Төвлөрлийн судалгаа | 2024.05: "ПРЕМИУМ НЭКСУС" ХК хувьцаагаа хамж эхэлжээ
- Гол өнцөг: 2024 оны 5-р сарын байдлаар нийт хувьцаа эзэмшигчдийн тоо өсөж байгаа ч төвлөрөл хараахан буурахгүй байна
- ТОР20 багцын хувьцааны төвлөрөл 3.47%-аар өссөн байна
- ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ийн хувьцааны төвлөрөл нэмэгдэж 77.28%-д хүрээд байна.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин, засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд улсын үйлдвэрийн газруудыг хувьчлах зорилгоор 1991 онд Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулснаар хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил эхэлсэн билээ. Өдгөө тус цаг үеэс 30 гаруй жил өнгөрсөн бөгөөд сүүлийн жилүүдэд хөрөнгийн зээлд оролцогчийн тоо тогтвортой нэмэгдсээр байна.
2024 оны 5-р сарын байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй олон нийтэд нээлттэй 319 хувьцаат компани байгаа бөгөөд тус компаниудын хувьцаа эзэмшигчдийн тоо давхардсан тоогоор 587,567 байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8%-аар өссөн үзүүлэлттэй байна.

Хэдийгээр сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа боловч тус зах зээлийн хувьцааны төвлөрөл төдийлөн буурахгүй байна.
Хувьцааны төвлөрлийг компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн нийт эзэмшиж буй хувиар хэмждэг бөгөөд компанийн хувьцааны төвлөрөл бага буюу олон жижиг хувьцаа эзэмшигчтэй байснаар компанийн засаглал сайжирч, хувьцааны арилжааны идэвх, хөрвөх чадвар нэмэгддэг.
Харамсалтай нь 2024 оны 5-р сарын байдлаар Монгол Улсын нээлттэй хувьцаат компаниудын хувьцааны төвлөрөл дунджаар 80.16%-тай байгаа бөгөөд тус хэмжээний хувийг дундажаар 3 нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нар эзэмшиж байна. Харин бусад жижиг хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй дундаж хувь нь 19.69% байна.
MSE: ТОР 20 хувьцааны төвлөрөл

2024 оны 5-р сарын байдлаар TOP20 багцыг бүрдүүлж буй компаниудын хувьд жижиг хувьцаа эзэмшигч давхардсан тоогоор 224,812 буюу нийт хувьцаа эзэмшигчдийн 99.98%-ийг эзэлж байна. Гэвч тухайн хувьцаа эзэмшигчид нь нийт хувьцааны 19.04%-ийг эзэмшиж байна. Харин нийт нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид буюу тухайлсан компанийн нийт хувьцааны 5 хувиас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч давхардсан тоогоор 53 байна.Энэ нь нийт хувьцаа эзэмшигчдийн 0.02%ийг эзэлж байгаа боловч тухайн хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцаа нь нийт хувьцааны 80.96%-ийг эзэмшиж байна.

Тус багцыг бүрдүүлж буй компаниудын нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн дундаж тооны 2019 оны 5-р сараас 2024 оны 5-р сарын өөрчлөлтөөс дүгнэхэд багцыг бүрдүүлж буй хувьцааны өөрчлөлт болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тооны бодит өөрчлөлтүүд нөлөөлсөн байна.
Харин жижиг хувьцаа эзэмшигчдийн дундаж тоо 2017 оноос хойш тогтвортой өсөж байсан ч 2024 оны 5-р сарын байдлаар дунджаар 11,241 хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.13%-аар буурсан байна. Үүнд ТОP20 багцад хөрөнгө оруулагчдын нийт хувьцаа эзэмшигчийн тооны бууралт, ТОР 20 багцын бүрдүүлэгч компанийн өөрчлөлт нөлөөлсөн байна.

TOP 20 багц 2024 он 5-р сард өмнөх сартай харьцуулахад нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн тоонд өөрчлөлт гарсан компани байхгүй ч нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны тоонд өөрчлөлт гарсан байна.
TOP 20 багцын хувьцааны төвлөрлийн дундаж нь 80.69% байна. Үүнээс Төрийн банк ХК, Сүү ХК, ХХБ ХК,Таван толгой ХК, АПУ ХК нь хамгийн өндөр төвлөрөлтэй байна. Мөн "ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны тоо 4.0 саяаар нэмэгдэж нийт эзэмшиж буй хувь нь 77.28%-д хүрээд байна. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хувьцаагаа хамах нь цаашдаа хувьцааны хөрвөх чадварыг бууруулах магадлалыг үүсгэдэг. Гэвч "ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ийн 5-р сарын өдрийн дундаж арилжаа өмнөх сараас 155%-аар өсөж 35.3 сая төгрөг болсон бол хувьцааны ханш 2.8%-аар өссөн байна.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Төвлөрлийн судалгаа
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх