"Xanadu Mines" –н хувьцаа өнөөдөр 50% өслөө. Юу болов?
ГОЛ ӨНЦӨГ:
- Баасан гарагт “Xanadu Mines” –н хувьцааны ханш A$0.051 дээр хаагдсан билээ.
- Даваа гараг буюу өнөөдөр хувьцаа ханш A$0.078 хүртэл 50% өслөө.
- Учир нь “Xanadu Mines” –н бүх энгийн хувьцааг A$0.08 –р худалдан авах санал ирсэн байна.
САНАЛ – OFF MARKET TAKEOVER
Алт зэсийн Хармагтайн ордыг эзэмшигч “Xanadu Mines” –г Сингапурт төвтэй “Bastion Mining Pte Ltd” компани зах зээлийн бус ханш болох A$0.08 –р бүх энгийн хувьцааг худалдан авах санал тавив. Уг ханш нь өнгөрсөн Баасан гарагийн хаалтын ханш болох A$0.051 –с 50% өндөр ханш болов. Өнөөдөр “Xanadu Mines” –н хувьцааны ханш Австралийн хөрөнгийн бирж дээр A$0.078 хүртэл өсөлттэй нээгдлээ.
“Xanadu Mines” –н удирдлагууд болон түүний санхүү, хуулийн зөвлөхүүд уг худалдан авах саналыг анхааралтай судалсан. Үр дүнд нь удирдлагын баг дуу нэгтэйгээр уг худалдан авах саналыг хүлээн зөвшөөрөхийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ санал болгоод буйгаа өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ тодотгожээ.
Colin Moorhead, “Xanadu Mines” –н ТУЗ –н дарга, “Xanadu -г Bastion худалдаж авах санал тавьсан нь хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах гэсэн бидний стратегийн зорилтыг зэрэг хангаж байна. Bastion –ний зүгээс хувьцааны ханшийг урамшуулалтай худалдаж авах санал тавьсан нь Хармагтайн ордын ирээдүйн үнэ цэнийг харуулж байна” гэв.
Алт зэсийн Хармагтайн орд нь 29 жилийн насжилттай, өргөн цар хүрээг хамарсан, хямд өртөгтэй, хялбар олборлох боломжтой дэлхийн хэмжээний ил уурхайн төсөл юм. 2024 оны 9 –р сард хийсэн ТЭЗҮ -р уг ордоос жилд дунджаар 165 мянган тонн зэс, 75 мянган унц алтыг 29 жилийн хугацаанд олборлох боломжтой.
Эх сурвалж:
https://api.investi.com.au/api/announcements/xam/9002ca41-3e2.pdf

Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.