Төвлөрлийн судалгаа | 2025.9: MLG хувьцааны төвлөрөл 5.4%-аар буурлаа

2025 он 10 сар 14 өдөр
140
0

ГОЛ ӨНЦӨГ: 

2025 оны 9-р сард ТОП-20 индексийн компаниудын хувьцаа эзэмшигчдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.8% өсөж эзэмшлийн төвлөрөл 1.7 нэгж хувиар буурчээ.

MLG хувьцааны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн тоо 5-аас 4 болж эзэмшлийн хэмжээ 25.2 сая ширхэгээр буурсан бөгөөд энэ нь нийт гаргасан хувьцааны 5.4%-тай тэнцэж байна.

Багцын арилжааны нийт дүн тус сард 6.2 тэрбум байгаа ба үүний 2.0 тэрбумыг нь INV хувьцааны арилжаа эзэлж байна. 

Хувьцааны төвлөрлийн ач холбогдол

Компанийн хувьцааны төвлөрөл өндөр байх нь цөөн тооны хувьцаа эзэмшигч ихэнх хувьцааг эзэмшдэгийг илтгэнэ. Харин төвлөрөл багатай үед олон жижиг хувьцаа эзэмшигчидтэй байх тул компанийн засаглал сайжирч, арилжааны идэвх болон хөрвөх чадвар нэмэгддэг.

Хөрөнгийн зах зээлийн хувьцааны төвлөрөл

2025 оны 9-р сарын байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 316 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт хувьцаа эзэмшигчдийн тоо 622,319 болсон байна.

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа боловч хөрөнгийн зах зээлийн хувьцааны төвлөрөл төдийлөн буурахгүй байна. 2025 оны 9-р сарын байдлаар Монгол Улсын нээлттэй 316 хувьцаат компанийн гарсан нийт хувьцааны дунджаар 80.4%-ийг 2-3 нөлөө бүхий хувьцаа эзэмшигч эзэмшиж байна. Харин бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй дундаж хувь нь 19.5% байгаа юм.

ТОП-20 хувьцааны төвлөрөл

2025 оны 9-р сард ТОП-20 индексийн компаниудын нийт хувьцаа эзэмшигчдийн тоо өмнөх оны мөн үеэс 14.8%-аар өсөж нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувь 79.7% болж, 1.7 нэгж хувиар буурсан байна. Ингэснээр 2-3 том хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 79.7%-ийг эзэмшиж байгаа бол жижиг хувьцаа эзэмшигчид 20.3%-ийг эзэмшиж байна.

2021 оны 9-р сараас 2025 оны 9-р саруудад ТОП-20 багцыг бүрдүүлж буй компаниудын нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн дундаж тооны өөрчлөлтийг харахад сүүлийн жилүүдэд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн тоо буурсан дүр зурагтай байсан ч 2025 оны 9-р сард өсөлт харагдаж байгаа юм. Компанийн нөлөө бүхий (том) болон жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хэмжээ, оролцоо өссөн нь компанийн эзэмшлийн бүтцэд өөрчлөлт орж, хөрөнгө оруулагчдын идэвх нэмэгдэж буйг илтгэж байна. 

ТОП 20 индексээс Төрийн банк ХК, Сүү ХК, Хас Банк, Худалдаа хөгжлийн банк, Монгол шуудан ХК-ууд төвлөрөл хамгийн өндөртэй байна. 2025 оны 9-р сард ТОП-20 багцыг бүрдүүлж буй компанийн эзэмшлийн төвлөрөлд дараах өөрчлөлтүүд ажиглагдлаа. MLG хувьцааны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн тоо 5-аас 4 болж эзэмшлийн хэмжээ 25.2 сая ширхэгээр буурсан бөгөөд энэ нь нийт гаргасан хувьцааны 5.4%-тай тэнцэж байна. Уг өөрчлөлт нь томоохон хувьцаа эзэмшигчийн хувьцаа зарсан эсвэл бусдад шилжүүлсэн болохыг харуулж байгаа бөгөөд компанийн хувьцааны эзэмшлийн төвлөрөлд нөлөөлөхүйц чухал үзүүлэлт юм. Ийм өөрчлөлт нь компанийн удирдлагын бүтэц, зах зээлийн хүлээлт, хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад тодорхой нөлөө үзүүлж болзошгүй. Хувьцааны ийм хэмжээний шилжилт нь зах зээлд дохио өгөх боломжтой бөгөөд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах үйл явдалд тооцогддог. Харин ADB хувьцааны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн тоо 3-аас 4 болж эзэмшлийн хэмжээ 9.2 сая ширхэгээр өссөн бөгөөд төвлөрөл 2.5%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Багцын арилжаа 

Багцын арилжаа нь томоохон хувьцаа эзэмшигчдийн хооронд хийгддэг өндөр дүнтэй арилжаа бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд анхаарал татдаг, Монголын хөрөнгийн биржийн захиалгын сангаас гадуур харилцан тохиролцож, системд мэдээлэгддэг арилжаа юм. Жишээлбэл, багцын арилжааны үр дүнд хувьцааны үнэ тогтворжих, зах зээлийн хөрвөх чадвар сайжрах боломжтой. Энэ нь хөрөнгө оруулагчдад богино хугацаанд өндөр ашиг олох боломжийг олгож, урт хугацаанд зах зээлийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлдэг.

2025 оны 9-р сард Хаан банк ХК, Ард кредит ББСБ ХК, Эм Жи Эл Акуа ХК, Премиум Нэксус ХК болон Инвескор ББСБ ХК хувьцааны багцын арилжаа хийсэн. Багцын арилжааны нийт дүн тус сард 6.2 тэрбум байгаа ба үүний 2.0 тэрбумыг нь INV хувьцааны арилжаа эзэлж байна. Томоохон хувьцаа эзэмшигчдийн оролцоо нэмэгдэх нь хөрвөх чадварыг богино хугацаанд бууруулах сөрөг талтай боловч компанийн засаглал, стратегийн тогтвортой байдал, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих замаар зах зээлийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлдөг.

Шинжээчийн дүгнэлт

Төвлөрлийн өөрчлөлт нь хөрвөх чадвар, засаглал, зах зээлийн үр ашгийн хоорондын тэнцвэрийг илэрхийлж, онолын үүднээс хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэх чухал хүчин зүйл болж байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо нэмэгдсэн ч хувьцааны төвлөрөл өндөр хэвээр байна. Зах зээлд МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ эзэмшлийн төвлөрлийг бууруулсан бол АРД КРЕДИТ ББСБ-ын хувьцааны төвлөрөл нэмэгдсэн байна. Харин багцын арилжааны динамик нь компанийн хувьцаа эзэмшлийн бүтэц, төвлөрлийн түвшинд нөлөөлдөг бөгөөд зах зээлийн тогтвортой байдал, хөрвөх чадварт чухал ач холбогдолтой.

Түлхүүр үгс:

ТОП-20

Төвлөрөл

Арилжаа

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)