Голомт банкны цэвэр ашиг 107%-аар өслөө. Хувьцааны ханш хэрхэн өөрчлөгдөх бол?
ГОЛ ӨНЦӨГ:
- Голомт Банк ХК-ийн цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 107%-аар өслөө .
- Харин ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оноос 16.8 нэгж хувиар өсөж 37.8%-т хүрлээ.
- Хувьцааны ханш өнгөрсөн нэг сарын хугацаанд 5.4% буурсан ба хямдаар үнэлэгдсээр байна.
Цэвэр ашиг 107%-аар, цэвэр зээлийн багц 69%-аар өссөн үзүүлэлттэй байна.

Голомт банк ХК-ийн 2024 оны гуравдугаар улирлын цэвэр ашиг ₮348.1 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 107%-аар өссөн байна. Мөн цэвэр зээлийн багц 69%-аар өссөн бол чанаргүй зээлийн хэмжээ буурч 3.0% хүрсэн үзүүлэлтэй байна. Чанаргүй зээлийн хэмжээ буурах тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл буурдаг тул энэ үзүүлэлт бага байх нь банкнуудын хувьд таатай үзүүлэлт юм. Ашигт ажиллагааны өсөлтийн нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж 37.8% хүрсэн байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.38 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм.
Нийт хөрөнгө 29%-аар, өөрийн хөрөнгө 47%-аар өссөн үзүүлэлттэй байна.

Голомт банкны 2024 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 33% өсөлттэй байлаа. Үүнд үнэт цаасны болон зээлийн хүүгийн орлого 13.2 тэрбум болон 240.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голчлон нөлөөлжээ. Мөн үндсэн үйл ажилагаанаас бусад орлого 76.9 тэрбум төгрөгөөр өссөн нь ашигт ажилагаанд ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм. Харин хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 47% өссөн бөгөөд харилцах болон хадгаламжийн хүүгийн зардал нэмэгдсэн нь нөлөө үзүүлжээ.
2024 оны гуравдугаар улирлын байдлаар нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 29%-аар өсөж 12.5 их наяд төгрөгт хүрээд байна.Үүнд зээлийн багцын өсөлт ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгө жилийн өмнөхөөс 35%-аар өсөж 1.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 18.6% гарлаа.
Арилжааны банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав.

Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-с өндөр байхыг шаарддаг. Голомт банкны хувьд уг үзүүлэлт 14.6% байна.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-с их байхыг шаарддаг. Голомт банкны хувьд уг үзүүлэлт 30.9% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна.
Ашигт ажиллагаа өсөж байгаа хувьцааны ханш доогуур үнэлэгдэж байна
2024.10.07-ны байдлаар компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн (1,285 төгрөг) ханшаас 15.4%-аар буурч үзүүлж 1,087 төгрөг орчимд ирсэн байна.

Шинжээчийн дүгнэлт:
Голомт банкны хувьд /2024.10.07-ны хаалтын ханшаар/ хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=2.2x байгаа ханш хямд байна. Нөгөө талаар үнэ дансны үнийн харьцаа P/B=0.73x байгаа нь үнэлгээ нь зах зээл дээр илүү бодит үнэ цэнээс доогуур үнэлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн компанийн өөрийн хөрөнгийн нэг төгрөг тутам зах зээл дээр 0.73 төгрөгөөр үнэлэгдэж арилжаалагдаж байна гэсэн үг юм. Голомт банк 2024 оны эхний хагас жилд цэвэр ашиг огцом өссөн бөгөөд гуравдугаар улирал цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 107%-аар өссөн. Харин сүүлийн 3 сарын байдлаар цэвэр ашиг 27% буюу 75 тэрбум төгрөгөөр өсөж 348 тэрбум төгрөгт хүрээд байна. Голомт банкны ашигт ажиллагаа нэмэгдэж өгөөжийн түвшин өсөж байгаа байгаа ч хувьцааны ханш сарын өмнөөс 5.4%-аар буурсан ба 9-р сард арилжааны идэвх буураад байсан билээ. Голомт банкны бусдаас ялгарах онцлог нь дижиталд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ бөгөөд харилцагчид цаг алдалгүй хаанаас ч хүссэн үйлчилгээгээ авах боломжийг олгодог нь өдгөө банкны салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдаг тэргүүлэгч банкны нэг юм.
ТАЙЛБАР
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцааны үзүүлэлт юм.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Голомт банк ХК
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
88****80
Голомт банкны цэвэр ашиг 268%-иар өслөө гэхээр байсан уу. 348 тэрбум₮ / 130 тэрбум₮
0
0
Сэтгэгдэл үлдээх