“Богд Банк” олон улсын зах зээлд 75 сая ам.долларын бонд амжилттай гаргалаа.

“Богд Банк” ХК олон улсын хөрөнгийн зах зээлд 75 сая ам.долларын үнийн дүнтэй нээлттэй бондыг амжилттай гаргаж, Монголын банкны салбарын гадаад зах зээл дэх санхүүжилтийн сувгийг өргөжүүлсэн томоохон хэлцлийн нэгийг хэрэгжүүллээ.
Тус бонд нь 3 жилийн хугацаатай, жилийн 9.5%-ийн купонтой бөгөөд Австри улсын Венын Хөрөнгийн биржид бүртгэгдсэн байна. Анхдагч зах зээлийн арилжаанд олон улсын институционал хөрөнгө оруулагчид оролцсон бөгөөд Монголын банкны салбарын үнэт цаасанд хөрөнгө оруулагчдын сонирхол хадгалагдаж буйг илэрхийлж буй үзүүлэлт боллоо.
Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг жижиг, дунд бизнес, экспорт, худалдаа, үйлдвэрлэл болон хувийн хэвшлийн өсөн нэмэгдэж буй санхүүжилтийн хэрэгцээг дэмжихэд чиглүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь цаашид банкны зээлийн багцын өсөлт, активын төрөлжилт болон бизнесийн сегмент дэх байр суурийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүлээлттэй байна.
Хэлцлийн андеррайтераар дэлхийн хөрөнгө оруулалтын банкны тэргүүлэгчдийн нэг “J.P. Morgan” ажилласан бөгөөд олон улсын хэмжээний андеррайтер оролцсон нь хөрөнгө оруулагчдын итгэлцэл болон хэлцлийн гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлсэн гэж шинжээчид үнэлж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, 9.5%-ийн купоны түвшин нь Монголын банкны салбар болон хөгжиж буй зах зээлийн эрсдэлийн үнэлгээг тусгасан бөгөөд захиалга амжилттай бүрдсэн нь олон улсын хөрөнгө оруулагчид Монголын санхүүгийн салбарын өсөлтийн боломжийг үнэлж байгааг харуулж байна.
Түүнчлэн энэхүү арилжаа нь “Богд Банк”-ны хувьд зөвхөн гадаад санхүүжилт татсан хэлцэл бус, харин олон улсын хөрөнгийн зах зээлд бие даан үнэлэгдэж, засаглал, ил тод байдал болон санхүүгийн сахилга батын түвшнээ олон улсын хөрөнгө оруулагчдад баталгаажуулсан стратегийн ач холбогдолтой алхам болж байна.
Түлхүүр үг:
Бонд
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


