"TMK Energy" –с 2024 оны IV улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
ГОЛ ӨНЦӨГ:
- Өнгөрсөн IV улиралд нэмэлтээр 3 туршилтын цооногийг товлосон хуваарийн дагуу, төсөвлөсөн зардлын хүрээнд өрөмдөж дуусгасан.
- Ийнхүү үйлдвэрлэлийн хүчин чадал 2 дахин нэмэгдсэн ба 6 туршилтын цооногоос гарч буй хийнээс эерэг үзүүлэлтүүд ажиглагдаж эхлэв.
- CEO Dougal Ferguson –с “2024 онд өрөмдлөгийн хөтөлбөрөө амжилттай гүйцэтгэсэн нь уг төслийн хувь заяаг өөрчлөх /’a game changer’/ хэмжээний үйл томоохон явдал боллоо. Бид төслийн үлэмж хэмжээний потенциалд маш их итгэлтэй байна” хэмээн тодотгов.
- ХБНГУ –д төвтэй “Jens Energy LLC” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, 6 туршилтын цооногоос гаргаж авах метан хийг борлуулахаар болов.
- Яг одоо “TMK Energy” –н зүгээс төслийг амжилттай хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, 2025 онд компанийг дараагийн түвшинд гаргахад анхаарлаа бүрэн хандуулж ажиллаж байна.
- Уг компани нь үйл ажиллагааны зардлаа бууруулж санхүүгийн нөхцөл байдлаа тордож байгаа ба 2025 оны I улиралд туршилтын цооног нэмж өрөмдөх төлөвлөгөө одоогоор байхгүй байна.
- Яг одоогийн байдлаар шинэ хувьцаа гарган санхүүжилт татах төлөвлөгөө “TMK Energy” –д байхгүй байна.
- Одоо байгаа 6 туршилтын цооногийг үргэлжлүүлэн ажиллуулж, энэ I улирлын эцэс II улирлын эхээр газрын гүний даралтыг “critical desorption point” хүртэл буюу хий цооногийн амсар луу чөлөөтэй хөөрөх хүртэл бууруулна.
- “DTS” технологийн дагуу цооногуудаас дата цуглуулан, хийн урсац, хэмжээ гэх мэт үйлдвэрлэлд шаардлагатай чухал мэдээллийг ирэх саруудад боловсруулж дуусна.
- Хувьцаа эзэмшигчдийн хурал 2025/02/19 –нд Австралид болно.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ X2 НЭМЭГДЭВ
Өнгөрсөн IV улиралд нэмэлтээр 3 туршилтын цооногийг товлосон хуваарийн дагуу, төсөвлөсөн зардлын хүрээнд өрөмдөж дуусгасан. Бүх цооногуудаас бамбар ассан бөгөөд урьдчилсан дата мэдээллээс харахад эерэг үзүүлэлтүүд ажиглагдаж, “Gurvantes XXXV” төслийн ирээдүйд итгэх итгэл улам нэмэгдэж эхэлсэн. Мөн шинээр өрөмдсөн 3 цооног болон хуучин 3 цооног хоорондоо холбоо хамаарал сайтайгаар ажиллаж, үйлдвэрлэлийн хүчин чадал 2 дахин нэмэгдлээ. Одоогийн байдлаар бүх 6 туршилтын цооног хамтдаа усыг соруулж, энэ I улирлын эцэс II улирлын эхээр газрын гүний даралтыг “critical desorption point” хүртэл буюу хий цооногийн амсар луу чөлөөтэй хөөрөх хүртэл бууруулахаар ажиллаж байна.
“LF-05”, “LF-06” туршилтын цооногуудад “DTS” технологийг суурилуулж, дата мэдээлэл цуглуулж байна. “DTS” –р цуглуулсан датан дээр ирэх саруудад дүгнэлт, тайлбар өгнө.
ТУРШИЛТЫН ЦООНОГООС ШУУД БОРЛУУЛАЛТ ХИЙНЭ
2024 оны IV улиралд ХБНГУ –д төвтэй “Jens Energy LLC” /”JEL”/ компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, 6 туршилтын цооногоос гаргаж авах метан хийг борлуулахаар болов. Санамж бичгийн дагуу 2025 оны 6 –р сар гэхэд “TMK Energy” хамгийн багадаа 5,000 метр куб хийг олборлох хүчин чадалтай болсон байх ёстой. Түүнчлэн “TMK Energy” -с 2 жилийн хугацаанд 15,000 метр куб хүртэлх хийг “JEL” –д борлуулах ба уг хугацааг дахин 2 жилээр сунгах боломжтой.
Мөн “JEL” орон нутгийн цахилгаан сүлжээнд хий шатааж гаргасан эрчим хүчийг нийлүүлэхэд шаардлагатай албан ёсны зөвшөөрөл, холбогдох ажлуудыг дангаар хийж гүйцэтгэхээр болсон нь “TMK Energy” –д зөвхөн “Gurvantest XXXV” төсөл дээр анхаарлаа бүрэн төвлөрүүлэх боломжийг олгож байна.
Мөн эрчим хүчний эрэлт ихтэй өөр сонирхогч талуудтай уулзаж, ярилцсан хэмээн “TMK Energy” –с тайлбар хийжээ.
САНХҮҮ ЯМАР БАЙНА ВЭ?
Өнгөрсөн улиралд “TMK Energy” –н зүгээс томоохон хөрөнгө оруулагчдад хувьцаа санал болгох байдлаар AUD$3.14 сая австрали долларыг, нийт хувьцаа эзэмшигчдэд эзэмшиж буй хувьцааны хэмжээний тодорхой хувиар нэмж хувьцаа худалдан авах саналыг тавьж AUD$1.6 сая австрали долларыг тус бүр татан төвлөрүүлэв. Нийт татан төвлөрүүлсэн AUD$4.75 сая австрали долларын ойролцоогоор 60% -г туршилтын цооногийн өрөмдлөгийн ажлуудыг дуусгахад зарцуулжээ.
Сонирхуулахад дээрх санхүүжилтэд хамрагдсан оролцогч бүрд нэмж авсан 2 энгийн хувьцаа бүрд 1 ширхэг үнэгүй калл опцион /ASX:TMKO/ олгохоор болсон. Уг калл опционы страйк ханш нь AUD$0.008, хугацаа нь 2027/04/30 –нд дуусах ажээ. Үүнтэй холбогдсон хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг 2025/02/19 –нд Австрали улсад болох хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр албан ёсоор шийдэх ажээ. Мөн компанийн зардлыг бууруулах зорилгоор удирдлагуудын цалинг хувьцаа хэлбэрээр олгох эсэх шийдвэрийг уг хурлаар мөн шийднэ.
“TMK Energy” нь 2024/12/31 –ний байдлаар AUD$1.99 сая австрали долларын бэлэн мөнгөний нөөцтэй байна. Уг компанийн зүгээс яг одоогийн байдлаар нэмж туршилтын цооног өрөмдөх болон нэмж хувьцаа гаргаж санхүүжилт татах төлөвлөөгүй гэдгээ илэрхийлээд байна.
Эх сурвалж:
https://app.sharelinktechnologies.com/announcement/asx/0371d9fed822c103208f2d9b2db6aaf9
https://app.sharelinktechnologies.com/announcement/asx/a5efce916aa57609ecb200dac1d4e4de
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.