Өнөөдөр Монголд: Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хагас жилд 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ
ГОЛ ӨНЦӨГ:
- Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хагас жилд 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
- Гашуунсухайт боомтоос Хятад руу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж эхэллээ.
Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хагас жилд 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг энэ оны эхний хагас жилийн байдлаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсныг танилцуулгын үеэр онцоллоо.
Экспортын хувьд алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.3 дахин, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 22 хувиар тус тус өссөн. Харин төмрийн хүдрийн биет хэмжээ 57 хувиар, нүүрсний экспортын биет хэмжээ 16 хувиар буурсан байна.
Импорт 687 сая ам.доллароор өсөхөд автобензин, суудлын автомашин, дизелийн түлшний импорт өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэдий гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан ч төлбөрийн тэнцлийн алдагдал нэг тэрбум ам.долларт хүрчээ.
Гашуунсухайт боомтоос Хятад руу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж эхэллээ
Гашуунсухайт хилийн боомтод AGV/Automatic Guided Vehicle/ буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг 2022 оны долдугаар сарын 16-ны өдрөөс амжилттай туршин, экспортын нүүрсийг гаргаж эхэлжээ. Ингэснээр Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ.
Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдрийн 11:10 цагийн байдлаар 20 машин 40 чингэлэг нүүрс экспортод гаргажээ.
Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж буй нь энэ юм. AGV нь нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байна.
Цаашид уг технологийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлэх хэлэлцээг Хятадын талтай хийх тухай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлж байв.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Гадаад худалдааны тэнцэл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх


