Банк Реформер: I улиралд Голомт банкны ашиг 8 дахин өсөж, өөрийн хөрөнгийн өгөөж 6.9%-д хүрлээ
ГОЛ ӨНЦӨГ
- Голомт банкны 2022 оны эхний улиралд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 8.8x дахин өсөж, ₮22.8 тэрбум гарсан ба өөрийн хөрөнгийн өгөөж 6.9%-тай байна. (RoaE: сүүлийн 12 сарын ашиг болон дундаж өөрийн хөрөнгөөр тооцов)
- Энэхүү ашигт ажиллагааны өсөлтөд хүүгийн орлогын тогтвортой түвшинд хүүгийн зардал 26%-аар буурсан нь голчлон нөлөөлжээ.
- Балансын хувьд нийт хөрөнгө, өөрийн хөрөнгө болон цэвэр зээлийн багц тус бүр 8%-9% өссөн байна.
Банкуудын энэ оны эхний улирлын тайлангууд гарч эхлээд байна. Харин Голомт банкны I улирлын гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байсан бол хүүгийн зардлаа 26% хэмнэсэн нь ашигт ажиллагааг нэмэгдүүлээд байна. Ийнхүү цэвэр ашиг нь 2021 оны I улиралд 2.6 тэрбум төгрөгөөс 2022 онд 22.8 тэрбум төгрөгт хүртэл огцом өссөн үзүүлэлттэй байгаа ба сүүлийн 12 сарын цэвэр ашгаар тооцсон өөрийн хөрөнгийн өгөөж нь 6.9% байгаа нь бусад системийн нөлөө бүхий банкнуудтай харьцуулахад харьцангуй доогуур түвшинд байгаа юм.
Голомт банкны балансын үзүүлэлтүүдийн хувьд төдийлөн томоохон өөрчлөлт гараагүй. Тухайлбал, хөрөнгө, эздийн өмч, зээлийн багц зэрэг үзүүлэлтүүд 8-9% өссөн, эх үүсвэр тал нь өмнөх жилийн мөн үетэй ижил түвшинд байна. Хэдийгээр харилцах, хадгаламжийн нийт дүнгээр хөдөлгөөн гараагүй боловч дотор нь задлаад үзвэл харилцахын дүн 38% өсөж, хадгаламж 13% буурсан сонирхолтой дүр зураг харагдаж байна.
Арилжааны банкуудын хувьд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг дээрх графикт харуулав. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа нь тус банкны хувьд 12.8% байгаа нь 12%-аас дээш байх шаардлагатай бол нэлээн ойролцоо түвшинтэй харагдаж байна. Хөрвөх чадварын харьцаа нь хангалттай сайн үзүүлэлттэй байна.
ГОЛОМТ БАНКНЫ ТУХАЙ
Голомт банк нь 1995 онд Бодь Интернэйшнл ХХК-ийн охин компани болон байгуулагдсан ба өдгөө банкны салбарын тэргүүлэх банкны нэг юм. Байгууллагын болон иргэдийн зах зээлийг аль алийг төвлөрөн ажилладаг уг банк нь дижитал банкны үйлчилгээнүүдэд ч мөн анхаардаг. 2020 оны байдлаар Монгол банканд тушаагдсан нийт алтны 52%, гадаад худалдааны баталгааны 64% нь Голомт банкаар хийгдэн байна. Moody's зээлжих зэрэглэлийн үнэлгээ B3, тогтвортой.
ТАЙЛБАР
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцаан үзүүлэлт юм.
Хэрвээ та Банкуудын IPO-той холбоотой “Банк Реформер” хөрөнгө оруулалтын цогц зөвлөх үйлчилгээ авах бол доорх хаягуудаар бидэнтэй холбогдоорой.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Голомт банк
Банкны IPO
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх