“MMC” дээр нэг өдөрт 2 чухал мэдээ гарав.
ГОЛ ӨНЦӨГ:
- АНУ –н болон олон улсын 12,000 гаруй үнэт цаасны биржийн бус зах зээлийн арилжааны үйл ажиллагааг явуулдаг “OTC Market Group Inc.” –н “OTCQX Best Market” зах зээл дээр “MMC” –н хувьцаа арилжаалагдах эрхтэй боллоо.
- Энэ Лхагва гарагаас эхлэн “Mongolian Mining Corporation” –н хувьцаа “OTCQX” биржийн бус зах зээл дээр “MOGLF” тикерээр арилжаалагдаж эхэллээ.
- Өнөөдөр уг зах зээл дээр “MMC” –н ханш $0.9929 –р хаагдлаа.
- “MMC” –с Баянхонгор аймагт ашигт малтмал ашиглах 3 тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Universal Copper LLC” компанийн нийт хувьцааны 50.5% -г 20.5 сая ам.доллароор худалдан авахаар болсноо мэдэгдэв.
“OTC Market Group Inc.” & “MMC”
Энэ Лхагва гарагт МУ –н хамгийн том коксжих нүүрсний үйлдвэрлэгч, экспортлогч болох “Mongolian Mining Corporation” –ны хувьцаа “OTC Markets Group Inc.” –н “OTCQX Best Market” биржийн бус зах зээл дээр “MOGLF” тикерээр арилжаалагдаж эхэллээ.
“OTC Markets Group Inc.” нь АНУ –н болон олон улсын 12,000 гаруй үнэт цаасыг биржийн бус зах зээлээр дамжуулан арилжаалдаг компани юм. Уг компани нь “OTCQX Best Market”, “OTCQB Venture Market”, “Pink Market” гэсэн 3 төрлийн биржийн бус зах зээлийг удирдан, ажиллуулдаг байна. Үүн дотроос “OTCQX Best Market” нь бусад 2 биржийн бус зах зээлээ бодвол хамгийн өндөр зэрэглэлд тооцогддог ба уг зах зээл дээр хувьцаа нь арилжаалагддаг компаниуд нь санхүүгийн ил тод байдал, тайлагнал, засаглалын хамгийн хатуу шаардлагыг хангасан байх ёстой байдаг ажээ. Эдгээр компаниуд нь үндсэндээ зах зээлд хөлөө олсон, нэр хүндтэй бөгөөд АНУ –н үнэт цаасны хууль тогтоомжийг дагаж мөрдөж, санхүүгийн тайлангаа тогтмол гаргаж, компанийн засаглалын өндөр стандартыг баримтлах ёстой байдаг байна.
Өмнө нь “MMC” уг компанийн “Pink Market” дээр арилжаалагддаг байсан бол ийнхүү зэрэглэл өсөж “OTCQX Best Market” дээр арилжаалагдаж эхлэв. Өнөөдөр уг зах зээл дээр “MMC” –н ханш $0.9929 –р хаагдлаа.
“MMC” & “Universal Copper LLC”
2024/12/11 –нд, “MMC” болон “Talst Investment LLC” компаниуд хоорондоо үнэт цаас худалдан авах гэрээ байгууллаа. Уг гэрээний дагуу “Talst Investment LLC” –н охин компани болох “Universal Copper LLC” –н хувьцааны 50.5% -г “MMC” 20.5 сая ам.доллароор худалдан авна. “MMC” –с 2 үе шаттайгаар урьдчилж тохирсон нөхцөлийн дагуу уг төлбөрийг шилжүүлнэ. Хамгийн эхний төлбөр 8.5 сая ам.долларыг 2025/01/10 –ны дотор шилжүүлэх бол үлдсэн 12 сая ам.долларыг хоёр тэнцүү хувааж, тус бүр 6 сая ам.доллароор төлнө.
“Universal Copper LLC” нь үндсэндээ зэс болох бусад өнгөт ашигт малтмалын хайгуулын үй ажиллагаа эрхэлдэг ба Баянхонгор аймагт 3 ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тодруулбал “MV-017089” тусгай зөвшөөрөл /Цагаан Толгой/ нь 2,931.07 га талбай, “MV-017579” тусгай зөвшөөрөл /Өрхөт/ нь 5,300.54 га талбай, “MV-021014” тусгай зөвшөөрөл /Хөх Толгой/ нь 6,557.08 га талбайг тус бүр хамардаг.
“MMC” –н зүгээс “Universal Copper LLC” –г худалдан авч буй нь компанийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, нэг түүхий эдээс хамааралтай байдлаа бууруулах, урт хугацааны хөгжлийн зорилтын дагуу бизнесийн үйл ажиллааг тэлэх боломжийг олгож байна гэж үзээд байна.

Эх сурвалж
https://www.mmc.mn/public/storage/announcements/December2024/AVtHvp55AUQiX5NQP0W2.pdf
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.