Хас банкны цэвэр ашиг 44 тэрбумд хүрч, зээл тэлж, хувьцааны ханш өслөө

2025 он 4 сар 9 өдөр
494
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Хас банкны зээлийн багц өнгөрсөн оны мөн үеээс 32%-иар өсөж, I улиралд нийт 3.8 их наяд төгрөгийн зээлийн багцтай байна
  • Цэвэр ашиг өнгөрсөн оноос 5%-иар өсөж, 44 тэрбум төгрөгт хүрсэн
  • Хувьцааны ханш IPO-оос хойш 25%-иар өсөж, 852 төгрөгт хүрсэн байна

ХасБанк 2025 оны эхний улиралд зээлийн багцын огцом өсөлтийг үзүүлж, ашигт ажиллагаагаа тогтвортой хадгаллаа. Цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5%-иар өсөж, 44 тэрбум төгрөгт хүрч тогтвортой өсөлтийг үзүүлж байна.

Зээлийн багц өнгөрсөн жилийн мөн үеээс өсөв

Хас банкны нийт зээл буюу цэвэр зээлийн багц энэ оны I улиралд 3,836 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 32%-иар өссөн байна. Энэхүү өсөлт нь тэлэх боломж бололцоо байгааг харуулах ба нийт хөрөнгийн хэмжээ мөн хугацаанд 6,186 тэрбум төгрөг болж, жилийн өмнөхөөс 25%-иар өсөж хэмжээгээ тэлснийг харуулж байна. Ийнхүү зээлийн идэвхтэй өсөлт нь ХасБанкны зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ ирээдүйн орлогын суурийг өргөтгөжээ.

Ашигт ажиллагаа тогтвортой өсөв

Банкны цэвэр ашиг 2025 оны эхний улиралд 44 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх жилийн I улирлын 42 тэрбум төгрөг-өөс 5%-ийн өсөлттэй гарлаа. Ашиг бага зэрэг нэмэгдэхэд зээлийн багц өргөжсөнөөс үүдсэн хүүгийн орлогын өсөлт эерэгээр нөлөөлсөн бол нөгөөтэйгүүр, өнгөрсөн онд нэмэгдсэн хадгаламжийн хүүгийн зардал ашиг өсөлтийг тодорхой хэмжээгээр сааруулсан байна. Гэсэн хэдий ч үйл ажиллагааны зардал, үр ашигтай байдлыг сайжруулсны дүнд банкны ашигт ажиллагааны түвшин тогтвортой хадгалагдаж байна. Өөрөөр хэлбэл, ашигт ажиллагааны гол үзүүлэлтүүд сайжирч, банкны орлого зарлагын харьцаа илүү оновчтой болсон гэж үзэж байна.

Өөрийн хөрөнгийн өгөөж буурсан ч дундажтай ойр байна

Хас банкны өөрийн хөрөнгийн өгөөж буюу ROE нь тус улиралд 23.4% байсан нь өмнөх оны мөн үеийн 26.5%-тай харьцуулахад бага зэрэг буурсан харагдаж байна. Өөрийн хөрөнгийн хэмжээ жилийн хугацаанд мэдэгдэхүйц өсөж, 2025 оны I улиралд 775 тэрбум төгрөгт хүрч 20% өссөн нь ROE-г буурахад нөлөөлжээ. Гэсэн ч 23.4%-ийн өгөөж нь 2024 оны жилийн эцсийн тайлангаарх ТОП 5 банкны дундаж өөрийн хөрөнгийн өгөөж болох 25.6%-с 2 нэгж хувиар бага байна. Түүнчлэн, банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 19.6% буюу зохист ёсны шаардлагыг хангаж байгаа нь Хас банкны санхүүгийн тогтвортой байдлыг бататгаж байна.

Чанаргүй зээлийн түвшин буурч, эрсдэлийн чанар сайжрав

Банкны чанаргүй зээлийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд тогтмол сайжирч, 2025 оны I улирлын байдлаар нийт зээлийн дөнгөж 2.1% нь чанаргүй ангилалд багтаж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 2.6%-иас буурсан дүн бөгөөд 2021 онд уг үзүүлэлт 6%-ийг давж байсантай харьцуулахад эрс сайжирсан үзүүлэлт юм. Чанаргүй зээлийн харьцаа ийнхүү буурч байгаа нь Хас банкны зээлийн багцын чанар дээшилж, зээлдэгчдийн эргэн төлөлт сайжирсныг илтгэнэ. Мөн банкны эрсдэлийн удирдлага, зээлийн бодлого үр дүнтэй хэрэгжиж, активын чанарыг өндөр түвшинд хадгалах боломжийг бүрдүүлж буйг харуулж байна.

Хувьцааны ханш өссөөр

Хас банкны хувьцааны ханш Монголын хөрөнгийн биржид тогтвортой өсөлт үзүүлж 4 сарын 7-ны байдлаар нэгж хувьцаа 852 төгрөг дээр хаагдсан байна. Энэ нь тус банк IPO хийж олон нийтэд хувьцаагаа арилжсанаас хойш ханш нь нийт 25%-иар өссөн үзүүлэлт юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд Хас банкны хувьцааны үнэ ойролцоогоор 19%-ийн өсөлттэй байгаа ба банк хувьцаа эзэмшигчдэдээ зориулж олон зүйлс хийж байгаа нь чухал нөлөө үзүүлж буй. 2025 оны эхнээс л гэхэд хувьцааны ханш 3% орчим нэмэгдсэн нь банкны хийж буй ажил идэвхжил өндөр байгааг харуулж байх шиг. Мөн нэмж дурдахад Хас банк хувьцаагаа нэгж төгрөгийг 888 төгрөгөөр 3.5 тэрбум хүртэлх төгрөгөөр халааслах шийдвэр гаргаад байгаа билээ. 

Ногдол ашгийн таамаглал
Хас банкны 2025 оны I улирлын санхүүгийн тайлан гарсантай холбогдуулан тус банкны жилийн эцсийн нийт цэвэр ашгийн таамаглал болон ногдол ашгийн хэмжээний тооцооллыг дараах байдлаар хийлээ.
Сүүлийн 3 жилийн I улирлын цэвэр ашгийн дүнг тухайн жилийн нийт цэвэр ашигтай харьцуулж үзэхэд дунджаар эхний улиралд нийт жилийн ашгийн 22.1%-ийг олдог байна. Энэ үзүүлэлтэд үндэслэн 2025 оны I улиралд олсон 44.1 тэрбум төгрөгийн цэвэр ашгаас жилийн нийт ашгийг тооцоход 194.4 тэрбум төгрөг болно гэж таамаглаж байна.

Хас банк жилд хоёр удаа буюу хагас жилээр ногдол ашиг тараадаг бөгөөд өнгөрсөн жилүүдийн дундаж ногдол ашиг тараалтын харьцаа нь 28.7% байгаа юм. Энэ нь банк нийт цэвэр ашгийнхаа 28.7%-ийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр тараадаг гэсэн үг юм.

2024 онд тус банк нэгж хувьцаанд эхний хагаст 18 төгрөг, сүүлийн хагаст 27 төгрөг буюу нийтдээ нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг тарааж байсан. Одоогийн таамаглалаар 2025 оны эхний хагасын ногдол ашиг өмнөх оны мөн үеэс 35.6%-иар өсч 24.4 төгрөг, харин хоёрдугаар хагасын ногдол ашиг өмнөх оноос 6%-иар өсч 28.6 төгрөг болохоор байна. Ингэснээр 2025 оны нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн нийт дүн 53 төгрөг болж, 2024 оныхоос нийтдээ 17.7%-иар өсөхөөр байна. 2025 оны 4 сарын 18-ны хаалтын ханшаар тооцоолоход өгөөж нь 6.2% болж байгаа юм.

Гэхдээ энэхүү тооцоолол нь зөвхөн өнгөрсөн хугацааны дундаж хувь болон энэ оны эхний улирлын үр дүнд үндэслэсэн таамаглал бөгөөд банкны үйл ажиллагааны бодит үр дүн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх магадлалтай тул хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад бүрэн баталгаа болж чадахгүйг анхаарах хэрэгтэй.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Хас банк

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)