МОНОС ХҮНС ХК-НИЙН ЦЭВЭР АШИГ III УЛИРАЛД 91% ӨСЧ, 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ.
Ковид-19 цар тахлын дэгдэлтийн хүнд үед ч борлуулалт болон цэвэр ашиг нь өмнөх жилүүдийн дунджаас өндөр хувиар (48%, 91%) өссөн.
Улмаар компанийн цэвэр ашгийн марж 10.3%-д, өөрийн хөрөнгийн өгөөж 10.9%-д хүрээд байна.
Компанийн үнэ, ашгийн харьцаа (P/E) өмнөх жилүүдтэй харьцуулахад буураад байгаа ба цаашдаа орлого ашгийн өсөлтөө хэвээр хадгалж чадвал хөрөнгө оруулагчдын хувьд үнэлгээ нь илүү сонирхол татахаар байна.
Монос хүнс ХК-нийн борлуулалт 2021 оны III улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 48%-аар өсч, 13 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Компанийн 2018-2020 оны III улирлын борлуулалтын өсөлт нь дунджаар ~30%-тай байсан бол энэ оны өсөлтийн түвшин харьцангуй өндөр байлаа. Нөгөө талаар бүтээгдэхүүний өртөг болон үйл ажиллагааны зардлуудын дундаж өсөлт борлуулалтын зардлаас бага байснаас үүдэн цэвэр ашгийн марж нь 7.9%-аас 10.3% хүртэл өссөн байна. Ийнхүү ашигт ажиллагааны өндөр үзүүлэлт нь компанийн өөрийн хөрөнгийн өгөөж(RoE)-ийг 4.8%-с 10.9% хүрэхэд нөлөөлсөн байна.
Тус компани нь 2019 онд Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж, нэгж хувьцаагаа олон нийтэд 70 төгрөгөөр санал болгон 8.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн ба МХБ-н I ангилалд бүртгэлтэй компани юм. Хэдийгээр 2020 онд Ковид-19 цар тахлын дэгдэлтээс шалтгаалан түүхий эдийн тасалдал, хөл хорио зэрэг төрөл бүрийн хязгаарлалтууд байсан хэдий ч Монос хүнс ХК нь IPO хийхдээ төлөвлөж байсанчлан борлуулалтын гол өсөлтийг хуурай хүнснээс илүүтэйгээр шингэн хүнсний борлуулалтаас бий болгожээ. Масс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж 3-5 жилд тогтворжиж эхэлдэг бол өнгөрсөн богино хугацаанд тоног төхөөрөмжөө жигдрүүлж чадсан байна.
Компанийн үнэ, ашгийн харьцаа (P/E) нь 2019, 2020 оны III улиралд 29.8x, 35.3x байсан бол энэ онд 21.2x хүртэл буурсан нь харьцангуй бодит үнэлгээ рүү ойртож байгааг илтгэх ба цаашдаа ашигт ажиллагаа нь энэ эрчээрээ өсөх тохиолдолд үнэлгээ нь илүү өсөх боломжтой юм. (Хөрөнгө оруулагчдын хувьд энэхүү үнэлгээний үзүүлэлтийг нарийвчилсан суурь шинжилгээтэй хослуулан ашиглаж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтаа хийх нь зүйтэй гэдгийг анхаарна уу)
Жич: Үнэ ашгийн харьцааг сүүлийн 12 сарын цэвэр ашгийг компанийн суулийн жилийн дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцсон болно.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж, Компанийн мэдээлэл
Түлхүүр үгс:
MONOS
MFC
Monos Foods
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх