Банк Реформер: ХААН банк хүүгийн орлогын өсөлтөөрөө системийн банкнуудаа дахин тэргүүллээ
ГОЛ ӨНЦӨГ
- ХААН банкны 2022 оны эхний хагас жилийн цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 71 хувиар өсөж ₮224.6тэрбум гарч, өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оноос 7 нэгж хувиар өсөж 26.4%-д хүрлээ. (RoaE: дундаж өөрийн хөрөнгөөр тооцов)
- Энэхүү ашигт ажиллагааны өсөлтөд зээлийн хүүгийн орлогын 30%-ийн өсөлт болон хадгаламжийн хүүгийн зардлын 24%-ийн бууралт голчлон нөлөөлжээ.
- Балансын хувьд өмнөх оны мөн үеэс нийт хөрөнгө 2% бууралт үзүүлсэн бол өөрийн хөрөнгө 32%, цэвэр зээл 32% өсөлт тус тус үзүүллээ.
ХААН банкны 2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 15% өсөлттэй байсан нь системийн нөлөө бүхий бусад банктай харьцуулахад хамгийн өндөр өсөлт байлаа. Нөгөө талдаа хугацаатай хадгаламжийн хүүгийн бууралттай холбоотойгоор хадгаламж өмнөх оны мөн үеэс 20%-аар буурсан нь хүүгийн зардал 16% буурахад нөлөөлсөн бөгөөд энэ нь ашигт ажиллагааг дэмжсэн дүр зурагтай байна.
ХААН банк нь банкны салбарын активын гуравны нэгийг дангаар бүрдүүлэх хэмжээний том банк төдийгүй балансын үзүүлэлтүүдийн хувьд мөн өндөр өсөлттэй гарчээ. Жишээлбэл, цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үеэс 32% өссөн нь бусад системийн нөлөө бүхий банкнуудаас хамгийн өндөр харагдаж байна. Түүнчлэн зээлийн багц өссөн ч хугацаа хэтэрсэн зээл өмнөх оны мөн үеэс 40%-аар буурсан, хэвийн зээл 34% өссөн нь чанаргүй зээл 4.4% болж өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар буурахад нөлөөлсөн байна. Мөн өөрийн хөрөнгө өмнөх оны мөн үеэс 32% өссөн бөгөөд үүний улмаас өөрийн хөрөнгийн хүрэлцээ 15.9% болж өслөө.
Харин харилцах, хадгаламжийн дүн өмнөх оны мөн үеэс 10% бууралттай гарлаа. Харилцах, хадгаламжийн дүнг задлан харвал, харилцахын дүн 22% өсөж, хадгаламж 20% буурсан сонирхолтой дүр зураг харагдаж байна. Нийт хөрөнгийн хувьд өмнөх оны эхний хагас жилээс хойш бага зэрэг буурсанд мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө өмнөх оны мөн үеэс 53%-аар буурсан нь нөлөөлсөн байна
Арилжааны банкнуудын хувьд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг дээрх графикт харуулав. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа нь тус банкны хувьд 15.9% байгаа нь бусад банкнуудтай харьцуулахад дундаж түвшинд байна. Энэ үзүүлэлт нь тухайн банк одоогийн байгаа өөрийн хөрөнгийн түвшинд хэр их хэмжээний эх үүсвэр татаж, томрох боломжтойг харуулдаг бөгөөд Монголбанкны шалгуур 12% руу дөхөх тусам энэ боломж хязгаарлагдмал болдог. Хөрвөх чадварын хувьд банкнуудын харилцагчдын шаардлагаар мөнгийг гаргаж өгөх чадварыг илэрхийлдэг ба энэ шаардлагаа системийн банкнууд хангалттай хангаж ажиллаж байна.
ХААН БАНКНЫ ТУХАЙ
Хаан банк нь 1991 онд анх Хөдөө аж ахуйн хоршоологчдын банк нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 2003 онд хувьчлагдсан бөгөөд одоогийн байдлаар улс орон даяар нийт 547 салбартай, Монголын нийт айл өрхийн 70 гаруй хувь буюу 2.7 сая харилцагчидтайгаар үйл ажиллагаа явуулдаг Монголын тэргүүлэгч банк юм. Одоогоор нөлөө бүхий (5%-аас дээш хувьцаа эзэмшдэг) 4 хувьцаа эзэмшигчидтэй, 6,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн хаан банк нь цахим банкны хэрэглээг нэмэгдүүлж, теллерийн гүйлгээний ачааллыг бууруулахад анхаарч ажилласны үр дүнд орон даяар 204 гаруй Экспресс банк, 1,200 гаруй АТМ, 144 киоск машин, 24,000 гаруй КҮБ, 30,000 гаруй ПОС машинтай үйлчилгээний өргөн сүлжээг бүрдүүлж чадсан байна.
ТАЙЛБАР
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцаан үзүүлэлт юм.
Хэрвээ та Банкнуудын IPO-той холбоотой “Банк Реформер” хөрөнгө оруулалтын цогц зөвлөх үйлчилгээ авах бол доорх хаягуудаар бидэнтэй холбогдоорой.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хаан банк
Тайлан
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх