Азийн зах зээл: Юань үргэлжлүүлэн чангарах нь БНХАУ –н хөрөнгийн зах зээлд эерэг нөлөөтэй.
ГОЛ ӨНЦӨГ
- Юань үргэлжлүүлэн чангарах нь БНХАУ –н хөрөнгийн зах зээлд эерэг нөлөөтэй.
- Эх газрын хөрөнгө оруулагчид Хонг Конгын биржээс HK$731.2 тэрбумын цэвэр худалдан авалт хийжээ.
- Албан ёсны аж үйлдвэрийн салбарын “PMI” индекс болон “Caixin PMI” индекс зарлагдлаа.
- Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс сүүлийн 3 сарын дээд түвшин орчим байна.
Лхагва гарагийн 11:16 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 0.72% өсөж 24,250 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.22% -р унав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.98% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.28% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 1.19% -р унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: SIPAI HEALTH /0314.HK/ 27.3% өсөж 1.27 HKD, CHINA TRAVEL HK /0308.HK/ 11.4% өсөж 1.66 HKD, POP MART /9992HK/ 1.0% унаж 263.8 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.72% -н өсөлттэй.
ЮАНИЙН ХАНШ
БНХАУ –н төв банк болох Хятадын Ардын Банк нь зохицуулалтай хөвөгч ханшны /”managed floating exchange rate regime”/ дэглэмтэй. Өөрөөр хэлбэл юанийн ханш дотоодын зах зээл дээр эрэлт нийлүүлэлтээрээ чөлөөтэй тогтоно. Гэхдээ Хятадын Ардын Банкнаас өдөр бүр тодорхой суурь валютын ханшийг зарладаг бөгөөд уг ханшнаас дээш доош 2% -р валютын ханш савлахыг буюу чөлөөтэй хөдлөхийг л зөвшөөрдөг. Энэ нь зах зээл дээрх гэнэтийн ханшын савлагааны эрсдэл үүсэхээс сэргийлэх давуу талтай. Сул тал нь Төв банк тухайн өдөр суурь ханшийг тодорхой интервальд барихад ашиглах нөөцтэй байх юм.
Тэгвэл Мягмар гарагт Хятадын Ардын Банкнаас суурь ханшийг RMB7.1534 /USD1=RMB7.1534/ дээр зарласан. Энэ нь өнгөрсөн жилийн 11 –р сараас хойших хамгийн чангарсан ханш болжээ. 2025 он гарснаас хойш юанийн ханш ам.долларын эсрэг 1.86% -р чангарав.
Валютын зах зээл дээр юанийн ханш ирээдүйд үргэлжлүүлэн чангарч, ам.доллар суларна гэсэн хүлээлт өндөр байна.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИДЭВХЖИЛ
Шанхай-Хонг Конгын хөрөнгийн биржийг холбосон “Stock Connect” хөтөлбөрийг 2014 онд анх нэвтрүүлж байжээ. Төд удалгүй 2016 онд Шэньжэнийн хөрөнгийн биржийг нэмж холбосноор эх газрын хөрөнгө оруулагчид Хонг Конгын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох, гадны хөрөнгө оруулагчид эх газрын Хятадын “A” ангиллын хувьцааны арилжаанд оролцох боломжтой болжээ.
“Stock Connect” хөтөлбөрийн “Southbound” холбоосоор эх газрын хөрөнгө оруулагчид Хонг Конгын хөрөнгийн биржийн арилжаанд оролцдог. Уг холбоосоор арилжаанд орохын тулд дор хаяж RMB500,000 –н данстай байх шаардлагатай.
Тэгвэл 2025 оны эхний хагасын байдлаар эх газрын Хятадын хөрөнгө оруулагчид “Southbound” холбоосоор дамжуулан HK$731.2 тэрбумын цэвэр худалдан авалт хийсэн нь өнгөрсөн 2024 оны бүтэн жилийн цэвэр худалдан авалтын дүн болох HK$808 тэрбумд дөхөж очсон буюу хөрөнгө оруулагчид илүү идэвхтэй арилжаа хийж буйг харууллаа. Басхүү өнгөрсөн 2024 онд HK$808 тэрбумын цэвэр худалдан авах арилжаа “Southbound” холбоосоор хийгдсэн нь “Stock Connect” хөтөлбөр үүссэнээс хойших хамгийн өндөр арилжааны дүн болж байжээ.
ӨНГӨРСӨН СТАТИСТИК
NBS PMI – Purchasing Managers Index гэдэг нь аж ахуй нэгж байгууллагуудын менежерүүдийн худалдан авалтын индекс юм. Энэхүү үзүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг тоон үзүүлэлтээр илэрхийлэн сар бүр хэмждэгээрээ онцлогтой. Уг индекс 50 –с доош бол уналт, 50 –с дээш бол эдийн засгийн тэлэлтийг илэрхийлдэг. Тухайн үзүүлэлтийг БНХАУ –н Үндэсний Статистикийн хорооноос 700 гаруй байгууллагуудаас асуулга авч, тухайн сарын эцсээр тооцож зарладаг.
Caixin PMI гэдэг нь Хятадын бизнесийн мэдээ судалгааны агентлаг Caixin –с гаргадаг Caixin PMI индекс юм. Уг индексийн нэг онцлог нь судалгаанд оролцож буй байгууллагуудын нэлээдгүй хэсэг нь Хятадын зүүн өмнөд эргийн бүсэд байдагт оршдог ба тэр утгаараа тухайн бүсэд байршилтай бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сайжрах нь индексийг өсгөх нөлөө үзүүлдэг. Сар бүр ойролцоогоор 430 гаруй байгууллагаас асуулга авч, тухайн сарын эцэс эсвэл шинэ сарын эхээр тооцож зарладаг байна.
Даваа гарагт БНХАУ –н албан ёсны “PMI” индекс зарлагдлаа. Аж үйлдвэрийн салбарын “PMI” индекс 3 сар дараалан өссөн хэдий ч аж үйлдвэрийн салбарын сэргэлтийг илэрхийлдэг босго дүн 50 –с бага гарлаа. Шинжээчдийн зүгээс 49.6 гарна гэсэн хүлээлттэй байсан бол бодит үзүүлэлт 49.7 буюу хүлээлтээс дээгүүр гарав. Нөгөө талаас үйлчилгээ, барилгын салбарын идэвхжилийг хэмждэг “PMI” индекс шинжээчдийн хүлээлт болон өмнөх сарын үзүүлэлтээс өсөж 50.5 гарлаа. Үр дүнд нь нэгдсэн “PMI” индекс өмнөх сараас 0.3 нэгж өсөж 50.7 гарчээ.
Мягмар гарагт хувийн судалгааны байгууллага болох “Caixin” –с тооцсон аж үйлдвэрийн салбарын “PMI” индекс гарлаа. Ихэвчлэн экспорт суурьтай АНН –с авдаг уг судалгаагаар аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа 6 –р сард сэргэсэн байдалтай гарлаа.

ЭХ СУРВАЛЖ:
https://www.bloomberg.com/
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.