НИЙТЛЭЛ: ОЮУ ТОЛГОЙН ХУВЬЦААНЫ ҮНЭ ХЭД НУГАРАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Оюу толгой маргаан яагаад эхэлсэн бэ?
"Оюу толгой" төслийн 66 хувийг Туркойз Хилл Рисурс(TRQ) эзэмшдэг бол 34 хувь нь Монголын Засгийн газар эзэмшдэг бөгөөд Рио Тинто нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TRQ-ийн 50.8 хувийг эзэмшдэг билээ. Уг төслийн санхүүжилтийн бүтцийг шийдвэрлэхдээ Монгол улс ордын 34 хувийг эзэмших болсон юм. Энэ нь ордоос ашиг олбол 34 хувийг нь хүртэнэ гэсэн үг. Гэвч бодит амьдралд зардал анх төлөвлөж байснаас хэдэн тэрбум ам.доллараар хэтэрч Монголын талын 34 хувьд ногдох өр нэмэгдэн, улмаар ногдол ашиг хойшилж цаашлаад арван жилээр үргэлжлэх маргаан эхэлсэн юм. Зардлын хэтрэлт, ашгийн хэмжээ буурсан зэрэг үзүүлэлт нь МУ-ын нийт хүртэх өгөөжийн 70.6% хувийг бүрдүүлэх үүрэгтэй байсан ногдол ашиг, нийтлэг хувь хэмжээгээр ногдуулах татварын хэмжээг бууруулсан юм.
Өнөөдөрт хүрэх замдаа бид юуг туулав?
2013 онд анх удаа зардал хэтэрч Монголын талд ирэх ашиг буурч эхлэх үед тухайн үеийн засгийн газар далд уурхайн санхүүжилтийг зогсоож байсан түүхтэй. Харин 2015 онд уг зардлын хэтрэлтийг зөвшөөрч далд уурхайн санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө болох “Дубайн гэрээ”-г байгуулсан юм. Үүнээс хойш бүтээн байгуулалт өрнөсөн боловч 2020 оноос эхлэн зардал дахин хэтэрч, энэ нь уурхайн чулуулгийн бүтэцтэй холбоотой гэж зарлав. Тэгвэл нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Оюу толгой" компани санаачлан "Оюу толгой" компани дахь зөвлөлийн гишүүдээрээ дамжуулан Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судлан дүгнэлт гаргах зорилгоор 2020 оны 11 дүгээр сард хөндлөнгийн шинжээчдийг сонгон томилох Тусгай хороо байгуулах тогтоолын төслийг 2020 оны 11 дүгээр сард өргөн барьсан. Энэхүү саналыг тусгасан тогтоолын төслийг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан. Ийнхүү хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр уг зардлын хэтрэлт нь Рио Тинтогийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн болох нь тодорхой болсон юм. Энэхүү дүгнэлт нь Монголын талд давуу талыг үүсгэж уг дүгнэлт гарснаас хойш Рио Тинтогийн тал эрс хурдтайгаар ажиллаж Монголын талд хэлэлцээр хийх санал ирүүлсэн байдаг. Нөгөө талаас Монголын тал хэлэлцээрт ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа нь мэдэгдэл бүрийг нь үзэж дүгнэлт хийж байсан миний хувьд тодорхой харагдаж байв. Ийнхүү эцэст нь 2021 оны 12-р сарын 13-ны өдөр Рио Тинто талаас эцсийн санал ирж, түүнийг нь Монголын тал хүлээн авч байгаагаа мэдэгдлээ. Цаашид ч хэлэлцээр үргэлжилнэ гэж албаныхан мэдээлэв.
Рио Тинтогийн санал бидэнд ямар өөрчлөлт авчрах вэ?
Хэлэлцээрийн үр дүнг товч дүгнэвэл Монголын тал ямар ч өргүй болох нь. Цаашид бас өр үүсэхгүй нь. Ямартай ч Монголын талд ашигтай хэлцэл болж чадлаа. Мөн цаашид Монголын тал өмнөх шигээ гар хөлөө дөнгөлүүлэхгүй байх боломж бүрдэж байна. Учир нь төслийг цаашид хэрэгжүүлэхэд илүү сайн засаглалыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Энэ нь бид ниргэсэн хойно нь хашхирах биш нөхцөл байдал хүндрэхээс өмнө асуудлыг тодорхойлж, эрт арга хэмжээ авах боломжийг олгох юм. Ингэснээр гацаанд орохгүйгээр наана нь асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Тэгвэл Turquoise Hill Resources-ийн хувьцаа яах бол?
Харин одоо Turquoise Hill Resources компанийн хувьцаа эзэмшигчийн нүдээр харъя. Монголын талын өрийг тэглэж байгаа бол тэрхүү 2.3 тэрбум ам.долларыг хэн төлөх вэ? Цаашид дараагийн шатны санхүүжилтийг хэрхэн босгох вэ? гэх зэрэг асуултууд үлдэж байна. Засгийн газрын мэдэгдлээс харахад далд уурхайг ашиглалтад оруулах хүртэл гарах нэмэлт зардалтай уялдан Монголын талд дахин өр нэмэгдэж үүсэхгүй гэв. Энэ нь компани санхүүжилтийг зээлээр бус нэмж хувьцаа гарган санхүүжүүлэх хувилбарыг сонгоход хүргэж болзошгүй гэсэн үг юм. Үнэхээр нэмэлт хувьцаа гаргавал үнэ нь тухайн үед унах магадлалтай. Гэхдээ энэ уналт богино хугацааны уналт байх юм. Учир нь ордын баялгийн 80 хувь нь байрлаж буй далд уурхайн ашиглалтад орохоор болж буй нь хувьцааны ханшийн урт хугацааны хандлагыг тодорхойлно.
Суурь үйл явдлуудын зураглал
Техник шинжилгээний дүр зураг
Дүгнэлт
Хэлэлцээрийн үр дүнд Монголын тал өргүй боллоо. Дахин өр үүсэхгүй. Өр үүсэхгүй байна гэдэг Оюу толгойн ордыг ашиглахад ногоон гэрэл аслаа гэсэн үг. Учир нь уг өр Монголын эдийн засагт хүндрэл авчрахаас гадна улс төрийн дарамт, тогтворгүй байдалруу хөтөлдөг байсан юм. Ордын баялгийн 80 хувь байрлаж буй далд уурхай ашиглалтад орох цаг үе нь зэсийн үнийн маш таатай нөхцөл байдалтай давхцах магадлал тун өндөр байгаа. Энэ ч Монголын тал болон Рио талд хоёуланд нь ашигтай. Цаг үеэ олсон хэлцэл болж чадлаа.
Тэгвэл одоо бүгдээрээ 2015 оны Дубайн гэрээний дараа далд уурхайн хөгжүүлэлт эд хийгдэж байсан цаг үед хувьцааны ханш хэд байсан, мөн зэсийн ханш хэд байсныг эргэн саная. Хувьцааны ханш тухайн үед буюу 2015-2017 оны хооронд 17-44 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бөгөөд дундаж ханш нь 30 ам.доллар байсан юм. Харин зэсийн ханш энэ хугацаанд 1 тн нь 4,317-7,312 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бөгөөд дундаж нь 5,800 орчимд байжээ. Тэгвэл одоо зэсийн ханш 1 тн нь 9,445 ам.долларт хүрээд байна. Уг статистикаас харахад одоогийн ханш ирээдүйд 100%-300%-ийн өсөлт гаргах таамаглалыг гаргаж болохоор байна. Мэдээж хугацааны хувьд маргааш эсвэл нөгөөдөр биш. Ирэх 1-5 жилийн хугацаанд хүрч болох ханшийн түвшин гэдгийг анхаарах нь чухал.
Мэдэгдэл: Энэхүү нийтлэл нь ямар нэгэн хөрөнгө оруулалт зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн зорилготой болно. Хэрэв та арилжаа, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах гэж байгаа бол бие даан шийдвэр гаргана уу. Таны шийдвэр таны эрсдэл.
Нийтлэлч: Г.Мөнх-Эрдэнэ ("Таван Богд Капитал ҮЦК" ХХК-ын Гүйцэтгэх захирал)
Г.Мөнх-Эрдэнэ нь бизнесийн эдийн засагч мэргэжлээр Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн төгссөн. Оюутан байхаас эхлэн хөрөнгийн зах зээлээр мэргэшиж дөрвөн эрдэм шинжилгээний ажил хэвлүүлэн улсын хэмжээний олон хуралд оролцож эхний байруудад шалгарч байсан түүхтэй. Мөн хөрөнгийн зах зээлийн чиглэлээр гурван номыг санаачлан бичиж, орчуулан олны хүртээл болгоод байгаа нэгэн. Мөн CFA зэрэг авах гурван шатны шалгалтын эхний хоёр шатыг даваад байгаа билээ.
2012 онд ажлын гараагаа үнэт цаасны зах зээлээс эхэлж даатгалын салбарт ажиллаж байгаад банкны салбарт хүч үзэн одоо үнэт цаасны зах зээлдээ эргэн ирээд байна. Ажиллах хугацаандаа 2016 онд Монгол Шуудан Төрийн Өмчит Хувьцаат Компанийн 34%-ийг олон нийтэд хувьчлах ажлыг гардан гүйцэтгэж 6.2 тэрбум төгрөгийн амжилттай босгосон бол Голомт банканд ажиллахдаа өөрийн санаачилгаар шинэ алба байгуулан ганцхан жилийн хугацаанд алт арилжааны чиглэлээр Монголын тэргүүлэх банк болгож бусад арилжааны банкнуудыг ардаа орхиж чадсан. Ийнхүү тэрээр 2017 оны Голомт банкны “Шилдэг ажилтан”-аар өргөмжлөгдсөн бол 2019 онд “гибрид хадгаламж” хэмээх цоо шинэ хадгаламжийн шинэ түүхийг амжилттай эхлүүлснээр Голомт банкны “Од ажилтан” болсон юм. Голомт банканд 2016-2021 оны хооронд алтны дилерээс Арилжааны хэлтсийн захирал, “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн дэд захирлаар дэвшин ажилласан бол өдгөө “Таван Богд Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна.
Түлхүүр үг:
Оюу толгой
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх