Азийн зах зээл: Хиймэл оюун ухааны “MiniMax” –н “M1” загвар нь “Deepseek” –с илүү.
ГОЛ ӨНЦӨГ
- Хиймэл оюун ухааны “MiniMax” –н “M1” загвар нь “Deepseek” –с илүү.
- Баасан гарагт Хятадын Ардын банкнаас зээлийн жишиг хүүгийн хэмжээг зарлана.
- АНУ –с Иран луу энэ амралтын өдөр гэхэд цохилт өгөхөөр бэлтгэж байх магадлалтай.
- Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 1.60% -н уналттай.
Пүрэв гарагийн 11:45 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 1.6% унаж 23,300 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 2.26% -р унав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.7% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.01% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.34% -р унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: POP MART /9992.HK/ 5.8% унаж 247.20 HKD, TENCENT /0700.HK/ 2.2% унаж 496.40 HKD, SHANDONG MOLONG /0568.HK/ 1.7% өсөж 5.75 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 1.6% -н уналттай.
AI & “MINIMAX”
Технологийн аваргууд болох “Alibaba”, “Tencent –н хөрөнгө оруулалттай хиймэл оюун ухааны чатбот хөгжүүлэгч “MiniMax” компаниас энэ Мягмар гарагт “M1” загвараа танилцуулж, зарим гүйцэтгэлээрээ “Deepseek” –с илүү буюу “Deepseek” –н ашиглах нөөцийн тал хувийг л ашиглаж хариулт боловсруулдаг хэмээн хэлжээ. Тодруулбал “Minimax” –н судлаачид тайландаа “Deepseek –тэй харьцуулахад M1 нь дүгнэлт, шинжилгээ хийх, том хэмжээний загвар сургалтын явцад ихээхэн хэмжээний зардал хэмнэдэг учир илүү үр ашигтай” хэмээн бичсэн байна. Нөгөө талаас уг техникийн тайландаа “Deepseek” гэдэг үгийг 24 удаа ашигласан нь эх газрын Хятадын AI хөгжүүлэгчдийн хамгийн том өрсөлдөгч нь “Deepseek” болоод буйг харуулж байна.
Түүнчлэн гуравдагч талын шалгуур үзүүлэлтээр “M1” нь код бичих, математикийн бодлого бодох гэх мэт талбаруудад “OpenAI”, “Amazon” –ны “Anthropic” зэрэг томчуудтай дүйцэхүйц гүйцэтгэлтэй буйг мөн дурджээ.
“M1” –д гараас оруулах токений дээд хэмжээ 1 сая ширхэг байх бол “Deepseek” –н “R1” загварын хувьд 80,000 ширхэг байдаг байна. Токен гэдэг 1 ширхэг үсэг эсвэл 1 ширхэг үсгийн тодорхой хэсгийг илэрхийлдэг хэмжээс юм. Англи хэлний 1 ширхэг үсэг нь ойролцоогоор 1.33 ширхэг токентой тэнцдэг байна.
Эцэст нь “M1” загварыг “MiniMax-Text-01” загвар дээр 456 тэрбум параметр ашиглан хийсэн ба “Deepseek” –тай адилаар экспертийн архитектуруудыг ашиглаж хиймэл оюун ухааны дэд загваруудаа хөгжүүлж, хэт их тооцоолол хийхээс зайлсхийсэн гэв.
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК
Loan Prime Rate нь БНХАУ –ын Ардын Банкны мөнгөний бодлогын хүрээнд арилжааны банкнуудын зээлийн хүүнд нөлөөлөх зорилгоор тогтоосон зээлийн жишиг хүү юм.
Маргааш Хятадын Ардын банкнаас 1 болон 5 жилийн хугацаатай зээлийн жишиг хүүгийн хэмжээг зарлана. Өнгөрсөн 5 –р сард уг хүүгийн хэмжээг тус бүр 0.1% -р буулгаж мөнгөний зөөлөн бодлогоо хэрэгжүүлж байсан.
ОЙРХ ДОРНОД
Өнөөдөр “Bloomberg” –с АНУ –н дээд албан тушаалтнууд энэ амралтын өдрүүд гэхэд Иран улсруу боломжит агаарын довтолгоог эхлүүлэхээр бэлтгэж байна хэмээн мэдэгдлээ. Гэсэн хэдий ч яг баттай мэдээлэл байхгүй буюу нөхцөл байдал тодорхой бус буйг онцоллоо.
Хэрэв Израил-Ираны 7 хоног үргэлжилж буй зэвсэгт зөрчилдөөнд АНУ –н цэрэг оролцвол бүс нутгийн жижиг хэмжээний дайны нөхцөл байдал улам томрох эрсдэлтэй байна.
АНУ –н зүгээс Ойрх Дорнод руу цэрэг, зэвсэг илгээж байгаа нь уг зэвсэгт мөргөлдөөнд АНУ оролцох магадлалыг нэмэгдүүлж байна. Вашингтоны зүгээс өөрсдийн цэргийн баазууд руу Иранаас ирэх боломжтой довтолгооноос мөн хамгаалахаар бэлтгэж байх боломжтойг шинжээчид тодотгов.

ЭХ СУРВАЛЖ:
https://www.bloomberg.com/
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.