АПУ ХК болон СҮҮ ХК нар ногдол ашгаа тараалаа
ГОЛ ӨНЦӨГ
- Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 22 компаниудаас АПУ ХК, СҮҮ ХК болон Богд Банк ХК нь 2022 оны эхний хагас жилийн цэвэр ашгаасаа 15%-58%-ийг ногдол ашиг болгон тараахаа зарласан билээ.
- Тэгвэл Богд банк 2022 оны 9-р сард ногдол ашгаа тараасан бол АПУ ХК нь 2022 оны 12-р сарын 30-нд ногдол ашгаа тараалаа. Харин СҮҮ ХК 2023 оны 2-р сарын 10-ны дотор тараахаар шийдвэрлэсэн.
- Ингэснээр 2022 оны дундаж ханшаар тооцвол, хөрөнгө оруулагчид 0.9%-аас 3.1%-ийн хооронд ногдол ашгийн өгөөж хүртэхээр харагдаж байна.

АПУ ХК-ийн хувьд 2020 оноос эхлэн жилд 2 удаа ногдол ашиг тараадаг болсон. Тус компани нь 2022 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашгийг 2022 оны 12-р сарын 30-ны өдөр тараасан юм. Энэ нь нийт 47.8 тэрбум буюу цэвэр ашгийн 58%-ийг ногдол ашигт тараасан байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид ногдол ашгаас 3.1%-ийн (2022 оны дундаж ханшаар тооцоолов) өгөөж хүртэхээр байгаа юм. Ногдол ашиг тараах бүртгэлийн огноог 8-р сарын 22-ны өдрөөр тогтоосон билээ.
Харин СҮҮ ХК-ийн хувьд 2022 оны 12-р сарын 30-ны өдөр 2021 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4.62 төгрөгийн ногдол ашиг тараасан. Түүнчлэн 2022 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 4.6 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн билээ. Энэ нь нийт 1.58 тэрбум буюу нийт ашгийн 50%-ийг ногдол ашигт тараахаас болсон нь үнийн дүнгээр өмнөх оноос бага хэдий ч цэвэр ашигт эзлэх хувь нь өндөр байгаа юм. Ингэснээр 2023 онд 2022 оны дундаж ханшаар тооцоолоход 0.89%-ийн өгөөж хүртэхээр байна. Ногдол ашиг тараах бүртгэлийн огноог 9-р сарын 6-ны өдрөөр тогтоосон ба ногдол ашгийг 2023 оны 2-р сарын 10-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
Богд Банк ХК-ын хувьд нь IPO хийснээс хойших анхны ногдол ашгаа тараасан юм. 2022 оны эхний хагас жилийн цэвэр ашгаасаа нэгж тутамд 19.28 төгрөгийн нийт 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан. Энэ нь цэвэр ашгийн 15% бөгөөд 2022 оны дундаж ханшаар тооцвол өгөөж нь 0.85% байгаа юм. Ногдол ашиг тараах бүртгэлийн огноог 8-р сарын 9-ний өдрөөр тогтоосон байна.
ДҮГНЭЛТ
Хөрөнгө оруулагч таны хувьцааг нь эзэмшиж буй компани ямар дүнгээр ногдол ашиг тараах гэдгээс илүүтэйгээр ногдол ашгийн өгөөж гэдэг үзүүлэлтээр хөрөнгө оруулалтын өгөөжөө хэмжих нь зүйтэй байдаг. Тэгвэл 2022 онд ПУ ХК, СҮҮ ХК болон Богд Банк ХК нь эхний хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн ба 2022 оны дундаж ханшаар тооцвол хөрөнгө оруулагчдадаа дунджаар 1.61%-н ногдол ашгийн өгөөж хүртээж байна. Харин эдгээр компаниудаас 2021 онд АПУ ХК болон СҮҮ ХК ногдол ашиг тарааж байсан ба ногдол ашгийн дундаж өгөөж нь 2021 оны дундаж хувьцааны ханшаар тооцвол 3.1% байсан бөгөөд энэ нь ногдол ашиг тараалтын бууралтаас бус 2022 оны хувьцааны ханшийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Ногдол ашиг
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх