TBC PRO: "Хувьцааны хуримтлал 2024" багц +5.5%-ийн өсөлттэй байна.
Мэдэгдэл: “TBC PRO” эрх нь “Таван Богд Капитал” ҮЦК-ийн VIP харилцагчдад зориулсан тусгайлан бэлтгэсэн үйлчилгээ болно. Энэхүү эрхээр дамжуулан авсан аливаа мэдээлэл, судалгааны үр дүн, таамаглалыг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан ашиглаж, хувилан олшруулахгүй байхыг хүсье. Аливаа таамаглалтай холбоотой гарах эрсдэлийг “Таван Богд Капитал” ҮЦК хариуцахгүй болохыг анхаарна уу. Аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр нь ямагт эрсдэлийг дагуулдаг тул өөрийн шийдвэрийг бие даан гаргана уу.
"Таван Богд Капитал" ҮЦК ХХК Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан дилерийн эрхийнхээ хүрээнд дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж багц бүрдүүлдэг.
"Хувьцааны Хуримтлал 2024" багц
Манай компанийн 2024 оны хувьцааны багц 5.5%-ийн өсөлттэй байна. Харин биднийг хөрөнгө оруулалтаа хийж эхэлснээс хойш [2024.01.02] Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 индекс 20.0%-ийн өсөлттэй арилжаалагдаж байна. Одоогоор бид дотоодын хөрөнгийн биржээс 15 компанийг судалж хөрөнгө оруулалтаа хийсэн. Багцын хувьцаануудын 7 нь ашигтай, 8 нь алдагдалтай байна.

2024.07.30-ны өдрийн ээлжит худалдан авалтаар бид ХАС БАНК ХК, СҮҮ ХК болон ПРЕМИУМ НЕКСУС ХК -ийг худалдан авлаа.
Премиум нексус ХК-ийн хувьд 2024 оны II улирлын байдлаар нийт хөрөнгө ₮242.2 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 37% өссөн бол өөрийн хөрөнгийн хэмжээ ₮61 тэрбумд хүрлээ. Тус компанийн борлуулалтын орлого 58% өсөж, ₮264 тэрбумд хүрсэн. Цэвэр ашиг өмнөх оны мөн үед ₮19 тэрбумын алдагдалтай ажиллаж байсан бол 2024 оны эхний хагас жилд ₮10.6 тэрбумын ашигтай ажиллаж, IPO хийснээс хойш анхны ашигт ажиллагаандаа хүрлээ.
2022 онд анх IPO хийж нэгж хувьцаагаа 208 төгрөгөөр арилжаалж байсан. Хувьцааны ханш IPO хийснээс хойш 11.6%-аар буурсан байна.

ХАС банк ХК-ийн хувьд 2024 оны хагас жилийн байдлаар цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 37%-иар өссөн буюу ₮85 тэрбумд хүрсэн байна. Өөрийн хөрөнгийн өгөөж /ROE/ 29.9%-д хүрч өмнөх онуудын мөн үеэс эрс сайжирчээ. Чанаргүй зээлийн хэмжээ 2.2%-д хүрч өмнөх онуудын үзүүлэлтүүдээс 0.7 нэгж хувиар буурав. Монгол банкнаас арилжааны банкуудад зохистой харьцааны шалгуур тавьж ажилладаг. Үүнээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ тус банкны хувьд 18.6% байгаа ба шалгуур үзүүлэлт болох 12%-ийг хангаж ажиллаж байна. Хөрвөх чадварын харьцаа 25%-иас багагүй байх ёстой ба тус банкны хувьд 38.7% байна. Тус компани IPO хийхдээ нэгж хувьцааны үнээ ₮677-өөр үнэлэн гаргаж байсан. 2024.07.30-ний байдлаар ₮732.9 болсон буюу IPO хийсэн үнээсээ 8.3%-ийн өсөлттэй байна.

"Cүү" ХК-ийн хувьд 2024 оны эхний хагас жилийн байдлаар борлуулалтын орлого ₮96.0 тэрбумд хүрч, цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 37% өсөж, ₮12.2 тэрбумд хүрлээ. Энэ нь борлуулалтын өртөг болон бусад зардлуудаа бууруулж чадсантай холбоотой байна.
Ашигт ажиллагааны өсөлтийн нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж 21% хүрсэн ба өмнөх оны мөн үеэс 1 нэгж хувиар өссөн байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.21 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм.

Багцад багтаж буй хувьцаануудаас хамгийн өндөр нь 272.2%-аар өсжээ
Доорх графикт багцад багтаж буй хувьцаа бүрийг 2024.07.30-ны хаалтын ханшаар тооцоолж ашиг ба алдагдлыг харууллаа. 2024 онд "Хувьцааны Хуримтлал" багцаа үргэлжлүүлэн худалдан авалтын дүнгээ нэмэгдүүлж, долоо хоног бүрийн Мягмар гаригт 250,000₮-өөр дотоодоос хувьцаа авдаг байсан бол 2024 оноос эхлэн 500,000₮-өөр худалдан авалтаа хийж эхэлсэн юм. Мөн багцын өгөөжөө 2023 оны эцсээс шинэчлэн тооцож байгаа бөгөөд 2024 оны 07-р сарын 30-ны байдлаар манай "Хувьцааны Хуримтлал 2024" багц 2023 оны эцэстэй харьцуулахад 5.5%-ийн өсөлттэй байна. Түүнчлэн багцад буй компаниудын 45% нь тогтмол ногдол ашиг тараадаг давуу талтай билээ.

"Хувьцааны хуримтлал 2024" багцад багтаж буй хувьцаануудын хувийн жин:
"Таван Богд Капитал" ҮЦК ХХК-ийн нийт хувьцааны багцын 57.5% нь "Дотоод хувьцааны багц" буюу богино хугацаанд арилжих зорилготой хувьцаа эзэлж байгаа бол 42.5%-ийг "Хувьцааны хуримтлал 2023 багц" буюу урт хугацаанд худалдан авч буй хувьцаанууд бүрдүүлж байна. "Хувьцааны хуримтлал 2024 багц"-д нийт 15 дотоодын хувьцаат компанийн хувьцаа байгаа бөгөөд хамгийн өндөр хувийн жин эзэлж байгаа хувьцаанууд Богд банк ХК, Голомт банк ХК байна. Тус компаниудын хувьд нийт багцын 39%, 25%-ийг тус тус бүрдүүлж байна.

Шинжээчийн дүгнэлт
ХАС банк ХК, Премиум нексус ХК болон СҮҮ ХК-уудын хувьд санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд өсөлт өндөртэй, ашигт ажиллагаа сайн, өсөх потенциалтай, үнэлгээний хувьд ТОП 20 индексийн дунджаас дээгүүр өгөөжтэй үнэ ашгийн харьцаа дунджаас доогуур байгаа нь өндөр өгөөжтэй хямдаар үнэлэгдсэн хувьцаанууд юм. ХАС банкны хувьд эхний хагас жилийн нэгж хувьцаанд 18 төгрөгийн ногдол ашиг олгохоо зарласан бөгөөд бүртгэлийн өдрийг 2024.08.08-ний өдрөөр тогтоосон байгаа юм. Мөн эхний хагас жилийн байдлаар ашигт ажиллагаа өсөж цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 37%-аар өсөж 85 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Бид багцад багтааж худалдан авч буй хувьцаагаа багадаа 2 жилийн хугацаанд барих ба хэрэв явцын дунд компанийн гүйцэтгэл бидний таамаглалаас муу байвал эргүүлэн зарахыг үгүйсгэхгүй.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Хувьцааны хуримтлал
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх