“Ant Group” хүн дүрст роботын салбар дахь хөрөнгө оруулалтаа эрчимжүүлэв

ГОЛ ӨНЦӨГ
- “Ant Group” хүн дүрст робот үйлдвэрлэгч “Zeroth”-ийн Pre-Series A шатны санхүүжилтийн гол хөрөнгө оруулагч боллоо.
- Тус компани сүүлийн 18 сарын хугацаанд хүн дүрст роботын салбарын 12 компанид хөрөнгө оруулжээ.
- “Ant Group” өөрийн роботын охин компани байгуулж, AI болон роботын нэгдсэн экосистемийг хөгжүүлж байна.

“Alibaba Group”-ийн харьяа “Ant Group” хүн дүрст робот үйлдвэрлэгч “Zeroth”-ийн 500 сая юанийн (73.6 сая ам.доллар) хэмжээтэй Pre-Series A санхүүжилтийн үе шатыг тэргүүлсэн талаар тус компани мэдээллээ. Энэхүү санхүүжилтийн шатанд “Geely Capital”, “Monolith”, “37 Interactive Entertainment”, “Hua Capital” зэрэг хөрөнгө оруулагчид мөн оролцсон бөгөөд ингэснээр “Zeroth”-ийн нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 1 тэрбум юаньд хүрчээ.
Энэхүү хөрөнгө оруулалт нь “Ant Group”-ийн сүүлийн 18 сарын хугацаанд хүн дүрст роботын салбарт хийсэн 12 дахь хөрөнгө оруулалт болж байна. Тус компанийн багцад “Unitree Robotics”, “Galaxea” зэрэг хүн дүрст робот үйлдвэрлэгчид, мөн “Linkerbot”, “Hypershell”, “Genrobot AI” зэрэг роботын эд анги, программ хангамж хөгжүүлэгч компаниуд багтаж байгаа нь AI болон роботын нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь хамарсан стратеги хэрэгжүүлж байгааг харуулж байна.
2024 оны сүүлээр байгуулагдсан “Zeroth” нь өндөр настны асаргаа, тэжээвэр амьтны арчилгаа болон хүүхдийн боловсролд зориулсан хүн дүрст робот хөгжүүлдэг. Компанийн мэдээлснээр 30 мянга гаруй роботын захиалга аваад байгаа бөгөөд 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны орлого өмнөх оны мөн үеэс 600%-иар өсжээ. Мөн энэ оны намраас Хойд Америк болон Европын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөж байна.
“Ant Group” нь зөвхөн хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэхээс гадна өөрийн роботын бизнесээ өргөжүүлж байна. Тус компани 2024 онд “RobbyAnt” нэртэй робот хөгжүүлэх охин компани байгуулж, 2025 онд Берлинд болсон IFA үзэсгэлэнд анхны “R1” хүн дүрст роботоо танилцуулсан. Одоогоор энэхүү роботыг музей зэрэг байгууллагуудад туршин ашиглаж байгаа бөгөөд дараагийн үеийн загварыг хөгжүүлж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар “Ant Group” нь робот үйлдвэрлэгчдээс гадна эд анги, AI программ хангамж болон төлбөрийн дэд бүтцийг хамарсан босоо интеграцчилсан роботын экосистемийг бүрдүүлэх стратеги хэрэгжүүлж байна. Ингэснээр “Qwen” том хэлний загвар, үүлэн тооцоолол болон “Alipay”-ийн үйлчилгээг ирээдүйн хүн дүрст роботын хэрэглээтэй уялдуулах боломж бүрдэх юм.
ДҮГНЭЛТ
“Ant Group”-ийн идэвхтэй хөрөнгө оруулалт нь БНХАУ-ын томоохон технологийн компаниуд хүн дүрст роботын салбарыг дараагийн стратегийн өсөлтийн чиглэл гэж үзэж эхэлснийг харуулж байна. AI, роботын техник хангамж болон программ хангамжийг нэгтгэсэн экосистем бүрэлдэхийн хэрээр БНХАУ дэлхийн хүн дүрст роботын зах зээл дэх өрсөлдөх байр сууриа улам бэхжүүлэх төлөвтэй байна.
ЭХ СУРВАЛЖ:
www.cnbc.com
www.scmp.com
Түлхүүр үг:
Хятад
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


