Өнөөдөр Монголд: Анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулагдлаа

2022 он 6 сар 9 өдөр
1189
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санд тусгай зөвшөөрөл олголоо
  • Дэлхийн банк 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 2.9 хувь болгон бууруулсан ч Монгол улсын эзийн засгийн тооцоог хэвээр үлдээжээ.
  • Манай улс Засгийн газрын шугамаар сүүлийн 30 жилийн хугацаанд ₮19.7 их наядын зээл, тусламж авчээ

Монголд анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулагдлаа.

2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг шийдвэрлэжээ. Үүнд:

  1. Анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санд тусгай зөвшөөрөл олголоо. Өнгөрсөн сард тус сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэсэн бөгөөд олон нийтээс санхүүжилтээ амжилттай татан төвлөрүүлж чадсанаар ийнхүү анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан бий боллоо. Сангууд бий болсноор санхүүгийн хэрэгслийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, бүртгэлтэй хувьцаат компанийн засаглал, тайлагналын ил тод байдал сайжрах давуу талтай. 
  2. Хамгийн өндөр дүнтэй нийтэд санал болгон гаргах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээ. Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг андеррайтерын компани зохион байгуулах буюу андеррайтер төвтэй гэдгээрээ онцлог юм. Тодруулбал, андеррайтерын компани нь гар утасны аппликэйшн ашиглаж хөрөнгө оруулагчдад үнэт цаасны данс нээх, үнэт цаас худалдан авах боломжийг олгоно. 
  3. Зохицуулалтын салбаруудад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хүрээнд банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номинал данс эзэмших зөвшөөрлийг нэг үнэт цаасны компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор тус тус шийдвэрлэлээ. (Дэлгэрэнгүйг эндээс харна уу.)

Дэлхийн банк 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 2.9 хувь болгон бууруулсан ч Монгол улсын эдийн засгийн тооцоог хэвээр үлдээжээ.

   Дэлхийн даяар инфляц эрчимжиж, эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй байгааг Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпасс анхааруулж байна.

Дэлхийн банк өмнөх төсөөллөө 0.3 нэгж хувиар бууруулж 2022 онд дэлхийн эдийн засаг 2.9 хувиар өснө гэж тооцооллоо. Түүнчлэн ирэх жилүүдэд инфляц дунджаас дээгүүр түвшинд, харин эдийн засгийн өсөлт дунджаас доогуур түвшинд хадгалагдах төлөвтэй байгаа аж. Энэ нь бага, дунд орлоготой улсын эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэйг тодотгожээ.

Дэлхийн банк сүүлийн тооцоололдоо Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар тэлнэ гэж үзжээ. Өмнөх тооцооллоо хэвээр үлдээсэн ч хүнс, түлшний импортоос өндөр хамааралтай Монгол, Тайланд зэрэг улсад инфляц хурдацтай нэмэгдэж байгааг тодотгож байна. Түүнчлэн хэрэглээний үнэ өссөнөөр мөнгөний бодлогоо гэнэт чангатгавал валютын ханшид дарамт нэмэгдэж, инфляц улам эрчимжихийг анхаарууллаа. 

Зам, тээврийн салбарт гадаад зээл, тусламжийн хамгийн өндөр хувийг зарцуулжээ. 

   Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцлээ. 

Манай улс 1991-2020 оны хооронд хандивлагч орон, олон улсын байгууллагатай 267 гэрээ байгуулж, 6,887.9  сая  ам.доллар буюу 19,706.1 тэрбум  төгрөгийн гадаад зээл авч ашиглажээ. Хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан нийт гадаад зээлийн 82.2 хувь буюу 16,190.8 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, БНХАУ болон Дэлхийн банкнаас авч ашигласан байна.

Нийт гадаад зээлийн 44.1 хувийг төсвийн дэмжлэгт, 16.5 хувийг зам, тээврийн, 7.2 хувийг эрчим хүчний, 5.3 хувийг усан хангамж, хотын дэд бүтцэд, 4.6 хувийг эрүүл мэндийн, 2.5 хувийг боловсролын салбарт тус тус зарцуулсан байна. (Дэлгэрэнгүйг эндээс харна уу.)

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

    Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргээд явдаг ба хэрвээ та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Эдийн засаг

Хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан

Гадаад зээл, тусламж

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)