OTC Бонд: OTC дээрх бондын эрсдэлийг хэрхэн хаадаг вэ?
ГОЛ ӨНЦӨГ:
- ОТС (over the counter market) буюу биржийн бус зах зээл дээр компанийн хаалттай Бондын анхдагч зах зээлийн арилжаагаар хагас жилийн хугацаанд 350 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг компаниуд татаад байна.
- Бондын үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийн эрсдэлийг барьцаа, баталгаа, батлан даалт, даатгал хэлбэрээр хааж эрсдэлийн удирдлагыг компаниуд хэрэгжүүлж байна.
- Одоогийн байдлаар OTC зах зээл дээр эргэн төлөлт нь амжилтгүй болсон тохиолдол гараагүй бөгөөд бондын хүүгийн болон үндсэн төлбөрийн эргэн төлөлт хэвийн явагдаж байна.
Харин хүү болон үндсэн төлбөрийн эргэн төлөлт хийгдээгүй тохиолдолд барьцаа, баталгаа, батлан даалт, даатгал нь хөрөнгө оруулагчийн хугацаа хэтэрсэн үндсэн болон хүүгийн төлөлтийг ямар процессоор хийх талаар ойлголт өгье.

БОНДЫН ЭРСДЭЛИЙГ ХААХ АРГА, ОНЦЛОГ
Монгол Улсын Иргэний хуульд үүргийн гүйцэтгэлийг хангах анз, дэнчин, баталгаа, барьцаа, батлан даалт, фидуци гэх мэт аргуудыг хуульчилж өгсөн байдаг.
Дээрх аргуудын онцлогийг бонд дээр буулгаж энгийнээр тайлбарлавал:
Үүрэг гүйцэтгэгч (үнэт цаас гаргагч)-с үүрэг гүйцэтгүүлэгч (хөрөнгө оруулагч)-ийн өмнө хүлээсэн төлбөрийн аливаа үүргийг мөнгөн болон бусад тохирсон хэлбэрээр тогтоосон хугацаанд гүйцэтгэх боломжгүй тохиолдолд өөр төрлийн хөрөнгөөр тухайн гүйцэтгэж чадаагүй үүргийг гүйцэтгүүлэхийг ойлгох юм. Иймд дараагийн хэсэгт бондын эргэн төлөлт хийгдээгүй байдлаар кэйс зохиож тус кэйс дээр дээрх аргууд хэрхэн хэрэглэгдэх талаар дэлгэрүүлэн авч үзэцгээе.
ЗОХИОМОЛ КЭЙС
“К” ХХК нь нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 10,000 ширхэг бондыг ОТС зах зээл дээр 12 сарын хугацаатайгаар, хүүг улирал тутам төлөхөөр гаргажээ. Гэвч тухайн компани 4 дэх улирлын хүүгийн төлбөр болон үндсэн төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй болох нь нэгэнт тодорхой болжээ.
Одоо дараагийн хэсэгт зохиосон кэйс дээр үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг хэрхэн хэрэглэхийг тайлбарлая. ОТС дээрх бондууд дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой хөдлөх эсхүл үл хөдлөх хөрөнгийн барьцаа, баталгаа, батлан даалтыг хэрэглэж байгаа ба мөн нэмэлтээр даатгалын үйлчилгээг авч байна.
- Хөдлөх эсхүл үл хөдлөх хөрөнгийн барьцаа: Талууд барьцааны зүйлийг худалдан борлуулах эсхүл барьцаа хөрөнгийг шилжүүлэн авах гэх мэт сонголтуудаас сонгож хэлцэл хийх боломжтой. Барьцаа хөрөнгийг худалдан борлуулах тохиолдолд тухайн хөрөнгө зарагдах хүртэл таны авлага барагдахгүй юм. Мөн худалдах эсхүл хөрөнгийг шилжүүлэн авах талаар талууд хэлцэл хийж чадаагүй тохиолдолд шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлэх юм.
- Баталгаа: Баталгааны гэрээнд ихэвчлэн бондын эргэн төлөлт хийгдэх өдөр төлөлт хийгдээгүй нөхцөлд баталгаа гаргасан гуравдагч этгээдэд андеррайтер төлбөр төлөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлж баталгаа гаргагч мэдэгдлийг хүлээн авсан даруйд эсхүл баталгааны гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрийг төлөх үүргийг хүлээдэг. Иймд баталгаатай бонд байх нөхцөлд дээрх процессоор баталгаа гаргагч төлбөрийг төлөх юм.
- Батлан даалт: Батлан даалтын хувьд баталгаатай төстэй процессоор явах юм.
- Даатгал: Даатгалтай бондын хувьд зах зээл дээр одоо хүртэл нэгдсэн ойлголт бий болоогүй байна. Учир нь Даатгагч этгээд бондын даатгалыг хийх эрхээ даатгалын хууль, СЗХ-ны журмын дагуу СЗХ-нд бүртгүүлж даатгах эрхээ авдаг. Гэвч өнөөдрийн байдлаар СЗХ-д бондын даатгалын бүтээгдэхүүн бүртгүүлсэн даатгалын компани байхгүй байна. Иймд манай зүгээс даатгалтай бондыг эрсдэлтэй гэж үзэж байна. Түүх сөхөхөд 2015 онд анх удаа 100% даатгагдсан эрчим бонд биржид бүртгүүлэн гарч байсан бол бондын даатгагчаар Соёмбо даатгал ажилласан. Тус даатгагч нь бондын даатгалын бүтээгдэхүүнээ СЗХ-д албан ёсоор бүртгүүлсэн анхных бөгөөд сүүлийн даатгалын компани байжээ.
ШҮҮХ БА АРБИТР:
- Бондын үүргийн гүйцэтгэлтэй холбоотой дээрх аргуудыг хэрэглэхээр талууд гэрээ байгуулж тохирсон боловч гэрээний үүргээ зөрчих, худалдан борлуулах хөрөнгийн үнэлгээн дээр маргаан үүсэх г.м олон үл ойлголцлоос шалтгаалан гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөлд талууд шүүхэд хандаж маргаанаа эцэслэн шийдвэрлүүлнэ.
- Гэвч Монголын нөхцөлд шүүхийн процессийг маргалдагч талуудаас удаашруулах эрсдэлтэй байдаг тул талууд анхнаасаа маргаанаа арбитрын журмаар шийдвэрлэхээр тохиролцох нь таны цаг хугацааг хэмнэх боломжтой юм.
Бэлтгэсэн: Б.Ган-Эрдэнэ
Хэрвээ танай компани уян хатан нөхцлөөр хаалттай зах зээлд бонд гарган санхүүжилт татахыг хүсвэл бидэнд хандаарай. Мөн эрсдэл багатай, өндөр өгөөж бүхий бондын хөрөнгө оруулалт сонирхсон мэргэжлийн хөрөнгө оруулагчид доорх хаягуудаар бидэнтэй холбогдоорой.

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
OTC
Хаалттай бонд
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх