Хас банк ХК-ийн цэвэр ашиг 32% өсөж ₮129 тэрбумд хүрснээр ROE 29.5% боллоо
ГОЛ ӨНЦӨГ:
- Хас Банк ХК-ийн цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 36%-аар өсөж ₮129 тэрбумд хүрлээ.
- Ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оноос 5 нэгж хувиар өсөж 29.5%-д хүрлээ.
- Хувьцааны ханш оны эхнээс 23.8%-ийн өсөлттэй байсан ба нэгж жилийн хугацаатай хадгаламжийн хүүнээс 11 нэгж хувиар өндөр байгаа юм.
- Хас банкны чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оноос 1 нэгж хувиар буурч 2.1%-д хүрлээ.
Цэвэр зээлийн багц 36%-аар өссөн үзүүлэлттэй байгаа бол чанаргүй зээл буурч 2.1%-д хүрлээ.
Хас банк ХК-ийн 2024 оны III улирлын цэвэр ашиг ₮129 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 32%-аар өссөн байна. Ингэснээр өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оны мөн үеэс 5 нэгж хувиар өсөж 29.5% боллоо. Энэ ТОП 20 индексийн өөрийн хөрөнгийн өгөөжөөс 3 нэгж хувиар өндөр үзүүлэлт билээ. Мөн цэвэр зээлийн багц 36%-аар өссөн бол чанаргүй зээлийн хэмжээ буурч 2.1% хүрсэн үзүүлэлтэй байна. Чанаргүй зээлийн хэмжээ буурах тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл буурдаг тул энэ үзүүлэлт бага байх нь банкнуудын хувьд таатай үзүүлэлт юм. Хас банкны хувьд хамгийн бага чанаргүй зээлтэй буюу эрсдэл багатай банк гэдгээрээ онцлог.
Нийт хөрөнгө 28%-аар, өөрийн хөрөнгө 19%-аар өссөн үзүүлэлттэй байна.
Тус банкны хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 36% өсөж ₮524 тэрбумд хүрсэн бол хүүгийн зардал 43%-аар өсөж ₮294 тэрбумд хүрлээ.
Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 28%-аар өсөж 5.6 их наяд төгрөгт хүрээд байна. Үүнд зээлийн багцын өсөлтөөс гадна үндсэн хөрөнгийн өсөлт ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгө жилийн өмнөхөөс 19%-аар өсөж 689 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 18.2% гарлаа.
Арилжааны банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийг 12%-с өндөр байхыг шаарддаг. Хас банкны хувьд уг үзүүлэлт 18.2% байна.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-с их байхыг шаарддаг. Хас банкны хувьд уг үзүүлэлт 34.5% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна.
Ашигт ажиллагаа өсөж байгаа хувьцааны ханш доогуур үнэлэгдэж байна
2024.10.14-ны байдлаар компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн (677 төгрөг) ханшаас 12.1%-аар өсөж 759 төгрөг орчимд ирсэн байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 23.8% өсөж, нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүүнээс даруй 11% өндөр байгаа юм.
Шинжээчийн дүгнэлт:
Хас банкны хувьд /2024.10.14-ны хаалтын ханшаар/ хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=6.2x байгаа ба ТОП 20 индексийн дундаж (P/E=10.4х)-аас бага буюу хямд байна. Нөгөө талаар үнэ дансны үнийн харьцаа P/B=1.2x байгаа бол ТОП 20 индексийн дундаж P/B=1.5х байна. Энэ нь ТОП 20 индексийн дунджаас хямд байгааг илэрхийлж байна.
Цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 32%-аар өсөж ₮129 тэрбумд хүрснээр өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оноос 5 нэгж хувиар өсөж 29.5%-д хүрлээ. Энэ нь ТОП 20 индексийн дунджаас 3 нэгж хувиар өндөр үзүүлэлт буюу ашигт ажиллагаа дунджаас өндөр байгааг харуулж байна.
Хас банкны хувьд чанаргүй зээлийн хэмжэээ 2.1% байдаг буюу банкны салбартаа хамгийн бага буюу эрсдэл багатай банк гэдгээрээ онцлогтой.
ТАЙЛБАР
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцааны үзүүлэлт юм.
Түлхүүр үгс:
Хувьцаа
Таван Богд Капитал ҮЦК
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх


