УЗБЕКИСТАН #3: Moody's Узбекистаны зээлжих зэрэглэлийг Ba2 болгон ахиулж, төлөвийг "Тогтвортой" болголоо

ГОЛ ӨНЦӨГ
- Moody's Узбекистаны зээлжих зэрэглэлийг Ba2 болгон ахиулж, төлөвийг "Тогтвортой" болголоо.
- Эдийн засгийн төрөлжилт, төсвийн сахилга бат болон бүтцийн шинэчлэлийн ахиц зэрэглэл ахихад голлон нөлөөлөв.
- Moody's улсын өрийг ДНБ-ий 35%, төсвийн алдагдлыг 3%-иас доош түвшинд тогтворжино гэж үзэж байна.
- Төрийн өмчит байгууллагуудын өр төлбөр болон геополитикийн эрсдэл гол сорилт хэвээр байна.

Moody's Ratings VI сарын 25-нд Узбекистаны урт хугацаат зээлжих зэрэглэлийг Ba3-аас Ba2 болгон ахиулж, төлөвийг "Эерэг"-ээс "Тогтвортой" болгон өөрчиллөө. Moody's энэхүү шийдвэрийг институцийн орчин, макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд, төсвийн сахилга бат болон хэрэгжүүлж буй бүтцийн шинэчлэлийн үр дүн тогтвортой сайжирсантай холбон тайлбарлав.
Moody's-ийн мэдээлснээр Узбекистан сүүлийн гурван жилд дунджаар 6.9%-ийн эдийн засгийн өсөлт үзүүлсэн бөгөөд 2025 онд ДНБ 7.7%, 2026 оны I улиралд 8.7% болж өсжээ. Үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарын өсөлт эдийн засгийг төрөлжүүлж байгаа бол 2025 онд гадаадад ажиллагч иргэдийн мөнгөн шилжүүлэг 18.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 27%-иар өссөн нь эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжсэн гэж үнэлэв.
Төсвийн сахилга бат сайжирсан нь зэрэглэл ахихад чухал нөлөө үзүүлжээ. Төсвийн алдагдал 2023 онд ДНБ-ий 4%-иас давж байсан бол 2025 онд ойролцоогоор 2% болж буурсан байна. Эрчим хүчний салбарын шинэчлэл, татаасыг бууруулсан бодлого зэрэг арга хэмжээний үр дүнд Moody's 2026–2028 онд төсвийн алдагдал ДНБ-ий 3%-иас доош, улсын өр ДНБ-ий 35% орчимд тогтворжино гэж төсөөлжээ.
Мөн төрийн удирдлага болон эрчим хүчний салбарын шинэчлэл, Дэлхийн худалдааны байгууллагад (WTO) элсэх үйл явцын ахиц, түүнчлэн UzNIF-ийн IPO олон улсын хөрөнгө оруулагчдаас 691 сая ам.доллар татан төвлөрүүлсэн нь хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн ахицыг илэрхийлж, зэрэглэлд эерэгээр нөлөөлсөн гэж Moody's онцоллоо. Үүнээс гадна орон нутгийн болон гадаад валютаарх улсын дээд зэрэглэлийг мөн ахиулсан нь олон улсын санхүүжилтийн боломжийг дэмжих эерэг дохио болсон байна.
Нөгөө талаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр төлбөрийн эрсдэл, төрийн өмчит банкуудын давамгай байр суурь, геополитикийн тодорхойгүй байдал болон бүтцийн шинэчлэл удаашрах эрсдэл нь зэрэглэлийг хязгаарлаж буй хүчин зүйл хэвээр байгааг Moody's онцоллоо.
Moody's-ийн үзэж буйгаар цаашид бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төрийн өмчит байгууллагуудын эрсдэлийг бууруулан, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж чадвал Узбекистаны зээлжих зэрэглэл цаашид дахин ахих боломжтой байна. Одоогийн Ba2 зэрэглэл нь Монгол Улсын B1 зэрэглэлээс хоёр шат өндөр байгаа нь Узбекистаны институцийн шинэчлэл, эдийн засгийн төрөлжилт болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг олон улсын зах зээл илүү өндөр үнэлж байгааг харуулж байна.
Таван Богд Капитал Узбекистаны зах зээлийн боломжийг судална.
Moody's-ийн тайланд хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн бодит жишээ болгон онцолсон UzNIF-ийн IPO нь олон улсын хөрөнгө оруулагчдаас өндөр эрэлт татаж, 691 сая ам.доллар татан төвлөрүүлсэн юм. Таван Богд Капитал IPO-ийн дараах хоёрдогч зах зээлд 2026 оны V сарын 19-нд 27.59 ам.доллар, VI сарын 22-нд 32.20 ам.долларын ханшаар хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд одоогийн байдлаар дундаж худалдан авалтын үнэ 30.02 ам.доллар, VII сарын 3-ны өдрийн хаалтын ханш 31.95 ам.доллар болж, 6.42%-ийн хэрэгжээгүй өгөөж бүрдээд байна.
Узбекистаны макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд, бүтцийн шинэчлэлийн ахиц болон зээлжих зэрэглэл сайжирч буйг харгалзан Таван Богд Капитал тус улсын хөрөнгийн зах зээлийг цаашид ч идэвхтэй судалж, хөрөнгө оруулалтын шалгуур хангасан боломжуудыг урт хугацааны хөрөнгө оруулалтын хүрээнд харилцагчдадаа санал болгон ажиллах болно.

Түлхүүр үг:
УЗБЕКИСТАН
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


