Азийн зах зээл: Үл хөдлөхийн дэмжлэг давлагаалж байна
ГОЛ ӨНЦӨГ:
- Үл хөдлөхийн компаниуд хөрөнгийн зах зээлийг ашиглан нэмэлт эх үүсвэр татах боломж 2015 оноос хойш анх удаа бий боллоо
- Hang Seng индекс сүүлийн 2 долоо хоногийн дээд түвшинд хүрсэн байна
БНХАУ-ын Үнэт Цаасны Зохицуулах Хороо үл хөдлөх салбарын хямралыг арилгахын тулд хөрөнгийн зах зээлээр дамжуулан нэмэлт хөрөнгө босгохыг дэмжиж улмаар Хонг Конгын зах зээл 2 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ.
Мягмар гарагийн өдрийн 12.15 цагийн байдлаар Hang Seng индекс 4.34%-аар өсөж 18,074 нэгжид хүрсэн байна. Hang Seng Tech индекс 5.45%-аар өссөн бол Шанхайн нэгдсэн индекс 2.21%-аар өссөн байна.
Country Garden /2007.HK/ 9.2%-аар өсөж 3.19 HKD, Longfor Group Holdings /0960.HK/ 12%-аар өсөж 23.25 HKD, Alibaba Group Holdings /9988.HK/ 6.3%-аар өсөж 76.8 HKD-д хүрч тус тус өсөлттэй арилжаалагдаж байна.
Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгчид гаднын хөрөнгө оруулагчдад шинэ хувьцаа зарж, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, нэгдэх, бусад компанийг худалдаж авах боломж дахин нээгдэж байгаа талаар Хятадын Үнэт Цаасны Зохицуулах Хороо өнгөрсөн даваа гарагийн орой мэдэгдсэн байна.
Хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй үл хөдлөхийн компани тус зах зээлийг ашиглан нэмэлт хөрөнгө босгох үйл явцыг 2015 оноос хойш хориглоод байсан билээ.
Дээр дурдсан дэмжлэг нь үл хөдлөхийн салбарын хөрвөх чадварыг дэмжсэн 16-н хэсэг бүхий бодлогын дэмжлэгийн дараа гарч буй гэдгээрээ онцлог байна. Мөн 12-р сарын 5-наас хүү буурч эхлэх нь үл хөдлөх салбарт 70 тэрбум ам.долларын хөрвөх чадварыг нэмэгдүүлэх хүлээлттэй байна.
БНХАУ-ын зарим хотуудад “тэг ковид” бодлогыг эсэргүүцсэн жагсаал болж хөрөнгийн зах зээл нэг өдрийн дотор унасан ч үл хөдлөхийн салбарын компаниудын өсөлттэй холбоотойгоор зах зээл буцаж өссөн дүр зурагтай байгаа юм.
Азийн бусад томоохон зах зээлүүд холимог байна. Японы Nikkei 225 индекс 0.5%-аар буурсан бол Өмнөд Солонгосын Kospi индекс 0.4%-аар, Австралийн S&P/ASX 200 индекс 0.1%-аар өссөн байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
БНХАУ-ын үл хөдлөхийн салбарыг бидний хувьд энэ оноос хойш онцолсон бөгөөд харилцагчид маань энэхүү салбараас өндөр хувь хэмжээний ашиг хүртээд байгаа билээ. Тэгвэл тус салбарт дахин нэг дэмжлэг орж ирэх болсон нь илүү анхаарал татаж байна. Энэ нь 2015 оноос хойш хориглоод байсан нэмэлт хувьцаа гаргаж санхүүжилт татах боломж билээ. Цаашид үл хөдлөхийн дэмжлэг бодит байдал дээр хэр зэрэг үр дүнтэй байгаагаас салбарын өсөлт хамаарах юм.
HANG SENG ИНДЕКС ДҮН:
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/29-11-2022/2.png)
TOP MOVERS: HONG KONG STOCK MARKET
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/29-11-2022/1.png)
Эх сурвалж: http://www.aastocks.com/
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
![](https://trader.tavanbogdcapital.com/uploads/news/04-10-2022/Ariljaa%20sudalgaa_update.png)
Түлхүүр үг:
Азийн зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.