Үнэлгээний судалгаа | 2024.08: ТОП 5 банк бодит үнэ цэнээсээ хямдаар үнэлэгдэж байна
ГОЛ ӨНЦӨГ
- Шинээр IPO хийсэн компаниудын өгөөж өндөр байгаа ба үнэлгээ хямд байна. Тодруулбал дундаж өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 28% байгаа бол дундаж үнэ ашгийн харьцаа (P/E): 8.2х байгаа юм.
- Уул уурхай болон ББСБ салбарын хувьцаа ХАМГИЙН ӨНДӨР өөрийн хөрөнгийн өгөөж (ROE)-тэй байна.
- ТОП 5 банкны дундаж үнэ дансны үнийн харьцаа (P/B) 0.88 байгаа нь хямдаар үнэлэгдэж байгааг илэрхийлж байна.
Тус судалгаанд бид компанийн голлох үзүүлэлт болох үнэ ашгийн харьцаа (P/E), өөрийн хөрөнгийн өгөөж (ROE), хувьцааны ханшийн өсөлт болон хэлбэлзэл гэсэн үзүүлэлтүүдийг ашиглан ТОП 20 болон IPO хийсэн компаниуд үнэлгээний хувьд ямар байдалтай байгааг харьцуулан харуулах юм.
Хөрөнгө оруулах шийдвэр гаргалтад мэдээж компанийн ашигт ажиллагаа болон ашгаас хүртэх боломжтой өгөөжийн хэмжээ хамгаас чухал, үүнийг хэмжиж болох нэгэн үзүүлэлт нь өөрийн хөрөнгийн өгөөж билээ. Өөрийн хөрөнгийн өгөөж гэдэг нь өөрийн оруулсан хөрөнгө нь хэр ашигтай байгааг хэмждэг. Түүнчлэн авах гэж буй компанийн хувьцаа зах зээлд дээгүүр эсвэл доогуур үнэлэгдсэн эсэх мэдээлэл чухал билээ. Үүнийг үнэ ашгийн харьцаа буюу P/E-ээр хэмжих боломжтой бөгөөд энэ нь тухайн компанийн зах зээлийн нэгж хувьцааны үнийг, нэгж хувьцаанд ногдох жилийн ашигтай нь харьцуулж олдог харьцаа юм.
Ханшийн өгөөж гэж: 2024 оны эхний 4 сарын байдлаарх хувьцааны ханшийн өсөлтийн дунджийг авч үзсэн. Энэ нь ханш оны эхнээс дунджаар хэр зэрэг өсөлт болон бууралт үзүүлж байгааг хэмжих үзүүлэлт юм.
Харин ханшийн хэлбэлзэл гэж: Хувьцааны ханшийн өсөлтийн хэлбэлзлийг авч үзсэн. Хэлбэлзэл нь тухайн хөрөнгө оруулалт хэр зэрэг эрсдэлтэй болохыг хэмжихэд ашигладаг. Энэ үзүүлэлт нь бусад хувьцаануудтай харьцуулахад өндөр байх үед арилжааны эрсдэл өндөр, харин бага байх үед эсрэгээрээ байна.
2024 оны 8-р сарын 31-ний байдлаарх компаниудын ашигт ажиллагаа болон үнэлгээтэй танилцацгаая.
P/E харьцаа болон ROE:
Энэ хэсэгт ашигт ажиллагаа болон ханшийн үнэлгээ хэр байгааг харьцуулан авч үзнэ.

ТОП 20 индексийн хувьд:
I хэсэг: Хамгийн хямд, өндөр өгөөжтэй – Хаан банк ХК, Түмэн шувуут ХК, Голомт банк ХК, Монголын Хөрөнгийн Бирж ХК болон Сэндли ББСБ ХК
II хэсэг: Хамгийн хямд, бага өгөөжтэй – Худалдаа хөгжлийн банк ХК, Богд банк ХК, Төрийн банк ХК, АПУ ХК
III хэсэг: Үнэтэй, бага өгөөжтэй – Мандал даатгал ХК, Газар шим ХК
IV хэсэг: Үнэтэй, өндөр өгөөжтэй- Монложистикс Холдингс ХК, Сүү ХК, Инвескор ББСБ ХК
IPO хийсэн компанийн хувьд:
I хэсэг: Хамгийн хямд, өндөр өгөөжтэй –Голомт банк ХК, Лэнд ББСБ ХК
II хэсэг: Хамгийн хямд, бага өгөөжтэй – Богд банк ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Төрийн банк ХК, Сэндли ББСБ ХК
III хэсэг: Үнэтэй, бага өгөөжтэй –Хас банк ХК, Түмэн шувуут ХК, Мандал даатгал ХК, Газар шим ХК
IV хэсэг: Үнэтэй, өндөр өгөөжтэй- Монложистикс Холдинг ХК, Монголын хөрөнгийн бирж ХК
P/E харьцаа болон P/B харьцаа:
Доорх графикт зөвхөн хувьцаануудын үнэлгээг харуулав. Энэ хэсэгт ашигт ажиллагааг авч үзэхгүй ба зөвхөн зах зээл дээр арилжаалагдаж буй ханш дээгүүр эсвэл доогуур үнэлэгдсэнийг авч үзнэ.

ТОП 20 индексийн хувьд:
I хэсэг: Хамгийн хямдаар үнэлэгдэж буй компаниуд– АПУ ХК, Сэндли ХК, Худалдаа Хөгжлийн банк ХК, Хаан банк ХК, Богд банк ХК, Төрийн банк ХК, Голомт банк
II, III хэсэг: Дундажтай ойролцоо үнэлэгдэж буй компаниуд– Ард кредит ББСБ ХК, Монос хүнс ХК, Мандал даатгал ХК, Газар шим ХК, Түмэн шувуут ХК, Монголын Хөрөнгийн бирж ХК, Таван толгой ХК
IV хэсэг: Дунджаас өндрөөр үнэлэгдэж буй компаниуд – Инвескор ББСБ ХК, Сүү ХК
IPO хийсэн компанийн хувьд:
I хэсэг: Хамгийн хямдаар үнэлэгдэж буй компаниуд– Голомт банк ХК, Хаан банк ХК, Төрийн банк ХК, Богд банк ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Хас банк, Сэндли ХК
II, III хэсэг: Дундажтай ойролцоо үнэлэгдэж буй компаниуд– Түмэн шувуут ХК, ЛэндМН ББСБ ХК, Монголын Хөрөнгийн бирж ХК, Монложистикс ХК, Монгол базальт ХК, Ард даатгал ХК, Ард кредит ББСБ ХК, Мандал даатгал ХК
IV хэсэг: Дунджаас өндрөөр үнэлэгдэж буй компаниуд –Монос хүнс ХК, Газар шим ХК
Салбарын хувьд авч үзвэл:

Уул уурхай болон ББСБ салбарын хувьцаанууд хамгийн өндөр өөрийн хөрөнгийн өгөөж (ROE)-тэй байна. Барилгын салбарын үнэ ашгийн харьцаа (P/E) хамгийн өндөр байгаа боловч өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) хамгийн бага байгаа юм. Хүнсний салбарын ROE ТОП 20 индексийн дундажтай ойролцоо байна. Банкны салбарын үнэ ашгийн харьцаа (P/E) дунджаас бага буюу хямдаар үнэлэгдэж байна.
2018-2024 оны хоорондох компаниудын үнэлгээ

2024 оны 8 сарын байдлаар өмнөх онтой харьцуулахад дундаж үнэ ашгийн харьцаа болон өөрийн хөрөнгийн өгөөж өссөн үзүүлэлттэй байна. Энэ онд ТОП 20 компанийн үнэлгээ 2022 оны байдал руу дөхөж ирлээ. IPO хийсэн компаниуд энэ оны өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх онуудаас хамгийн өндөр үе дээрээ ирээд байна.
Тэгвэл 2024 оны эхэнтэй харьцуулахад I ангиллын компаниудын ханш хэр өсөлт үзүүлсэн, хэр буурсан зэргийг харцгаая.
2024 оны эхэнтэй харьцуулахад ханш хамгийн өндөр өсөлттэй байгаа (51.3%- 110.6%) хувьцаа бол Монголын Хөрөнгийн бирж, Таван толгой, ЛэндМН ББСБ ХК-ууд байна. Эдгээр хувьцаануудаас ханшийн хэлбэлзэл нь хамгийн өндөр (28.3%- 96.8%) ХК-ууд бол Монголын Хөрөнгийн Бирж, Таван толгой болон ЛэндМН ББСБ зэрэг команиуд байна. Харин бусад компаниудын хувьд ханшийн хэлбэлзэл харьцангуй тогтвортой байна.
Худалдаа хөгжлийн банк, Монгол шуудан болон Бодь даатгал ХК-уудын хувьд ханшийн бууралт хамгийн өндөр алдагдалтай буюу (-19.4%)-(-27.1%)-ийн хооронд байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
2024 оны 8 сарын хувьд ихэнх хувьцаануудын ханш өссөн, өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) өндөр сар байлаа.
ТОП 20 болон IPO хийсэн компаниудын хувьд ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгийн өгөөж өссөн, ханшийн өсөлтийн нөлөөгөөр үнэ ашгийн харьцаа өссөн үзүүлэлттэй байв. ТОП 20 индексийн үнэлгээ 2022 оны үеийн үнэлгээн дээр эргэж очсон дүр зурагтай байгаа бол IPO хийсэн компаниудын дундаж өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх жилүүдээс хамгийн өндөр буюу 27% байна. Энэ нь үйл ажиллагаа, ашигт ажиллагаа сайн компаниуд сүүлийн үед IPO хийдэг болсонтой холбоотой юм.
2024 он гарснаас хойш хамгийн өндөр ханшийн өсөлтийг үзүүлсэн компани болох Монголын Хөрөнгийн бирж 110.6% өссөн байна. Харин хямдаар үнэлэгдэж байгаа компани бол Голомт банк ХК үнэ ашгийн харьцаа (P/E) 3.4х, үнэ дансны үнийн харьцаа (P/B) 0.8х байна.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Хувьцаа
Үнэлгээний судалгаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх