"Худалдаа Хөгжлийн банк” ХК-ийн хагас жилээр тараах ногдол ашгийн өгөөж 4.1% байна
ГОЛ ӨНЦӨГ:
- “ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК” ХК нь хуримтлагдсан ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж энгийн хувьцаанд ₮1,033 хуваарилахаар шийдвэрлэлээ.
- Ногдол ашгийн өгөөж (Dividend yield) нь 2024 оны 7-р сарын 17-ний өдрийн хаалтын ханш (₮24,980) -аар тооцвол хөрөнгө оруулагчдаа 4.1%-ийн ногдол ашиг хүртээж байгаа юм.
- Ногдол ашиг хүртэх хувьцаа эзэмшигчдийг бүртгэх бүртгэлийн өдрийг 7-р сарын 24-ны өдрөөр тогтоосон байна.
Худалдаа хөгжлийн банк ХК-ийн ТУЗ-ын 2024 оны 7-р сарын 16-ний өдрийн 49 тоот тогтоолын хэсгээс:
- Банкны хуримтлагдсан ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж энгийн хувьцаанд ₮1,033 (нэг мянга гучин гурав) төгрөгийн ногдол ашиг хуваарилна.
- Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ногдол ашиг хуваарилах хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 7 дугаар сарын 24-ны өдрөөр тогтоосугай.
- Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгох ажиллагааг банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн хангалттай уялдуулан эрх бүхий зохицуулагч байгууллагаас зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор багтаан хэрэгжүүлэх, хэрэгжилтийг Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнахыг Гүйцэтгэх захирал (О. Орхон)-д үүрэг болгосугай.
Эх сурвалж: 567_2024-07-16 17:00tuz_togtool1768667162.pdf (mse.mn)
Хувьцааны ханш:
2023 оны 5-р сарын 31-ний өдрөөс TDB үсгэн кодтойгоор арилжаалагдаж эхэлсэн Худалдаа Хөгжлийн Банк ХК-ийн хувьцааны ханш 2024 оны 7-р сарын 17-ний өдрийн байдлаар ₮24,980 буюу IPO хийсэн ханш (₮33,000)-аас 24.3% буураад байгаа юм. Оргил үедээ ₮39,500-д хүрч байсан хувьцааны ханш ийнхүү 2024 он гарснаар буурсаар байна.
Шинжээчийн дүгнэлт
Худалдаа Хөгжлийн банк ХК-ийн хувьд 2024 оны I улирлын байдлаарх үнэ, дансны үнийн харьцаа буюу P/B харьцаа 0.98; үнэ ашгийн харьцаа буюу P/E 8.2 гарч байсан. P/E харьцааны хувьд тухайн компанийн хувьцаа нь зах зээл дээр хэр бодитой үнэлэгдэж байгааг харуулдаг үзүүлэлт бөгөөд утга нь 15-аас бага байвал зах дээл дээр багаар үнэлэгдсэн, 20-оос их байвал өндрөөр үнэлэгдэж байна гэж үздэг. Тэгвэл Худалдаа Хөгжлийн Банк ХК-ийн хувьд уг үзүүлэлт 8.2 байгаа нь харьцангуй хямд үнэлэгдсэн буюу хувьцааны ханш хямд байгааг харуулж байгаа юм. Харин P/B харьцаа нь компанийн зах зээлийн үнэлгээ бөгөөд 0.98 байгаа нь өөрийн хөрөнгийн үнэлгээнээсээ доогуур үнэлэгдэж байгааг илтгэж байна.
Хямдаар үнэлэгдэж буй сайн компанийн хувьцаанд хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчдын хувьд өндөр өгөөж олох боломжийг олгодог.
Худалдаа Хөгжлийн Банк ХК нь системийн нөлөө бүхий бусад банктай харьцуулахад чанаргүй зээлийн хувь харьцангуй өндөр байдаг бөгөөд 2024 оны 2-р улиралд хэд гарах нь хүлээлт үүсгэж байна.
Тус банкны эхний хагас жилийн тайлан хараахан гараагүй байгаа бөгөөд гарсан даруйд манай Таван Богд Капитал ҮЦК нь www.tavanbogdcapital.com веб сайтаар дамжуулан мэдээлэх болно.
Түлхүүр үгс:
Ногдол ашиг
Таван Богд Капитал ҮЦК
Худалдаа хөгжлийн банк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх