Монгол улсын макро эдийн засгийн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал (2026-2028)

2025 он 3 сар 24 өдөр
2373
0

Монгол Улсын 2026-2028 оны макро эдийн засгийн төлөв байдлын таамаглал

   Монгол Улсын 2026-2028 оны макро эдийн засгийн төлөв байдлын талаар Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөлөөс хийсэн судалгаа, шинжилгээний гол дүгнэлтийг доорх байдлаар хүргэж байна.

   2026-2028 оны хооронд эдийн засгийн бодит өсөлт дунджаар 5.4-5.7 хувьд хүрэх төлөвтэй байна. Тус өсөлтийн гол хөдөлгүүр нь уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, зэсийн экспорт юм. Гэвч нүүрсний зах зээлийн үнэ ханш болон Хятад улсын зах зээлийн тодорхойгүй байдал зэрэг хүчин зүйлс эдийн засгийн өсөлтийг тодорхойгүй нөхцөл байдалд оруулж байна.

Инфляцын төлөв

   Инфляцын түвшин 2026 оноос эхлэн аажмаар буурах хандлагатай ба 2026 онд 8.2%, 2027 онд 7.2%, 2028 онд 6.8% болж буурна гэж үзэж байна. Гэсэн ч 2025 онд инфляц өндөр байх төлөвтэй бөгөөд эрчим хүчний үнэ нэмэгдэх, цалин хөлсний өсөлт, төсвийн зарлагын өсөлт зэрэг нь инфляцыг нэмэгдүүлэх гол эрсдэл болж байна.

Төсвийн орлого, зарлагын төлөв

   Төсвийн орлогын хэмжээ ДНБ-д эзлэх хувиар тогтвортой буюу 35.7%-ийн орчимд байна гэж таамаглаж байгаа ч уул уурхайн орлого 2026 онд ДНБ-ий 16.66%-ийг эзэлж байсан бол 2028 он гэхэд 14.46% болж буурах төлөвтэй байна. Харин төсвийн зарлагын хэмжээ өндөр хэвээр, ДНБ-д эзлэх хувь нь 36.77%-аас 37.73% хүртэл өсөх хандлагатай байна. Энэ нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх эрсдэлийг дагуулж байгаа тул төсвийн сахилга батыг баримтлан зарлагаа хянахыг зөвлөж байна.

Өрийн төлөв байдал

   Засгийн газрын нийт өрийн түвшин 2026 онд ДНБ-ий 37.5%, 2028 онд 36.3% болж аажмаар буурахаар байна. Гэсэн хэдий ч өндөр өрийн түвшин төсөвт дарамт учруулах эрсдэлтэй тул анхааралтай хандах шаардлагатай.

Гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн төлөв

   Гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн хувьд нүүрсний экспортын үнэ 2026-2028 онд 88-95 ам.долларын хооронд хэлбэлзэх төлөвтэй гэж таамагласан боловч бодит байдал дээр энэхүү үнэ ханш доогуур гарах эрсдэл өндөр байна. Түүнчлэн 2025 оноос эхлэн БНХАУ-ын зах зээлд нүүрсний эрэлт буурах, үнийн дарамт нэмэгдэх, ОХУ-ын нүүрсний экспорт нэмэгдэх зэрэг нь Монгол Улсын нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Голлох эрсдэлүүд

   Макро эдийн засгийн гол эрсдэлүүдийн хувьд гадаад зах зээлийн тодорхойгүй байдал, ялангуяа БНХАУ болон АНУ-ын худалдааны маргаан, нүүрсний эрэлтийн бууралт зэрэг нь Монгол улсад сөрөг нөлөө үзүүлж байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн бүтэц уул уурхайн салбараас өндөр хамааралтай байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Мөн төсвийн тэлэлт, зарлагын хяналт сул байгаа нь инфляц, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж байна.

Судалгаанаас өгч буй зөвлөмж

   Эдгээр эрсдэлийг бууруулахын тулд төсвийн сахилга батыг баримталж, зарлагыг хязгаарлах, эдийн засгийг төрөлжүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн нүүрсний экспортыг төрөлжүүлж, дэд бүтцийг сайжруулах замаар зах зээлийн эрсдэлийг багасгах, мөн төв банк инфляцыг тогтвортой байлгахын тулд мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай байна.
Эх сурвалж: www.parliament.mn

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Макро эдийн засаг

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)