2021 ОНД I АНГИЛЛЫН ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АРИЛЖИГДСАН ХУВЬЦААНЫ ТОО 2 ДАХИН ӨСЧ, ХӨРВӨХ ЧАДВАР НЭМЭГДЖЭЭ

ГОЛ ӨНЦӨГ:
- 2020 онд дундажаар компаниудын чөлөөт хөрвөх хувьцааны 14.9% арилжаалагдсан бол 2021 онд 25.3% хувьд хүрч өссөн нь хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сайжирсаныг илтгэж байна.
- Арилжааны үнийн дүнгээр хамгийн их өсөлттэй байсан хувьцаанаас онцолвол Ард кредит ББСБ, АПУ, Мандал даатгал, Түмэн шувуут, Говь зэрэг хувьцаат компаниуд багтаж байна.
- 2021 онд 361.6 сая ширхэг үнэт цаасны арилжаа хийгдсэн нь өмнөх оноос 132%-аар өндөр үзүүлэлт байсан.
2021 онд хөрөнгийн зах зээлийн хувьд өсөлттэй, тэсрэлттэй, пуужиндсан жил байлаа. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хэмжих нэг чухал үзүүлэлт нь хөрвөх чадвар ба энэ нь нэг талаар тухайн зах зээлийн арилжааны идэвхийг харуулдаг бол нөгөө төлөөр хувьцаа эзэмшигчдийн хувьцаа нь хэр хурдан мөнгөнд хөрвөж чадахыг илтгэдэг үзүүлэлт юм.
Монгол улсын хувьд хөрөнгийн зах зээл өндөр өсөлттэй байсан хэдий ч өндөр хөгжилтэй юу? гэвэл “Үгүй” гэдгийг хэн бүхэн мэднэ. Тиймдээ ч олон улстай харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлттэй явдаг буюу 2021 оны 3-р улирлын байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-д эзлэх хувь 13% (2020 оны байдлаар 62 улсын дундаж үзүүлэлт 105% байсан)-тай байсан байна.
Тэгвэл энэ удаад Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчдийн зүгээс тухайн жилийн арилжаалагдсан үнэт цаасны тоо ширхэгийг, чөлөөт хөрвөх хувьцааны тоо ширхэгт харьцуулах замаар хөрвөх чадварыг тооцож үзлээ. Үндсэндээ жижиг хөрөнгө оруулагчдын эзэмшилд байгаа арилжих боломжтой хувьцааны тоотой харьцуулахад хэр их арилжаа бодитоор хийгдсэн байна гэдгийг хэмжинэ гэсэн санаа юм.
2021 онд 1-р ангиллын 22 хувьцаат компанийн 5 буюу түүнээс доош хувийн эзэмшил дэх жижиг хувьцаа эзэмшигчдэд 1.2 тэрбум ширхэг хувьцаа байдаг бол үүний 25.3% нь арилжаалагдсан байна. Арилжигдсан хувьцааг үнийн дүнгээр илэрхийлвэл 147 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ийнхүү өмнө онтой харьцуулж үзвэл арилжигдсан хувьцааны тоо хэмжээ 2 дахин, үнийн дүн 5 дахин өссөн үзүүлэлттэй байгаагаас үзэхэд хувьцааны ханшийн өсөлтийг дагаж арилжааны идэвх, хөрвөх чадвар сайжирчээ.
Жижиг хувьцаа эзэмшигчид хамгийн идэвхтэй арилжаа хийсэн компаниудад Түмэн шувуут, Мандал даатгал, Ард санхүүгийн нэгдэл, МахИмпекс, Ард даатгал, Ард кредит, ЛэндМН зэрэг хувьцаат компаниуд орж байна.
Хэдийгээр арилжааны үнийн дүнгээр хөрвөх чадварыг хэмжиж болох ч том, жижиг компаниудыг бодитоор харьцуулж дүгнэх үүднээс энэхүү харьцаа үзүүлэлтийг ашигласан болно.
ТАЙЛБАР
Чөлөөт хөрвөх хувьцаа (Free float): Компанийн 5 ба түүнээс доош хувь эзэмшдэг жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцаа

Түлхүүр үг:
хөрөнгийн зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
4 Сэтгэгдэл
Ha****sagch
Ajliin amjilt hvsie. Olon2 sudalgaa hiij bidendee huwaaltsaarai
0
0
Al****huyag
Bayarlalaa.
0
0
Ar****a
urgelj untei zovolgoo medeelleer hangadagt bayrlalaa
0
0
99****42
баярлалаа
0
0
Сэтгэгдэл үлдээх