“TMK Energy”-ийн хийн олборлолт VI сард 8%-иар өсөж, шинэ өрөмдлөг VIII сард эхэлнэ

ГОЛ ӨНЦӨГ
- Өдрийн дундаж хийн олборлолт VI сард 742 м³ болж, V сараас 8%-иар өсөв.
- Шинэ үйлдвэрлэлийн цооногуудын өрөмдлөгийн тендерт “Major Drilling” шалгарч, өрөмдлөгийг VIII сард эхлүүлэхээр бэлтгэж байна.
- “Дашваанжил Групп ХХК”-тай хамтарсан 1 МВт-ын хий-цахилгаан төслийн инженерчлэлийн ажил дуусах шатандаа оржээ.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy Limited” (ASX: TMK) Гурвантэс XXXV нүүрсний давхаргын хийн төслийн VI сарын үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, хийн олборлолт 12 дахь сардаа дараалан өсөлтөө хадгалсныг мэдээллээ.
Компанийн мэдээлснээр VI сарын өдрийн дундаж олборлолт 742 м³ хүрсэн нь V сарын 687 м³-ээс 8%-иар өссөн үзүүлэлт болж байна. Энэ нь “LF-03” цооног насос солих ажилтай холбоотойгоор бүтэн сарын турш ажиллагаагүй байсан хэдий ч олборлолтын өсөлт үргэлжилснийг харуулжээ.
Мөн ордын хамгийн өндөр бүтээмжтэй “LF-07” цооногт VI сарын дунд үеэр дахин өндөр олборлолт бүртгэгдсэн бөгөөд сарын эцэст олборлолтын хэмжээ V сарын дунджаас 10–20%-иар өндөр түвшинд хүрсэн байна. Үүнтэй зэрэгцэн талбайн ус олборлолт өдөрт дунджаар 430 баррель түвшинд тогтвортой хадгалагджээ.
“TMK Energy”-ийн Гүйцэтгэх захирал “Dougal Ferguson” хэлэхдээ,
"Сүүлийн 12 сарын хугацаанд хийн олборлолт сар бүр өсөж, “LF-07” цооногт хоёр дахь удаагаа өндөр олборлолт бүртгэгдсэн нь төслийн урт хугацааны боломжид итгэх итгэлийг улам нэмэгдүүлж байна. Ойрын хугацаанд илүү өндөр, тогтвортой олборлолтын түвшинд хүрэх нь төслийн хувьд чухал үе шат болно" хэмээн онцоллоо.
Үүнээс гадна компани шинэ үйлдвэрлэлийн цооногуудын өрөмдлөгийн тендерийг дуусгаж, олон улсын өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлэгч “Major Drilling”-ийг гүйцэтгэгчээр сонгосон байна. Тус компани өмнө нь “TMK Energy”-ийн туршилтын долоон цооногийг өрөмдөж байсан туршлагатай бөгөөд гэрээний эцсийн хэлэлцээр үргэлжилж байгаа аж.
Мөн өрөмдлөгийн хөтөлбөрт шаардлагатай урт хугацаанд нийлүүлэгдэх тоног төхөөрөмжүүдийг захиалсан бөгөөд тэдгээрийг VII сарын сүүлээс VIII сарын эхээр хүлээн авахаар төлөвлөжээ. Үүний дараа 2026 оны өрөмдлөг болон цооногийн сэргээн засварлах ажлыг VIII сард эхлүүлэхээр бэлтгэж байна.
Нөгөө талаар “Дашваанжил Групп ХХК”-тай хамтран хэрэгжүүлж буй 1 МВт-ын хүчин чадалтай хий-цахилгаан үйлдвэрлэлийн туршилтын төслийн инженерчлэл, зураг төслийн ажил дуусах шатандаа оржээ. Талууд дараагийн шатанд арилжааны хамтын ажиллагааны нөхцөл, хөрөнгө оруулалтын бүтэц болон хий, цахилгаан нийлүүлэх гэрээний талаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
ТЕХНИК ШИНЖИЛГЭЭ

Хувьцааны ханш сүүлийн нэг сар гаруйн хугацаанд огцом өсөлт, бууралтын хөдөлгөөнгүйгээр 0.11–0.14 AUD хооронд хэлбэлзэн тогтвортой арилжаалагдаж байна. Хэрэв ханш өсөлтийн трендээ дахин үргэлжлүүлж чадвал өмнөх оргил түвшин болох 0.185 AUD орчимд хүрэх боломжтой бөгөөд энэ нь одоогийн ханшаас 60 гаруй хувийн өсөлтийг боломж байгааг илэрхийлж байна.
Харин ханш 0.11 AUD орчмын дэмжлэгийн түвшнээс доош буурвал өмнөх ёроол болох 0.083 AUD орчим хүртэл уналт үзүүлэх эрсдэлтэй бөгөөд энэ нь одоогийн түвшнээс ойролцоогоор 28%-ийн буурах боломж байгааг илэрхийлж байна.
ЭХ СУРВАЛЖ:
tmkenergy.com.au
Түлхүүр үгс:
TMK
TMK Energy
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


