Банкнуудын ногдол ашгийн өгөөжийн таамаглал | Хадгаламжийн хүүтэй өрсөлдөх үү?
ГОЛ ӨНЦӨГ:
- Системийн нөлөө бүхий 5 банкны 2025 оны цэвэр ашгаас тараах ногдол ашгийг таамаглахад, ХААН банкны ногдол ашгийн өгөөж 15.5% буюу хадгаламжийн хүүнээс өндөр байх хүлээлттэй байна.
- ТОП5 банкны сүүлийн 2 жилийн хугацаанд нийт цэвэр ашгийнхаа 20-58.5%-ийг ногдол ашиг болгон тараасан байна.
- Эдгээр банкнуудын 2025 оны эхний 3 улирлын нийт цэвэр ашиг нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Сүүлийн 2 жилийн дунджаар ТОП5 банк нь жилийн нийт цэвэр ашгийнхаа 71%-ийг эхний 3 улиралдаа олжээ.
Банкны салбарын топ-5 банкны 2025 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангууд нийтлэгдэн гарсантай холбогдуулан, бид харилцагчдадаа зориулан ирэх онд банкны ногдол ашгийн өгөөжийг урьдчилан тооцооллоо.
Судалгаагаар системийн нөлөө бүхий эдгээр таван банк сүүлийн хоёр жил дараалан жилийн цэвэр ашгийнхаа дунджаар 71%-ийг эхний гурван улиралд бүрдүүлдэг нь тогтоогдсон байна. Үүний үндсэн дээр банк тус бүрийн жилийн эцсийн цэвэр ашгийг таамаглаж, нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийг тооцоолсон бөгөөд ногдол ашиг тараалтын харьцааг өмнөх жилүүдийн дундаж түвшнээр авч ашигласан болно.
Тооцооллын үр дүнгээс харахад банкуудын ногдол ашиг тараалтын бодлого ялгаатай байгааг харуулж байна. ХААН банк хамгийн өндөр DPR дунджаар 53.5%, Хас Банк хамгийн бага буюу 28.7% байна. Мөн тус компани нь ₮18-ийн ногдол ашиг эхний хагас жилдээ тараахаа зарласан байгаа.
Эдгээр үзүүлэлтэд үндэслэн 2025 онд хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй банк нь ХААН Банк хэмээн таамаглагдаж байна. Тус банкны ногдол ашгийн өгөөж 15.5%, өнгөрсөн оны нэгж хувьцаанд ногдох ногдол ашгаас ойролцоогоор 5.4%-иар өсөх боломжтой. Хас банк-ны хувьцааны ханш өсөлт нь ногдол ашгийн таамаглалыг бууруулахад нөлөөлсөн бол Төрийн банк болон Худалдаа, Хөгжлийн Банк-ны хувьцааны ханшийн бууралт нь ногдол ашгийн таамаглал өсөхөд нөлөөлсөн. Мөн Голомт Банк үнэлгээ харьцангуй бага боловч өндөр ногдол ашгийн өгөөжтэй гарсан нь шинжээчийн зүгээс онцлог бүхий байна.
2025 оны гуравдугаар улиралд топ-5 банкны санхүүгийн гүйцэтгэлд тодорхой ялгаа ажиглагдсан бөгөөд салбарын өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) дунджаар 20 орчим хувийн түвшинд байна. Үүнээс ХААН Банк хамгийн өндөр буюу 28.3%, Төрийн банк хамгийн бага буюу 12.3% үзүүлэлттэй гарсан.
Цэвэр ашгийн дүнгээр авч үзвэл топ-5 банкны III улирлын ашиг ₮58–₮529 тэрбумын хооронд хэлбэлзсэн бөгөөд зөвхөн ХААН Банк ₮529 тэрбум ашигтай гарч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14%-иар өссөн нь онцлох үзүүлэлт юм.

Мэдэгдэл: Энэхүү тооцоолол нь өнгөрсөн үеийн дундаж үзүүлэлт болон гуравдугаар улирлын гүйцэтгэлд тулгуурласан урьдчилсан таамаглал юм. Иймд бодит нөхцөл байдал болон банкны цаашдын гүйцэтгэлээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй бөгөөд уг мэдээлэл нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шууд үндэслэл болохгүй гэдгийг анхаарна уу.
Түлхүүр үг:
Таван Богд Капитал ҮЦК ХХК
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


