Голомт банк анхдагч зах зээлийн захиалгын 2 дахь өдөр захиалга 123%-ийн гүйцэтгэлтэй байна
ГОЛ ӨНЦӨГ
- Голомт банкны анхдагч зах зээлийн захиалга 2022.11.23-аас эхлээд 2022.11.30 хүртэл үргэлжилж байна.
- Анхдагч зах зээлийн захиалгын 2 дахь өдөр Голомт банк ХК-ийн захиалгын тоо 13,626 хүрч, захиалгын дүн татан төвлөрүүлэх дүнгээс 23.0%-аар давж 127 тэрбум төгрөгт хүрлээ. (Давсан дүнгээс хувь тэнцүүлж хуваарилах тул нэмж захиалга өгөх боломжтой)
- 2017 оноос хойш 16 компани IPO хийж, 170 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бол анхдагч зах зээл дээр нийтдээ 74%-аар давсан захиалга авч байжээ.
- Богд банкны хувьд яг төлөвлөсөн дүнгээр захиалга авч байсан бол Төрийн банкны захиалга 2.7 дахин давсан захиалга авч байжээ.
Голомт банк" ХК-ийн шинээр гаргаж байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах юм.
Үнэт цаасны 80 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 20 хувийг олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож байна. Стратегийн хөрөнгө оруулагчид нь 200,000,000 (хоёр зуун сая) төгрөг болон түүнээс дээш үнийн дүнгээр хувьцаа худалдан авч, 6 сарын хугацаанд тусгаарлуулах ба эдгээр хөрөнгө оруулагчдын захиалга бүрэн биелэх нөхцөлтэй байна.
Анхдагч зах зээлд хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд Үнэт цаас гаргагчийн шийдвэрт үндэслэн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны 15 хүртэлх хувьтай тэнцэх буюу 12,060,411 ширхэг хүртэлх хувьцааг давсан захиалгын дүнд үндэслэн нэмж гаргаж болно.
Монголын хөрөнгийн биржид IPO хийсэн компаниудын датаг харахад, 16 компани 1.3-аас 31.7 тэрбум төгрөгийн хооронд IPO хийж байсан ба эдгээр нь 0-с 8 дахин давсан анхдагч зах зээлийн захиалга авч байсан түүхтэй. Үүнээс ЛэндМН нь 5 тэрбум төгрөг татахаар төлөвлөсөн боловч 41 тэрбум төгрөгийн захиалга ирсэн нь хамгийн өндөр захиалга авсан жишээ байсан бол Богд банк, Инвескор, Түмэн шувуут болон Бодь даатгал нь яг төлөвлөсөн дүнгээр захиалга авч байсан нь хамгийн бага захиалгын хувь байжээ. Харин IPO хийсэн банкнуудын хувьд Богд банкны хувьд яг төлөвлөсөн дүнгээр захиалга авч байсан бол Төрийн банкны захиалга 2.7 дахин давсан захиалга авч байжээ. Тэгвэл Голомт банкны хувьд анхдагч зах зээлийн арилжааны 2 дахь өдөр 23%-аар давсан гүйцэтгэлтэй байна.
Харин IPO хийсэн үнийн дүнгийн хувьд өнгөрсөн хугацаанд Богд банк, Сэнтрал Экспресс СиВиЭс, ЛэндМН, Төрийн банк зэрэг компаниуд 33-67 тэрбум төгрөгийн хооронд өндөр дүнгээр амжилттай IPO хийсэн бөгөөд энэ дунд ЛэндМН 36.5 тэрбум төгрөг, Төрийн банк 42.0 тэрбум төгрөгөөр татан төвлөрүүлэх төлөвлөгөөнөөс захиалга нь давсан нь өнгөрсөн хугацаан дахь хамгийн өндөр эрэлттэй байсныг илтгэж байна.
2017 оноос хойш хийгдсэн эдгээр 16 IPO-н анхдагч зах зээл дээр иргэд, аж ахуй нэгж нийлээд хамгийн багадаа 350, хамгийн ихдээ 9,643 захиалга өгч байсан байна. Энэ нь нэг IPO дээр дунджаар 2,734 орчим захиалга ирсэн гэсэн үг юм. Харин голомт банкны захиалгын тоо 13,626-д хүрснээр хамгийн өндөр захиалгатай IPO болж байна.
ГОЛОМТ БАНК ХК IPO: АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫН ЯВЦ
Банкны Реформертой холбоотойгоор Системийн нөлөө бүхий 2 дахь банк IPO хийж байна. Голомт банк ХК нь 2022.11.23-аас 30-ны өдрийн хооронд анхдагч зах зээлийн захиалга авч байгаа ба 2 дахь өдрийн захиалга нь төлөвлөсөн 103.3 тэрбум төгрөгөөс 25%-аар давсан гүйцэтгэлтэй явж байна. Захиалгын дүн давсан хэдий ч 11-р сарын 30-ныг дуустал захиалга өгөх боломжтой бөгөөд энэхүү давсан захиалгын дүнг олон нийтэд хувь тэнцүүлэн хуваарилах тул та бүхэн амжиж захиалгаа өгөөрэй.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үг:
Таван Богд Капитал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
99****37
Medeelel awii
0
0
Сэтгэгдэл үлдээх