"Худалдаа Хөгжлийн Банк" ХК-ийн өөрийн хөрөнгийн өгөөж 10.2 нэгж хувиар өсөж 21.8%-д хүрлээ
ГОЛ ӨНЦӨГ:
- "Худалдаа Хөгжлийн банк" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг ₮174 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 89%-аар өссөн байна.
- Өөрийн хөрөнгийн өгөөж 21.8% хүрсэн өмнөх оны мөн үеэс 10.2 нэгжээр өссөн үзүүлэлт болж байна.
- 2024.07.22-ний хаалтын ханшаар үнэ ашгийн харьцаа P/E=4.5x, үнэ дансны үнийн харьцаа P/B=0.94x байна.
Худалдаа Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн өгөөж 10.2 нэгж хувиар өслөө.
Худалдаа Хөгжлийн банкны хувьд 2024 оны эхний хагас жилийн байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж 21.8% хүрсэн өмнөх оны мөн үеэс 10.2 нэгжээр, өмнөх улирлаас 3.3 нэгжээр өссөн үзүүлэлт болж байна. Энгийнээр хэлбэл хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.22 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм.
Цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үетай харьцуулахад 31%-иар өсөж ₮5.5 их наяд хүрсэн байна. Харин чанаргүй зээлийн хувь 7.3% буюу өмнөх оны мөн үеэс 5.7 нэгжээр буурсан байна. Энэ үзүүлэлт нь системийн нөлөө бүхий банкнуудаас хамгийн өндөр түвшинд байгаа юм. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгддэг тул энэ үзүүлэлт өндөр байх нь банкнуудын хувьд тийм ч таатай үзүүлэлт биш билээ.
Ашигт ажиллагаа жилийн өмнө үетэй харьцуулахад 89%-аар өсчээ
2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт хөрөнгө нь ₮12.6 их наяд хүрч, өмнө оны мөн үеэс 29% өсөлт үзүүлсэн байна. Мөн цэвэр ашиг нь ₮174 тэрбум хүрч, 89%-ийн өсөлт үзүүлсэн юм. Харин хүүгийн орлого ₮511 тэрбум хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 50% өссөн үзүүлэлт болж байна.
Хувьцааны ханш IPO хийсэн ханшнаасаа 21.2% буурсан байна.
Шинжээчийн дүгнэлт:
Худалдаа Хөгжлийн банкны хувьд ₮33,000-р анх IPO хийж, хоёрдогч зах зээлийн арилжаа нь 2023/05/31 өдөр эхэлсэн билээ. 2024.07.22-нд тус компанийн хувьцааны хаалтын ханш ₮26,020 хүрч IPO хийсэн ханшаас 21.2%-ийн бууралт үзүүлсэн байна. Мөн хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ дансны үнийн харьцаа P/B=0.94x байгаа нь IPO хийх үеэс 0.66 нэгжээр буурсан буюу үнэлгээ нь хямдарсан байгааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл тухайн компанийн өөрийн хөрөнгийн нэг төгрөг тутам зах зээл дээр 0.94 төгрөгөөр үнэлэгдэж арилжаалагдаж байна гэсэн үг юм.
Худалдаа Хөгжлийн банкны хувьд 2024.07.24-ний өдрөөр бүртгэл хийж нэгж хувьцаанд 1,033 төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 49 тоот тогтоолоор баталсан юм.
ТАЙЛБАР:
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцаан үзүүлэлт юм.
Түлхүүр үгс:
Худалдаа Хөгжлийн Банк
Таван Богд Капитал ҮЦК
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх