс гадна VI сард “CATL” болон түүнтэй холбоотой компаниуд “DeepSeek”-ийн хөрөнгө таталтын шатанд таван тэрбум юанийн хөрөнгө оруулахаар болсон байна.
Хиймэл оюуны дата төвүүд тасралтгүй, найдвартай цахилгаан хангамж шаарддаг учраас “CATL” эдгээр хөрөнгө оруулалтаар дамжуулан эрчим хүч хадгалах системийн ирээдүйн эрэлтийг эртнээс өөртөө татахыг зорьж байна.
Робот болон цэвэр эрчим хүчний салбарт тэлэв
“CATL” 2025 оны VI сард хүн дүрст робот хөгжүүлэгч “Galbot”-ийн 1.1 тэрбум юанийн хөрөнгө таталтыг тэргүүлжээ. Улмаар “CATL”-ийн батарей ашигласан “Galbot” роботыг үйлдвэрлэлийн шугамд нэвтрүүлсэн байна. Энэхүү хамтын ажиллагаа нь роботод зориулсан дараагийн үеийн батарей хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой.
Тус компани мөн БНХАУ-ын төрийн өмчит компаниудтай хамтран Сычуань болон Төвөдийн цэвэр эрчим хүчний гурван төсөлд нийт 1.56 тэрбум орчим юанийн хөрөнгө оруулжээ. Эдгээр төсөл нь “CATL”-ийг хямд, цэвэр эрчим хүчээр хангаж, үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх юм.
ДҮГНЭЛТ
“CATL”-ийн хөрөнгө оруулалтын чиглэл батарей үйлдвэрлэлээс хиймэл оюуны дата төв, робот болон цэвэр эрчим хүчний дэд бүтэц рүү өргөжиж байна. Энэ нь тус компани шинэ бизнес эхлүүлэхээс гадна ирээдүйд батарей, эрчим хүч хадгалах системийн эрэлт бий болох салбаруудад урьдчилан байр сууриа эзлэх стратеги баримталж байгааг харууллаа.
Цаашид хиймэл оюуны дата төвийн эрчим хүчний хэрэглээ хэр хурдан өсөх, шинэ хөрөнгө оруулалтууд үндсэн бизнестэйгээ хэр үр дүнтэй уялдах болон цахилгаан автомашины зах зээлийн өрсөлдөөнийг компани хэрхэн даван туулах нь гол анхаарах үзүүлэлт болно.
ЭХ СУРВАЛЖ:
www.scmp.com
www.catl.com
www.fitchratings.com
Түлхүүр үгс:
Хятад
CATL
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


